З.Батбаяр: Бага ч гэсэн тулах цэг олдсоныг ашиглаад дорвитой хөшүүрэгдэж ажиллана

0

Усны газрын даргаар томилогдсон З.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр энэ долоо хоногт ажлаа авсан юм. Үүний өмнө Унгар улсад суух Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашсанаар нь олон нийт сайн мэдэх билээ.

-Унгарын Элчин сайдаас бууснаас хойш өнөөг хүртэл та юу хийв?

-Төрийн алба хашаагүй. “Шихихутуг” хууль зүйн сургуульд судалгаа хийлээ. Би өөрөө хуульч мэргэжилтэй. Олон улсын эрх зүй, нөгөө талаар байгаль орчны, тэр дундаа усны эрх зүйн чиглэлээр судалгаа хийсэн.

-Усны газарт та орлогчоор ажиллаж байсан юм билээ?

-2005 онд даргын үүрэг гүйцэтгэгчээр, дараа нь орлогчоор томилогдсон. Энд 12 жил ажилласан.

-Таныг элчин сайдаар сайн таньдаг ч үнэндээ өнөөдрөөс өмнө та усны салбарт их холбоотой ажилласан намтартай. Та усны салбарт юу хийсэн бэ?

-Олон Батбаяр байдаг учраас урд нь тодотгол нэмж хэлэх нь элбэг. Намайг “Усны” Батбаяр гэдэг. 1990 оноос хойш Монгол Улс усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагагүй явж ирсэн. Харин 2001 онд Усны тухай хууль баталж, үүндээ усны асуудал хариуцсан байгууллага байгуулахаар тусгасан. Би хуульч хүнийхээ хувьд энэ Усны тухай хуулийг анх боловсруулахад оролцож явсан. Мөн 2005 онд Усны газарт томилогдож ажиллаад, 2012 оны Усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг барьсан гэж хэлж болно. Би ганцаараа биш шүү. Маш зоригтойгоор хэлэхэд тийм.

Хоёрдугаарт, 1999 оноос хойш яригдаж ирсэн Ус бохирдуулсны тухай хуулийн ард мөн голчлон ажилласан. Гуравдугаарт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль доторх Ус, рашаан ашигласны төлбөрт хамаарах хэсэгт мөн ажилласан. 2005-2012 оны хооронд, усны салбарт хамгийн түрүүнд эрх зүйн бүтцийг нь бий болгоход оролцсон гэсэн үг. Сая дурдсан хуулиуд дээр үндэслэж, Монгол Улсын нутаг нийт дэвсгэр даяар Сав газрын захиргаа гэдэг бүтцийг байгуулсан. Унгар, Голландын усны салбарын бүтцийн сайн талыг Монголын хөрсөнд буулгасан нь энэ л дээ. Тэр үед бид Монгол Улсад усны нөөцийн нэгдсэн менежментийг (IWRM) хөгжүүлэх Голландын төслийг хэрэгжүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл 1985 онд Унгар, ЗХУ-ын эрдэмтдийн тусламжтай БНМАУ-ын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах схем анх гарч байсан. Яг үүнтэй адил том хэмжээний ажлыг 21-р зууны 10-аад онд бид хийсэн нь энэ. Энэ үедээ урьд нь байсан болон одоо бид яах вэ гэдэг мэдээллийг цуглуулсан. Харагдах хэлбэр нь л сая дурддаг гурван хууль. Үр дүнд нь манай усны салбар хуультай, орон нутагт хөлтэй, санхүүжилтийн бүтэцтэй болсон.

-Сав газрын захиргааг та их онцолдог юм билээ?

-Өмнө нь байгаль орчинд холбогдох татвар, хураамжийг аймгаар буюу улсын засаг захиргааны нэгжээр нь төвлөрүүлдэг байсан. Харин тэр өөрчлөлтөөр голоо дагаж, 29 сав газарт хувааж, сав газар тус бүрд менежментийн төлөвлөгөө бий болгохын эхлэл тавигдсан юм. Санхүүжилттэй, бодлоготой. Сав газраа хамгаалдаг. Үүний дээр Сав газрын зөвлөл хэмээх бүх эрх ашгийн төлөөллийг багтаасан бүтэц ч бий болсон.

2012 онд Усны газрыг ч татан буулгасан, манай төсөл ч дууссан. Дараа нь Элчин сайд болсон. Нэгэнт сонирхол болчихсон болохоор энд тэнд очихоороо ус л судалж явсан. Дээр нь Унгарт сургууль төгссөн, хэл усыг нь мэднэ. Дэлхий дээр Израиль, Унгар, Голланд энэ чиглэлдээ мундаг. Израиль усгүй орон учраас “Яаж ус татах вэ”, Голландууд нам дор газар байрладаг учир “Уснаас яаж хамгаалах вэ”, Унгар томоохон гол мөрөнтэй мөртлөө ган гачиг их тохиолддог учир “Энэ хоёрыг яаж хослуулах вэ” гэдэг тал дээрээ сайн. Би бараг хобби маягаар ч олон судалгаа хийсэн гэж болно.

Өөрийгөө энэ салбарт бэлтгэгдсэн гэж үзэх шалтгаан нь, глобал түвшинд усны салбар яаж явж байгаа талаар мэдлэг мэдээлэл цуглуулсан. Өөрийгөө магтаж буй хэрэг биш юм шүү. Усны асуудлыг дэлхийн түвшинд ярьдаг. Нэг улсын хэмжээнд салгаж тавьдаггүй. Ерөөс усны “улс төр” буюу policy нь дэлхий өөрөө нэгдсэн бодлоготой байх шаардлагатайг анхаарч байна. Дэлхий даяар урсаж буй ус нэг шүү дээ.

Ус гэхээр нэг хэсэг нь зөвхөн инженерийн ажил гэж боддог. Нөгөө хэсэг нь, бодлого хэрэггүй, тэртэй тэргүй байгалийн нөөц тул ашиглана л гэдэг. Гэтэл гурав дахь хувилбар буюу бүх салбар устайгаа нийцэж, уялдах ёстой гэдэг. Хот байгуулахын тулд усаа харна.

Ер нь олон улсад усан дээр хоёр л асуудал бий гэж үздэг. Нэг бол хэт ихэсдэг, нэг бол хэт багасдаг. Их үед нь яаж хамгаалах вэ, хуримтлуулах вэ, хуримтлуулснаараа бага үед нь хэрхэн ашиглах вэ гэдэгт анхаардаг. Үер, ган бол зоосны хоёр тал.

Нүүдэлчид бид их өөр маягаар амьдарч ирсэн. Усыг нөөцлөх биш хамгийн цэнгэг усан дээр бууж, богино хугацаанд бохирдуулалгүй ашиглаад нүүдэг. Суурин соёл иргэншилтэй хүмүүс болохоор аль болох усаа өөрсдөдөө нийцүүлж амьдрах зорилготой.

Би монголчуудаа хот байгуулаад дөнгөж 70 жил болж буй гэж үздэг. Учир нь 1950-иад оны үед л анх цэвэр усны хоолой тавигдсан шүү дээ. Тэр суурин амьдралын менежмент бидний сэтгэлгээнээс асар өөр юм. 1980-аад оны үед л усны салбарт анхаарч, холын менежментийг ярьж байж шүү дээ. Бид хожим 2012 онд дахин шинэчилсэн гэсэн үг. Одоо энэ ажлыг аваад хамгийн түрүүнд 2012 оны тооцоолол, прогнозоо тулгаж байна. Ихэнхдээ ханатай байна. Гэхдээ тооцоолсноос муу байх талтай. Хүн ам тооцоолсноос ихэссэн, ус ч илүү бохирдож. Улаанбаатарчууд өнөөдөр секундэд 4000 литр ус хэрэглэж байгаа.

-Үер болсон учраас энэ чиглэлд эргэж харах эерэг боломж ч бий болчихлоо. Таны өмнө үерээр тогтохгүй олон багц асуудал тавигдана. Анхаарал татсан сэдэв хэвээр учир, үерээр ярилцлагаа үргэлжлүүлье. Та энэ тал дээр өөрийн байр суурийг товч илэрхийлээч. Одоогоор зөвшөөрөл шийдвэрийн болон газрын, барилгын асуудлыг хөндөж байна. Та бол усан сан байгуулах нь чухал гэдэг юм билээ?

-Орчин үеийн шинжлэх ухаанд үерийг хэлбэрээр нь зургаа ангилдаг. Гурав нь манайд байхгүйтэй адил. Манайд байгаа нь, голын үер байна. Голын  усны түвшин голдирлоо давж урсахыг хэлж буй. Энэ хамгийн аюултай. Хоёр дахь нь уруйн үер буюу уулын үер. Гурав дахь нь шар усны үер. Хөрсний ус нэвчиж гарч ирдэг. Манайд хөрсний ус нэвчих нь бага ч цас хавар цагт хайлж шар усны үер болдог.

Хот доторх үер манайд байдаггүй байсан ч сая магадгүй бий боллоо. Үүний үндсэн шалтгаан усны урсцыг саатуулсантай салшгүй холбоотой. Барилга бариад хаах. Эсвэл жалга юм уу урсдаг газрыг нь дүүргэх, хаах. Бид голын эрэг дээр амьдарч байгаа тохиолдолд урсах боломжийг нь л хангаж өгөх ёстой. Ширгэж байна гээд барилга бариад эхэлж болохгүй. Улсын их дэлгүүрийн доор өндөр өндөр мөс овойж хөлдсөн байдаг. Учир нь дээхэн үед Баруун Сэлбийг боож, урсцыг нь хаасан тэр замд Улсын их дэлгүүр бий. Одоо ч мөс хөлдөж байна гэдэг бол бага хэмжээний үер мөн. Өнгөрсөн өвөл ч айлууд үерт автсан. Хөрс нь овойгоод босоод ирсэн.

Харин үерийн эрсдэлээс сэргийлэх үндсэн арга бол ерөөс усан сан байгуулах. Усан сан барьсны дараа голын усны урсац үертэй үед ч, гантай үед ч тогтмол байдаг.

Бүр дэлгэрэнгүй яривал, усны менежмент гэдэг бол нэгдүгээрт гол усны хамгаалалт. Хамгаалалтын бүсээ тогтооно. Усыг бохирдохоос, хомстохоос болон үерийн аюулаас сэргийлэх зорилгоор онцгой хамгаалалтын бүсээ тогтоодог. Гэтэл энэ хамгаалалтын онцгой бүс дотор олон байшин барьчхаж. Тэгэхээр хамгийн эхний бөгөөд энгийн арга нь нөгөө тогтоосон хамгаалалтын бүсээ чөлөөлөх. Тэнд баригдсан хашаа, барилга байгууламжуудыг нураана гэсэн үг. Нураахгүй гэвэл голын голдирлыг өөрчилнө. Голдирол өөрчлөх хямд зардалтай юу. Эсвэл нэг юм уу нэжгээд байшинг нураасан нь хямд уу. Хариулт ойлгомжтой.

Хамгаалалтын бүс дэх жорлонг нурааж болж байгаа бол барилгыг ч нураах ёстой гэдэг зарчим бий.

Залуустаа хэрэг болгож ярихад, Сэлбэ гол өмнө нь Долоон буудлын хавьцаа хоёр салаалж урсдаг байсан. Бид барууныг нь хаагаад, Ногоон нуур байгуулсан. Одоо нуур байсан газрыг ширгээгээд дээр нь бас л өндөр өндөр барилга барьсан. Баруун Сэлбэ урсдаг байсан голдирлыг шахаад ч барилга барьсан. Нэг л өдөр их ус орж ирвэл уг нь түүгээр урсана. Харин Зүүн Сэлбэ буюу өнөөдрийн Сэлбэ гол байгалийнхоо тогтцоор бараг 90 градусаар огцом эргэж урсдаг. Эргэдэг хэсэгтээ хурд нь саарч, их хэмжээгээр ус төвлөрдөг бөгөөд улмаар үерийн аюул үүсдэг.

Улаанбаатар хотын хэмжээнд ийм онцгой хамгаалалтын бүсэд 2083 байшин, 2041 хашаатай нэгж байна. Бүгд их, бага хэмжээгээр голын урсцад нөлөөлнө гэсэн үг.

Үерийн аюул бол усанд хүн живж үхэх эрсдэлээр зогсохгүй. Халдварт өвчин дэгддэг. Өнгөрсөн долоо хоногт Зайсангийн нэг хотхоны ундны уснаас дөрвөн төрлийн бактер илэрсэн. Нэг нь усыг буцалгасан ч тэсвэртэй үлддэг гэдэсний савханцар. Дээр нь сульфид илэрсэн, энэ ихэвчлэн жорлон буюу хүний ялгадаснаас илэрдэг л дээ. Үерийн ус урсахдаа жорлонгийн бохирдлыг тээнэ.

Би ер нь айлуудыг дураараа худаг ухахад нь их тааламжгүй ханддаг. Худгийнх нь дэргэд жорлон байж байдаг. Төвлөрсөн усан хангамжтай газар ядаж хэнийг загнах нь тодорхой. Манайд бол УСУГ шүү дээ. Харин ямар газар аюултай вэ гэхээр нөгөө хувийн худагтай газар. Тэгэхээр бас худгийг хүртэл хамгаалах л ёстой юм. Эргэн тойронд нь жорлон болоод байшин барилга барьж болохгүй. Худгийн усыг цэвэр гэж боддог нүүдэлчдийн сэтгэлгээ хэвээр.

Нэг хүн өдөрт 500 гр өтгөн гаргадаг гээд бодвол, Улаанбаатарын 1.5 сая хүнд үржүүлээд үз дээ. Тэд байгальд шингэнэ. Угаадаг юм нь ус. Улаанбаатар хойноосоо урагш уруу газар байрладаг. Гэр хороолол нь хойноо бий. Бүх нүхэн жорлон борооноор угаагдан урсдаг. Би 680 мянган нүхэн жорлон бий гэж тоолдог. Гэтэл 12 мянган худаг байгаа. Тэгээд бод доо. Нэг худгийг тойроод 30-40 жорлон байна. Ингэхээр үер гэдэг юмыг бид энэ утгаар нь ойлгох ёстой. Дөнгөж шагайгаар татах ус ороод ирэхэд л тэр бол эрүүл ахуйн аюул.

-Та ажлаа аваад удаагүй байна. Уг нь одоо Нийслэл, ЗГ аль аль нь усны салбарт анхаарах асуудлыг дэмжиж байна. Та яг ямар арга хэмжээг нэн тэргүүнд авна, санал дэвшүүлнэ гэж тооцож байгаа вэ?

-Хамгийн түрүүнд нөгөө хамгаалалтын бүсээ тогтооно. Тэгээд ард иргэддээ “Та хамгаалалтын бүсэд амьдарч байна” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Бидний үндсэн үүрэг хуулиа л хэрэгжүүлэх. Хуулиудад бол хамгаалалтын бүсийг тогтоох нь Усны газар болон дээр дурдсан Сав газрын захиргааны үүрэг. Хамгаалалтын бүсээ тогтоосны дараа түүнийг хэн баталгаажуулж, нийтээр дагаж мөрддөг болгох вэ гэхээр нийслэл, аймаг, сумын ИТХ. Гэтэл одоогоор ганцхан Говь-Алтай аймаг л үүнийг нийтээр дагаж мөрдөх журам болгосон байна. Бусад аймаг тэгээгүй.

Өнөөдөр байшин нураана гэж ярьж байгаа нь бидний хувьд асар том дэвшил. Тогтоосон хамгаалалтын бүсээ дараа нь хамгаалах хэрэгтэй, тийм үү. Энд нөгөө нураах гэх үү, шилжүүлэх гэх үү ажил зайлшгүй хийгдэнэ.

Дээр нь нэмээд, ойлголтуудыг өгмөөр байна. Наймдугаар сарын 5-ны үер үндсэндээ жалга байсан газрыг битүүлснээс үүдэлтэй. Усны хамгаалалтын бүс гэхээр ус байгаа газрыг л боддог. Уул уурхайн компанийнхан ялангуяа “Нэг муу хуурай сайр байна билээ. Хамаагүй” гэж ярьдаг. Мэргэжлийн үүднээс авч үзвэл хуурай гэж ойлгодог жалга, судаг, сайр ч мөн хамгаалалтын бүсэд орох ёстой. Үүнийг ард иргэддээ ойлгуулмаар байна. Битгий үерийн аман дээр буу гэхээсээ үерийн ам, үер, жалга гэж юу вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна  л даа.

Хамгийн эхний алхам ядаж хэвлэл мэдээллийн байгууллагадаа ойлгуулахыг чухалчилна. Миний хувьд үндсэн арга хэмжээ бол нөгөө усан сан байгуулах. Зарим архитекторууд санал нэгддэггүй л дээ. Саримс 99 сайн талтай, нэг муу нь үнэр гэдэг. Усан сан яг үүний л ижил. Муу тал нь хүний гар голд хүрч буй.

Усан сан голын үерээс хамгаална. Хуримтлуулж, гантай үед хэрэглэх нөөц бүрдүүлнэ. Усан сантай болж, үүгээр усан хангамжаа шийдээд ирсний дараа дала барих, бэхжүүлэх ажлыг хиймээр санагддаг. Үерээр жишээлээд л байгаа болохоос, усан сан хэрэглээний нөөц бүрдүүлнэ. Бид Улаанбаатар хот  маань ундны усны нөөцгүй болж байгааг санууштай.

-Танд яг ямар эрх мэдэл очих вэ гэдэг асуудал байна. Таны гарын үсэг, тамга тэмдэг хаана хүртэл үйлчлэх юм бэ гэж?

-Дээр дурдсанчлан төрийн албан хаагч хуулиар олгогдсон эрхээ л эдэлдэг. Мэдээж нөгөө талдаа үүрэгтэй. Гарын үсэг зурах эрхтэй бас үүрэгтэй. Иргэн гомдол гаргасан тохиолдолд хариу өгөх үүрэгтэй биз. Зөвхөн хуулийн хүрээнд энэ бүгд явна. Таны асуудаг гарын үсэг, тамга тэмдэг бол хуулиа хэрэгжүүлэхэд л үйлчилнэ. Хамгаалалтын бүс тогтоох хүсэлтээ ИТХ-д  гаргана гэсэн үг. Би бол хүсэлт өгчхөөд суух биш тэд нартаа очиж ойлгуулахыг оролдоно гэж үзэж байна.

Туул голд усан сан барихад 800 орчим сая ам.доллар хэрэгтэй. 2.4 их наяд төгрөг. Нэг агентлаг байтугай яамны төсөв хаанаа ч хүрэхгүй. Тийм болохоор ухаалгаар хөрөнгө мөнгө босгох хэрэгтэй болж байна. Бизнесийн утгаар нь хөрөнгө босох боломжгүй. “Монгол Улс Евразийн зүрхэнд байрлаж байна. Энд экологийн асуудал үүсвэл Байгаль нуур эрсдэлд орно. Байгаль нуур өөрөө дэлхийн цэнгэг усны дөрөвний нэг” гэх мэтээр хөрөнгө оруулагчдад ойлгуулах шаардлагатай. Усан сан байгуулах бол бизнес биш. Хөрөнгө оруулсны ашгаа авна гэж амлах аргагүй. Энэ бол түрүүнд дурдсан усны “улс төр”.

Нэг таагүй судалгаа хэлэхэд, 2035 он гэхэд Монгол Улсад мөнх цастай уул байхгүй болно гэсэн прогноз бий. Уулын мөнх цаснаас голууд эхээ авдаг. Хайлж дуусвал голууд ширгэх аюултай. Алтайн нуруунаас эх авдаг үндсэн гол бол урагшаа Булган, хойшоо Ховд гол. Зөвхөн Ховд гол дээр яривал цаашлаад Хар ус, Хар, Дөргөн нуур эрсдэлд орно. Бүхэлдээ их нууруудын хотгор экологийн сүйрэлд орно. Ховд гол дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцэх хүн байхгүй байлгүй дээ. Тэнд усан сан баригдана шүү дээ. Хэдий чинээ өндөрт усан сан баригдах хэрээр ууршина, тэр хэрээр усны эргэлт сайжирна. Ууршаад бороо болж бууна. Тийм болохоор эдгээр ойлголтыг 10-р ангийн хүүхдээс бодлого тодорхойлогчдод ойлгуулах нь хамгийн чухал байгаад байна. Бүх ард түмнээрээ ингэж нийлсэн тохиолдолд энэ ажил явна.

Хүмүүс бизнесийн төсөлтэй холбож андуураад байна. Усаа хуримтлуулдаг болсны дараа л бизнесийн ашиг олох боломж бий болно. Хэрэв их нууруудын хотгор аюулд учирвал Хяргас нуур үлдэх юм. Учир нь Завхан голын дэргэд усан сан буюу Гэгээн нуурыг байгуулсан. Тэгэхээр тэр усан сангийн буянаар Хяргас нуур тэжээгдэнэ гэсэн үг. Усан сан барих нь гол, нуурын насыг уртасгаж буй хэрэг. Төр улс үүсэж эхэлсэн 5000 жилийн хугацаанд сүүлийн 300-400 жилд нь үсрэнгүй хөгжсөн. Ингээд сая ямар аюултай нөхцөлд ирснээ ойлгож эхэлж байна. Энэ ойлголттой ядаж зэрэгцэж очих ёстой. Зөвхөн монголчуудын гэхээсээ хүн төрөлхтний ч асуудал юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дандаа усны арвин нөөцтэй. Арабыг усгүй учраас бүрэн утгаар нь өндөр хөгжилтэй улсад тооцдоггүй. Бусад том орнууд дандаа далайд гарцтай, усны асар их эх үүсвэртэй. Гэхдээ БНХАУ-ын газар нутгийн ихэнх нь усны хомстолтой учир гурван хавцлын усан сан байгуулсан. Усан цахилгаан станц ч гэсэн тэд өөрсдөө “Усан сан” гэж бичдэг юм билээ шүү.

Дээрээс нь Монгодл өвөл, зуны улирлын агаарын температурын зөрүү асар их. Бараг л 80 градус. Өдөртөө ч асар их хэмжээнд хэлбэлздэг. Ийм сонин, эрс тэс уур амьсгалд бидэнд илүү их хэмжээний чийгшил хэрэгтэй. Агаарын чийгшлийг ч нөгөө усан сан байгуулах замаар шийдэх боломжтой.

-Тамга тэмдэг ярьсан нь ажил явахгүй байх эрсдэлд санаа зовсных л доо?

-“Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг С.Зориг агсны үгэнд л үнэмшиж явмаар байна. Хүн мэдэхгүй юмандаа дайсан гэдэг. Тэгвэл мэдэхгүй юмыг нь ойлгуулъя.

Нэгэнт хамгаалалтын бүсэд барилга баригдаж, айл өрх суурьчихсан учир ИТХ дээр олон асуудал үүснэ л дээ. Хэлж ойлгуулах нь л бидний үүрэг. Хүч чадал хүрэхгүй гэж хэлээд суухын оронд, өнөөдөр бага хэмжээний ч болов тулах цэг авчихсан учир одоо хөшүүрэгдэж өргөх л хэрэгтэй байна. Инженерийн бүтээн байгуулалтаас илүү соён гэгээрлийн ажлыг хийх хэрэгтэй байна. Хүнд гэдгийг ойлгож байна, гэхдээ улс орон бүр үүнийг хийж чадаж байна. АНУ асар их хэмжээний санхүүжилтийг ус хуримтлуулах ажлын хөрөнгө оруулалтаа нэмэхэд зарцуулна гэж мэдэгдсэн. Сая маш их хэмжээгээр халлаа шүү дээ. Их хэмжээний халуунаас үүсэх эрсдэлээс сэргийлэх үндсэн аргыг усны хуримтлал гэж тэд үзэж байна. Зөв санаж байгаа бол АНУ 26 мянга гаруй том хэмжээний усан сантай. Дахиад нэмнэ гэж ярьж байна. Гэтэл бид дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн ганцхан усан сантай. Тэр нь Гэгээн нуур.

Тэгэхээр байгаль орчны байгууллага гэхээр хувийн хэвшлүүд дээр очоод л хааж, хориод байхдаа чухал биш. Мэдээж хаана, үзэлцэнэ, янз янзын юм болох байх. Харин мэргэжлийн шийдэл бөгөөд болж буй процессыг сайн ойлгуулах нь илүү чухал. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Усны газарт ард иргэдийн дэмжлэг сайжирч ирсэн байна. Шийдвэр гаргах түвшний хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Мөн Усны газрын дэргэд өндөр хүчин чадалтай лаборатори байгуулагдсан байна.

Үндсэндээ бид 70 жилийн хугацаанд хөгжил гэж бодож ирсэн зүйлийнхээ сөрөг нөлөөллийг сааруулах гэж байна. Байгалийнхаа жамаар энэ бүхэн 300-400 жилд л сэргэнэ.

Танай үеийнхэн шүдээ угаахдаа ч усаа хэмнэдэг байж магадгүй. Жаахан байхад чинь усаа хэмнэх тухай анхны яриа, мэдээллүүд явсан. Одоо бид хоёрын яриаг 10, 15 настайдаа уншиж буй залуус олон жилийн дараа томоохон компаниудыг удирдана. Тэр үедээ ус хэмнэх сэтгэхүйтэй ажиллана. Энэ л мөн үндсэн арга зам юм даа.

-Зөвхөн үерээс гадна тодруулах хэдэн зүйл байна. Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрийг нэмсэн байдаг. Гэтэл жишээ татахад л “Оюу толгой” 2009 оны гэрээг барьж, шинэчилсэн төлбөрийг баримталдаггүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниудын ус ашиглалтыг хэрхэх вэ?

-2006 онд “Бороо гоулд” 1 м.куб усанд 6 мөнгө төлдөг байсан. Бид үүнийг 2 төгрөг болгосон. Тэр үед хүмүүс “Дөнгөж 2 төгрөг аваад байхдаа яадаг юм” гэж шүүмжилж байсан л даа. Тэдний зөв. Гэхдээ хэд байсныг хэд болгож чадсан нь чухал.

2005 оноос хойш усны төлбөрийн асуудлыг тавьж, ямар ч байсан уул уурхайн компаниудаас төлбөр авч эхэлсэн. Нэг хэсэг тогтвортой байдлын гэрээг уул уурхайн компаниуд их байгуулсан. Анх гэрээ байгуулсан үеийн хуулиар л татвар төлнө гэж. Татвар дотор усны төлбөр багтана. Миний багцаагаар одоо энэ асуудал гайгүй болсон байх ёстой. “Оюу толгой” өнгөрөгч онд 14-15 тэрбум төгрөгийн усны төлбөр төлсөн байна. Дээрээс нь “Оюу толгой” усныхаа 80 хувийг дахин ашиглаж байгаа.

Одоо бид усны дүгнэлтүүдийг гаргана. Тэр үедээ говийн компаниудад санал тавина. Усан сан байгуулах ажилд оролцооч гэж. Нэг дор их хэмжээний хөрөнгө оруулалт гаргаж, усан сан байгуулахад туслаач. Тэгээд тэндээс усны хэрэгцээгээ үнэгүй хангадаг болооч гэж. Хэдий болтол гүний усыг их хэмжээгээр, зардалтайгаар ашиглах вэ.

Бидний үндсэн бодлого бол усны төлбөрийг алхам алхмаар нэмэгдүүлэхэд чиглэнэ. Дусал усны үнэ өдөр бүр нэмэгдэж байна. Уул уурхай хэзээ харьцангуй эрүүлээр ажиллаж эхлэх вэ гэхээр, усан сангаас болон гол, нуураас усаа татдаг болсон цагт. Хэрэвзээ болдог бол, бид байгалийн нөөцөө ашиглаж мөнгө олмоор байгаа юм. Баялаг биш нөөц. Тэр нөөц бол ус, усаа хуримтлуулаад зардаг болох. Мэдээж түрүүнд дурдсанчлан асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай ажил.

-“Оюу толгой”-г жишээ татах хүрээнд ярилаа.

-Тийм. Харин алтны шороон ордныхон бол гол усыг устгаж байгаа. Тэнд лиценз өгөх асуудал яригдаж байгаа бол алт үнэтэй юу, гол үнэтэй юу гэдэг асуултыг тавих ёстой. Хэдэн ч тонн алтаар голыг солих боломжгүй. Харамсалтай нь хориглохоор нинжа хэлбэрээр орж ирдэг. Тийм болохоор л голуудыг эзэнжүүлэхийн тулд нөгөө сав газрын захиргаа, зөвлөл гэдэг бүтэц ажиллах юм.

-Малчдын өмнөөс бас асуумаар байна. Говьд нүдний өмнө худаг ширгэж, бороо орохоо больж, цөлжиж байна. Тэнд лиценз авсан уул уурхайн компаниуд “Усны ийм хангалттай нөөц байгаа, ухлаа гээд усгүй болохгүй” гэдэг дүгнэлт үзүүлээд байдаг. Ингэхээр малчид итгэдэггүй. Тэр дүгнэлтүүд хэр бодитой байдаг юм бэ гэж?

-Усны газар ус ашиглуулах дүгнэлт гаргах эрхтэй. Эрхтэй учраас бас гаргаж өгөх үүрэгтэй. “Тийм хэмжээний ус ашиглаж болно”, “Ашиглаж болохгүй”, эсвэл ашиглах хэмжээг нь багасгаж тогтоох гурван янзын дүгнэлт гаргана. Боломжит нөөцийг нь бид тогтооно. Дүгнэлтийг жил бүр шинэчлэн гаргана. Үүн дээр гомдол байгаа бол ерөөс уул уурхайн компани, малчин хоёр Сав газрын зөвлөл дээрээ сууж байх ёстой. Мэтгэлцэх ёстой. Тэгээд Сав газрын захиргаа зөвлөлийнхөө саналыг тусгаж, бидэнд илгээнэ.

Харамсалтай нь тэмцэл хэлбэрт орчхоод байдаг. Ширээний ард суухаараа ус биш цэцэрлэг барьж өглөө гэдэг юм ярьчих гээд байдаг талтай. Тэгэхээр хуулийнхаа хүрээнд ажиллая гэвэл Сав газрын зөвлөл гэдэг байгууллагыг амь оруулмаар байгаа юм. Энэ бол олон нийтийн хяналт, оролцоо.

Бидний хувьд бас нэг гарц бий. Ган, цөлжилт, хуурайшилтын үед авах арга хэмжээний журам батлагдсан. Хэрэв ган, цөлжилт, хуурайшилт явагдаж байгаа нь тогтоогдвол тэр хугацаанд ус ашиглахыг хориглох эрхтэй. Хэдийгээр тухайн уул уурхайн компанийн технологи нь болж байгаа ч гангийн нөхцөл байдал бүс нутагтаа эрсдэл үүсгэхээр байгаа тул ингэж болно.

Уул уурхайн компаниудаас гадна машин угаалгын газрууд руу одоо орж чадахгүй л байна. УСУГ машин угаалгын газруудад ус өгдөг. Тэд бидний уудаг усаар машин угаадаг. Тийм болохоор машин угаалгын газрууд ус бохирдуулсны төлбөр төлөх ёстой. Нэг үгээр УСУГ-аас ус авч байгаа зочид буудлууд, машин угаалгын газрууд, арьс ширний үйлдвэрүүд ус бохирдуулж байна. Ийм болохоор УСУГ ус бохирдуулсны төлбөрийг тэр газруудаас авах учиртай. Машин угаалгын газар усны үнэ нэмэгдвэл авах усаа багасгаад, хэрэглэсэн усаа шүүж, дахин ашигладаг болно. Зардал бүр багасна, ашигтай болоод ирнэ. Гэвч УСУГ ус бохирдуулсны төлбөр авахгүй гэхээр л энэ ажил гацчихдаг.

Нэг эмгэнэлтэй жишээ хэлье. Улаанбаатарын нэг таван одтой зочид буудал ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй. Учир нь таван одтой зочид буудлын стандартад тусгагдсан байдаг. Харин манай тэр зочид буудал уг төхөөрөмжөө ажиллуулдаггүй. Учир нь гурван хүн цалинжуулна, тэр нь уснаасаа өндөр зардалтай гэж тайлбарладаг. Ард иргэд бол усыг хямд авах ёстой нь үнэн. Харин зочид буудал өөр. Дэлхийн стандарт ийм л дээ. Хувийн байгууллагууд ашиг олохыг л бодно, буруутгах аргагүй. Гэхдээ иргэдийн асуудал дээр мөнгө хийж болохгүй. Ахуйн үйлчилгээний салбар, усны захиргааны байгууллага нэг завин дээр сууж, нэг тийш харах хэрэгтэй гэсэн үг. Усны тухай асуудалд жижиг эрх ашгийг ярьж ер болохгүй. Нэг компанийн, нэг байгууллагын. Учир нь усны эзэн бол бүх хүн.

-Зочид буудал усаа цэвэршүүлж ашиглах ёстой гэхээр?

-Ер нь хүн гадаад, дотоодод зочид буудалд буухаараа усыг нь хайрладаггүй. Түүнчлэн зочид буудлын нэг барилгад хэчнээн ариун цэврийн өрөө байгаа билээ. Гэтэл сургууль, цэцэрлэгт хэд билээ. Тийм болохоор нийтээр нь авч үзээд, сургууль цэцэрлэгээс усны төлбөр нэмж авах, эсвэл дахин ашиглахыг шаардах утгагүй. Зочид буудал дээр арьс ширний, ноосны, өлөнгийн үйлдвэрүүд хийгээд машин угаалгын газрууд нэмэгдээд орж ирнэ.

-Сүүлд нь Улаанбаатар хотын усны нөөцийн асуудлыг тодруулъя. 2040 гэхэд нөөц хомстоно гэдэг мэдээллийг бид бүгд авсан. Уг нь сэтгэл сэрхийлгэм мэдээ мөртлөө тэгээд яг яах вэ нь гэдэг маш тодорхойгүй. Энэ хэр бодитой вэ, бид яах ёстой вэ?

-2022 онд би “Улаанбаатар хот усны нөөцийн хомстолд орсон гэдгээ зарлаач” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байсан. 2040 он биш одоо хомстолд орчихсон. Усны нөөц багасахыг хомстох гэж хэлнэ. Крантнаас ус гоожихоо болино гэж бодоод байдаг. Харьцангуй тийм биш. Алтантэвшийн хөндий бидний уух усыг хөнгөж дөнгөөд л байна. Харин шаардлагагүй хэрэглээнүүдийг танах асуудал яригдана гэсэн үг л дээ.

Бид 2040 гэхэд 1 сая м.куб усыг өдөрт хэрэглэдэг болно. Тэр үед өнөөдрийн нөөц хүрэхгүй. “Мянганы сорилтын сан”-гийнхан 25 худаг шинээр гаргахаар ажиллаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн дор байрлалтай учраас бид тэр усыг цэвэршүүлж хэрэглэх болно. Тэгэхээр өртөг нэмэгдэнэ. Мөн манай цахилгаан станцууд яндангаа хөргөх, үнс зайлуулахад хоногийн 50 мянган м.куб ус хэрэглэж байгаа. Иймд хэрэглэсэн усаа цэвэршүүлж, цахилгаан станц руу өгөхөөр ярьж буй. Сайн хэрэг. Гэхдээ үнс цэвэрлэх усанд хэдэг төгрөг шингэх нь анхаарал татна л даа. Шинэ худгаас гаргалаа, цэвэршүүллээ, бид хэрэглэлээ, түүнийг дахиад цэвэршүүлнэ гэхээр. Ямар ч байсан “Мянганы сорилтын сан”-гийн төслөөр усны өсөн нэмэгдсэн хэрэгцээний тодорхой хувийг хангаж чадна.

Харин ерөөс үндсэн шийдэл нь нөгөө усан сан. Усан санг хурдан барилаа ч багадаа 4-5 жил зарцуулна. Хэзээ эхлэх вэ гэдэг тэгэхээр их чухал. Бидний үндсэн зорилго бол усны нөөцийн хуримтлал. Үүнийг Засгийн газар бодлогодоо оруулсан байгаа л даа. Одоо бидэнд мөнгө хэрэгтэй.

Мөн асуухдаа хүртэл санаа зовж байгаагийн тань адилаар, үүнд бүх хүн л санаа зовох хэрэгтэй. Бид усны нөөцийн хомстолоос сэргийлэхийн тулд нэгт хэрэглээгээ хэмнэх, хоёрдугаарт дахин ашиглах, гуравдугаарт үнийн бодлого явуулах ёстой. Үнийн бодлого ус дахин ашиглах хамгийн оновчтой нөхцөлийг бий болгодог.

Үүний дээр Засгийн газраас төлөвлөж буй дагуул хотуудыг бий болгох асуудал зөв байж магадгүй. Үндсэн хуульд засаг захиргааны нэгжийг “Нийслэл хот, аймаг…” гэж тодорхойлсон байдаг. Хэрэв тэгье гэвэл “Нийслэл хот, хот, аймаг…” болгож ҮХНӨ хийхээс аргагүй. Энэ мэт асуудал ярьж болно.

Тэгээд ч шинэ хотыг дан ганц газрын доорх усаар хангах боломжгүй учраас дахиад л усан сан байгуулна. Хархорум хотын ажлын хэсэгт би багтсан юм билээ, саналаа чадлаараа тавина.

-Усны нөөц хомстоно гэж яг ямар бодит эрсдэлийг хэлэх вэ. Гол ус ширгээд л, усгүй болох асуудал мөн үү?

-Хомстох гэдэг үгийг байхгүй болно гэж ойлгож болохгүй. Багасна л гэсэн үг. Хүссэн хэмжээнийхээ усыг хэрэглэж чадахаа болино л гэж ойлгох хэрэгтэй. Хоногийн 24 цаг крантыг чинь онгорхой байлгаж чадахгүй л гэсэн үг. Өмнөд Африкийн нэг хот усны нөөцийн хомстолд орсноор машин угаалгын газруудаа хаасан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *