Г.Ёндон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчдынхаа шахалтанд орлоо
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлаар одоогоос жил хэртэйн өмнө буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон томилогдон очиж байлаа. Тэгвэл яг жилийнхээ босгон дээр тэр ажилчдынхаа шахалтанд ороод байна.Өчигдөр үдээс хойш Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас энэ сарын 30-наас эхэлж 30 хоногийн хугацаанд ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа мэдэгдлээ. Цаашид шаардлага биелүүлэхгүй бол цар хүрээгээ тэлнэ гэдгийг мэдэгдэв.Уурхайн ажилчид цалингаа нэмүүлэх, тэтгэвэрт гарч буй ажилтнууд хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг өмнөх жишгийг дахин сэргээх, ажилчдын хувцас хэрэглэлийг цагт нь нийлүүлэхийг шаарджээ. Тус үйлдвэрт удам дамжсан уурхайчин гэх ойлголт бий. Ахмад ажилтан тэтгэвэрт гарахдаа хүү эсвэл охиноо үйлдвэрт ажилд оруулдаг бичигдээгүй хууль байсныг халжээ. Учир нь мэргэжлийн бус, ажлын байрны шаардлага хангаагүй ажилчид олширсон байна. Харин ахмад ажилчид энэ шийдвэрийг эсэргүүцжээ.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тухайд саяхан олон улсын Хүний нөөцийн менежментийн тогтолцооны MNS ISO 30400 багц стандартыг амжилттай нэвтрүүлэн, баталгаажуулалтын гэрчилгээгээ хүлээж аваад байсан. Гэтэл ажилчид нь ийнхүү ажил хаялт зарлахаа мэдэгдсэн нь өмнө тогтсон арга барилаараа ажиллахыг хүсч, шинэ стандарт менежментийг эсэргүүцэж буй бололтой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.0-113.9%-иар давуулан биелүүлж ажилласнаас 19.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100%-иар, 18.5 сая тонн хүдрийг боловсруулж, төлөвлөгөөг 100%-иар, 302.7 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 101.6%-иар, 2.97 мянган тонн молибдены баяжмал төлөвлөөг 113.9%-иар биелүүлсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэ оны эхний хагас жилийн нийт орлого 2 их наяд 87,2 тэрбум төгрөгт хүрч, нийт зардлыг төлөвлөснөөс 33,1 тэрбумаар хэмнэн 548,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт нийт 858.3 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн гэх статистик мэдээлэл байна.
Үр ашигтай ажиллагаа нь нэмэгдэж байтал ийнхүү ажилчид ажил хаяхаа зарласнаар Г.Ёндон шахалтанд ороод байна. Хэрэв тэр ажилчдынхаа шаардлагыг хүлээж авахгүй бол нэг сарын хугацаанд 470 орчим сая төгрөгийн орлого тасрах эрсдэл үүсээд байна. Харин ажилчдынхаа шаардлагыг хүлээж авбал Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны зардал нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн хүний нөөцийн менежментийн бодлого нь алдагдахад хүрээд байна.