“Багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр даана”
Шинэчилсэн хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2023.08.25/ “Боловсролын шинэ сэргэлт” боловсролын удирдлагууд болон боловсролын оролцогч талууд олон нийтэд мэдээлэл өгч байна.
Чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даана гэв.
Тодруулбал, тэрбээр 2030 он хүртэл багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна, багш магистрт дотоодод суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна гэсэн юм.
Мөн “Боловсролын шинэ сэргэлт”-ийн хүрээнд цогц эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг салбар яамнаас мэдээллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Н.БИЛГҮҮДЭЙ:
-Одоогоос 21 жилийн өмнө Боловсролын тухай анхдагч хууль батлагдаж байсан. Улмаар 2009 онд шинэчилсэн найруулга батлагдаж, түүнээс хойш 14 жилийн дараа салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тухайд одоо хийгдсэн эрхзүйн шинэчлэлт цаашид хийх алсын хараатай уялдуулж, МСҮТ гээг нэршлийг халж Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллеж болгохоор хуульд тусгагдсан.
Мэргэжлийн боловсролын сургуульд одоогийн байдлаар 38-40 мянган суралцагч суралцаж байгаа бөгөөд нийгэмд үл ойлголцол бий болгодог сар бүрийн тэтгэмж авах гэж сурдаг зэрэг ойлголтыг эрхзүйн шинэчлэлтийн хүрээнд халж байгаа.
Энэ салбарын онцлог нь түншлэл болоод хамтын оролцоо. Өөрөөр хэлбэл зөвхөн төрийн оролцоо биш эцэг эх сурган хүмүүжүүлэгч, ажил олгогчдын оролцоо их. Мөн суралцагчийн оролцоо хамгийн чухал. Хуульд тусгагдсан томоохон нэмэлт бол түншлэлийг хөгжүүлэх. Ингэснээр хамтын оролцоо, хамтын засаглалыг бий болгож сургалтын хөтөлбөрийг суралцагч, ажил олгогч зэрэг бүхий л талын хамтын оролцоонд түшиглэж цогц байдлаар хөгжүүлж, бий болгоно.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөд хосмог тогтолцоог оруулж өгч байгаа. Энэ нь сургалтын байгууллага болоод ажлын байран дээр нь зэрэгцэн суралцана гэсэн үг.
2021 онд УИХ-аас баталсан Хөдөлмөрийн тухай хуульд дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ гэдгийг шинээр оруулсан. Ингэснээр мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад хосолмол байдлаар сурах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. МСҮТ есдүгээр анги төгссөн сурагчдыг 2,5 жил сургаад хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлдэг байсан. Энэ тогтолцоог ерөнхий боловсролын суурь системтэйгээ уялдуулж гурван жил болгож байгаа. Гэхдээ цаашид мэргэжлийн боловсрол, политехник коллежид суралцагчдад бид хугацааг нарийн зааж өгөхгүй.
Тухайн иргэн хэдий хугацаанд мэргэжлийн ур чадвараа эзэмшинэ тэр хугацаандаа л суралцаад төгсөх боломжийг бүрдүүлнэ.