Г.Ганболд: Хөдөөгийнхөн хэдэн зуугаараа шоронд орох нь
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэг болгон өөрчлөх зохицуулалтыг тусгасан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “Ийм хуулийн төсөл баталж байгааг хөдөөгийнхөн мэдэхгүй. Сүлжээ, тоног төхөөрөмж байхгүй учраас мэдээлэл авахгүй. Арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жилийн баяраа тэмдэглэнэ. Тэгээд л тээврийн хэрэгслээ жолоодож, хэдэн зуугаараа шорон явах нөхцөл үүснэ. Тэгэхээр хуулийг нэгдүгээр сарын 1-нээс биш 2024 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлмээр байна. Энэ хугацаанд хуулиа сурталчилж, танин мэдүүлмээр байна. Энэ хуулийг шууд хэрэгжүүлж эхэлбэл, олон залуусын амьдралд хар тамга дарах гээд байна” гэлээ.
Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Согтуугаар жолоо барьж болохгүй гэдгийг юуг нь сурталчлах гээд байгаа юм бэ. Ганц л өгүүлбэр шүү дээ. Үүнийг ихэнх нь сонсоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буураад байна” гэв.