Д.Амарбаясгалан: Сайд нарыг жагсаалтад оруулахгүй зарчим барина

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун гурван аймагт ажиллаад ирсэн. Энэ үеэрээ намын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулна гэдгийг хэлсэн юм. Мөн намын жагсаалтад Засгийн газрын гишүүдийг оруулахгүй байх асуудлыг хөндсөн байна.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. Тэрээр “126 гишүүтэй, сонгуулийн холимог тогтолцоотой болгож, өөрчилсний утга учир одоогоос тайлагдаж байх шиг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад оруулах зохицуулалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бодитой бий болсон. Жагсаалт бол дарга, сайд нарыг жагсаадаг, парламентад оруулдаг хэрэгсэл биш. Харин нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн оруулах зорилготой байдаг. Тухайлбал, Германд залуучууд, эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулж, улстөрд бэлтгэдэг соёл тогтсон байдаг. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллийг жагсаалтад бичиж өрсөлдөөн багатайгаар парламентад оруулах боломжийг бий болгоно. Парламентын гишүүн болгож байгаа нь тэр хүмүүсийг дарга болгож байгаа юм биш. Тухайн нийгмийн бүлэгт тулгамдаж байгаа асуудлыг төрийн бодлого болгож гаргах, төрийн аливаа шийдвэр амьдралд илүү нийцдэг болгох зорилготой.

Мөн улстөрд манлайллыг үзүүлэх чадвартай учраас сайдын албан тушаалыг хаших ёстой гэж улстөрд үздэг. Тэгэхээр илүү туршлагатай, манлайлах чадвартай хүмүүс жагсаалтын хойно нуугдаж, парламентад орох сонирхлыг агуулж болохгүй гэдэг зарчмыг Ерөнхий сайд тавьж байгаа. 2012 онд анх жагсаалт хийхдээ бүх улс төрийн нам хамгийн нэр хүндтэй хүнээ жагсаалтад бичвэл намыг нь сонгоно гэсэн ойлголтоор асуудалд хандаад улс төрийн лидерүүдээ бүгдийг нь жагсаалтад оруулснаас болж алдаа гарсан. Бид ч тийм алдаа гаргасан. Харин цаашдаа улстөрд хэрэгцээтэй, парламентад нэн чухал нийгэм, бүлгийн төлөөллийг оруулдаг хэрэгсэл нь жагсаалт гэдэг ойлголтыг нийгэмд өгөх ёстой. МАН ч үүнийг хатуу баримталж ажиллана” гэлээ.

Түүнчлэн МАН ирэх оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын тойргийн хуваарилалт эцэслэн шийдэгдсэний дараа нэр дэвшигчдийг олон нийтэд тайлбарлан таниулах ажлаа хийх аж. Энэ хүртэл УИХ-ын гишүүдийн тойргуудад рейтингийн судалгааг хийх юм байна. Ингээд тойргоос болон жагсаалтаар нэр дэвшигчдээ намын анхан болон дунд шатанд хаалттай санал хураалтаар тодруулж, судалгаа хийсний үндсэн дээр нэр дэвшилтээ хийнэ гэдгийг Д.Амарбаясгалан хэллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *