Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдлээ
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм.
Энэ хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийж, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Ингэснээр таван жилийн өмнөөс яригдсан Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж, алслагдсан хоёр орон агаарын тээврээр холбогдох дөт гарцтай боллоо.
Мөн агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдлээ. Монгол улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломж бүрдэв. Хоёр тал Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Монгол Улс 42 дахь улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх улсын нэгээр нэмэгдлээ” хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт онцолсон байна.