А.Баярмагнай: Сэтгэлгээний эрх чөлөөтэй хүн өөрийгөө хөгжүүлж чаддаг

0

Бид ирэх оны эхээр цэргийн сониныхоо 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд өнгөрснөө дурсаж, өнөөдрөө цэгнэж, ирээдүйгээ тодорхойлж буй түүхэн торгон өдрүүд хөвөрсөөр байгаа билээ. “Улаан Од” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга болон эрхлэгчээр он удаан жил ажилласан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, хурандаа А.Баярмагнайтай эргэн ярилцахад таатай бөгөөд сонирхолтой байлаа.

Амьдралын ханиа халамжлан эмнэлэг, сувилал гээд тун чиг завгүйхэн байгаа ч Магнай эрхлэгч маань бидэнтэй уулзах цаг товлож, уулзмагцаа хэзээний л зангаргатай зангаараа салбар яамны удирдлага, төрөлх сониныхныхоо талаар сэтгэл тавин асууж ярилцлаа.

Тэрбээр тун саяхан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дээд, Д.Бодоогийн нэрэмжит шагнал авсан бөгөөд үүндээ маш их бэлгэшээж байгаа нь илт байлаа. Эрхлэгч маань Ардын хувьсгалын анхны долоогийн түүчээ, Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн үндсийг тавигчдын нэг, бичгийн их хүн Д.Бодоо болон Д.Чагдаржавтай ойр дотно байсан эмээгийнхээ тухай дурсахын ялдамд Д.Бодоогийн бичиж, боловсруулсан “Тангаргийн бичиг”, “Эрмэлзэх 10 зүйл” зэрэг Ардын намын анхны баримт бичгүүд, “Сургамжит өгүүлэл”-ийн логик сэтгэлгээ, утга найруулгын талаарх өөрийн санаа бодлоо хуваалцсан юм. Магнай эрхлэгчийн үзсэн дуулсан, бодож болгоож, бясалгасан нь тоймгүй агаад гол яриандаа орохоос өмнөх хэдхэн хоромд ихийг хүүрнэж амжлаа.

-Сэтгүүл зүй, утга зохиол, хурдан морь гээд яриад байвал та бид хоёрын яриа дуусашгүй үргэлжилнэ. Тэгэхээр энэ удаа хоёулаа цэргийн сонинтой холбоотой дурсамжаа дэлгэх үү дээ. Ер нь яаж яваад цэргийн сонинтой хувь заяагаа холбосон юм бэ?

-Би 20 ч хүрээгүй насандаа МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн анхны төгсөгч болон сургуулиа дүүргэж байлаа. Их сургуулиа төгсөөд Дарханд хуваарилагдсан ч ээж минь уйлж дуулж гүйгээд Төв аймгийн намын хорооны 1 дүгээр дарга Б.Дэжид гуай дээр ороод томилолтыг минь солиулжээ. Тэгээд би гэдэг хүн төрсөн нутагтаа “Анхдугаар таван жил” гэдэг орон нутгийн сонинд дөрвөн жил ажиллаад 24 насандаа цэрэгт явсан. Тэр үед дээд боловсролтой хүн цэргийн албанд ирэх нь сонин содон, ховор тохиолдол байсан бололтой.

Өнөөгийн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын аав Б.Гүрсэд гуай манай ангийн Улс төрийн орлогч, намын байгууллагын дарга байсан. Б.Гүрсэд гуай надтай хэд хэд уулзан ярилцаж, элдвийг асууж сонирхож, сонжиж байсан. Найман сар алба хаасны дараа намайг Улс төрийн газарт нууц, бичиг хэргийн зааварлагч гэсэн албан тушаалд татаад авчихсан.

Улс төрийн газрын боловсруулах бичиг баримт бүгд л миний гараар ордог байлаа. Улс төрийн газрын хурандаа Т.Алтангэрэл, Ч.Мижид нар ихэвчлэн настай хүмүүс байсан учир бичиг хэргийн гар хөл болдог хүн нь би байлаа. Тэндээ бүр хадах шинжтэй болоод ирлээ шүү. Тэгж байтал хэсэг тасарсан “Ардын Арми” сэтгүүлийг сэргээн гаргах болж, их сургуулийн оюутан цагийн найз Т.Хасгаа (сүүлд хурандаа болсон) нарийн бичгийн даргаар нь томилогдоод дэм тус хүсэхээр нь хамтарч байгаад нэгэн дугаар гаргачхав. Багаасаа дадсан сурсан дуртай ажил минь ном унших байлаа. Цэргийн ангийн номын санд байсан Халхын голын байлдаан, партизанууд, ахмад дайчдын дурсамж дурдатгал, 1945 оны Чөлөөлөх дайны талаар Плиевийн “Квантуны армийн мөхөл” зэргийг шимтэн уншдаг байлаа. Уншсан номоо цээжилчихдэг, толгой сэргэг, ой сайтай ч байж дээ.

-Албаны бичиг цаастай зууралдсанаас мэргэжлийнхээ ажлыг хийх нь мэдээж танд сонирхолтой байсан байлгүй дээ?

-Тэгэлгүй яах вэ дээ. “Ардын Арми” сэтгүүлд ийнхүү гурван жил орчим ажилласны дараа 1971 оны Октябрийн баярын өмнөхөн намайг “Улаан Од” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилж билээ. Манай “Улаан Од” сонинд ч дээд боловсролтой боловсон хүчин цөөхөн байлаа шүү дээ. Ингээд хурандаа Ж.Ядмаагийн цэрэг болж очсон. Тэр “Улаан Од” сонинд 25 жил ажиллахдаа дөрвөн жил нь хариуцлагатай нарийн бичгийн дарга, 21 жилд нь эрхлэгчээр ажилласан ясны цэргийн хүн төдийгүй хэвлэлийн байгууллагын том удирдагч байлаа. Ямартаа л “Улаан Од”-ын Улаан Ядмаа гэгдэх вэ дээ. Сониндоо дөрвөн жил ажиллаад 1974 онд Москва хотноо Цэрэг-улс төрийн академид суралцахаар явсан даа. Намайг сургуульд явахад сонины хамт олон, эрхлэгч хурандаа Ж.Ядмаа, УТГ-ын дарга генерал Д.Ёндондүйчир нарын дэмжлэг их байсныг энэ ташрамд зориуд хэлье ээ.

-Та академи төгсөж ирээд мөн сониндоо шууд эрхлэгчээр нь томилогдсон байх аа. Бас л сонин хувь тавилан шүү, цэргийн сонинд хоёр удаа томилогдоно гэдэг?

-Надад нэг бодол байдаг юм. Дотоодын их, дээд сургууль төгссөн хүн Шилийн Богд дээр гарлаа гэсэн үг. Шилийн Богдоос Дарьгангын овоо, урагшаа Өвөр Монголын уулс, Зотол хаан гээд л тэнгэрийн хаяанаас наадах бүхий л уулс, газар нутаг харагдана. Цаашлаад гадаадад их, дээд сургууль төгссөн хүн Богдхан ууланд гарчхаж байгаа юм, зүйрлүүлж хэлбэл. Тэндээс Хэнтийн нуруу, цаашлаад Сибирийн их уулсыг тольдох, төсөөлөхийн зэрэгцээ түүнээс цаашхыг ч мэдэх их хүсэл сонирхол оргилдог юм шүү дээ.

Шилийн Богд, Богдхан ууланд гарчихад ч бас юм бодогдоно шүү, ирээдүй улам л өөдрөг, гэгээлэг болно. Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа би сониноо салбарын хүрээнд сэтгэн ажиллаж байсан бол академи төгсөж ирээд эрхлэгчээр томилогдоод, “Улаан Од”-оо би зөвхөн салбарын биш Монгол Улсын төвийн тэргүүлэх таван сонины нэг болгох учиртай гэсэн бодол төрсөн. Би Монголын Ардын Армид 28 жил ажилласан. Үүнээс академид суралцсан болон Ар талын намын хорооны даргаар ажилласан дөрөв, дөрвөн жилээ хасаад бусад бүхий л цаг хугацааг сониндоо ажиллаж өнгөрөөж дээ.

Сонины хүн өөр газар ажиллахад шинэ орчин, шинэ хүмүүс гээд сэтгэлгээний хувьд их задардаг, асуудлыг өөр өнцгөөс хардгийг бас мэдэрсэн. Ар талын газар ажиллаж байхдаа төр, цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний үзэл санааг нэвтрүүлэх санаачилгатай ажиллаж, Төрийн Хүндэт харуулын хувцасны загварыг бий болгож байлаа. Ар талын газрын штабын дарга Ц.Дашзэвэг, н.Энхчимэг даргатай Ар талын Хувцас зохион бүтээх товчоо,  Цогтсайхан зураач нарын хамтаар энэ түүхэн ажлыг хийж байлаа. Түүн дээрээ тулгуурлаад сонинд эргэж ирсэн хойноо Төрийн есөн хөлт их цагаан сүлд, Бүх цэргийн догшин хар сүлдийг зохион бүтээх ажлыг санаачилж байлаа.

-Хоёр уул буюу сэтгэлгээний өөрчлөлтийн ялгаагаа хоёул цэргийн сонин дээрээ тухайлж ярья л даа. Эхлээд та хариуцлагатай нарийн бичиг, дараа нь сонины эрхлэгчээр томилогдоход танд ямар ялгаа, өөрчлөлт анзаарагдав?

-БХЯ-ны коллеги, Цэргийн Улс төрийн газрын товчооны хамтарсан хурлаас намайг сонины нарийн бичгийн даргаар томилох үед сониныг үг үсгийн алдаагүй гаргахыг чухалчилж байсан. Манай сонин төдийгүй тэр үеийн төв хэвлэл “Үнэн” сонинд ч үе үе алдаа гардаг, түүнээс болж хүмүүс арга хэмжээ авхуулж, нэлээд дуулиан болдог байсан.

Бид ямартай ч хэвлэх үйлдвэрийн алба хаагчдын хариуцлагыг дээшлүүлснээр тэр дутагдал арилж байсан. Тэр үеийн Монголын хамгийн том, уншууртай сонин нь “Монголын залуучууд” байлаа. Бид тэр сониноос л үлгэр авах, илүү гарахыг зорьдог байлаа.

Харин эрхлэгчээр томилогдоод сонины нийтлэлийн бодлого, зорилтоо тодорхойлж,  мэдээ мэдээллийн улс төр, онол арга зүй, уран сайхны түвшин зэрэг гол хэмжүүрүүдийг төгөлдөржүүлэх, хамгийн гол нь цэрэг, улс төр, гоо зүйн мэдрэмжтэй, өндөр боловсролтой, чадварлаг сэтгүүлчид бүхий хамт олон, редакцыг бүрдүүлэхийн чухлыг ойлгосон. Тэгээд “Красная звезда”, “Ком правда”, за тэгээд Польш, Чех, Германы цэргийн сонинуудыг үзэж харж, үлгэр авдаг байлаа. Сансрын нислэгийн үеэр гаргасан манай дугаар маш сайн болж байсан. Бид Германы “Фолкс Армее” сониноос үлгэр авч, хэдэн дугаар бэлтгэсэн бол манай Батлан хамгаалах яамны сайдын тушаал ч Германы сайдын тушаалын загвараар гарч байлаа шүү дээ. Цэргийн сэтгүүлчид арай холыг, илүү өргөн цар хүрээтэй харж байлаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд бид барууны ертөнц рүү хальж чадаагүй ээ. Социалист ертөнцдөө бол хамгийн дэвшилтэт бүхнийг харж, Монголынхоо хөрсөнд буулгаж чадсан юм шүү.

сонин mn

– Тэгвэл таны ажлын анхны алхам чадварлаг, гар нийлсэн хамт олноо бүрдүүлэх явдал байжээ гэж таамаглагдаж байна…

-Тэгсэн, тун багахан сэлгээ хийсний эцэст цэргийн сониноо мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлж, эвсэг хамт олныг бий болгож чадсан. Хэлтсийн даргаар ажиллаж байсан ахмад Б.Чантууг хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшүүлж, МУИС төгссөн Да.Дамдиндорж, Москвагийн их сургуулийг дүүргэсэн Д.Мижиддорж, инженерийн академийн боловсролтой Ц.Гаваа, Цэрэг-улс төрийн академи төгссөн Л.Пүрэвдорж нарыг орлогч эрхлэгч, хэлтэс, тасгийн даргаар ажиллуулсан. Түүнчлэн дотоод, гадаадын их дээд сургуулийг дүүргэсэн, төрөл мэргэжлийн цэргийн боловсрол эзэмшсэн, анги байгууллагад ажиллаж байсан Д.Мархаахүү, Х.Шагдар нарын залуус, МУИС-ийн сэтгүүлчийн ангийн шинэхэн төгсөгч Ц.Баяраа, УБИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн Л.Зоригт зэрэг шижигнэсэн залуучуудыг авсан. Тэгээд мэдээж Ц.Жамсран, Г.Авирмэд, Ш.Чойжил, Б.Батаа, Р.Сайжаа нарын мэргэжлийн сэтгүүлчдийн хамтын хичээл зүтгэлээр сониноо долоо хоногт хоёр удаа гаргаж, нийтлэлийн бодлого оновчтой, сэдвийн хувьд өргөн цар хүрээтэй болж, нийтлэлийн түвшин дээшлээд ирэхээр аяндаа захиалан уншигчдын тоо ч эрс нэмэгдсэн. Анх хүлээж авахад 17-18 мянган захиалагчтай байсан сонин маань төдхөн 40 шахам мянган захиалагч уншигчтай болж байлаа. Ингээд боловсон хүчнээ өөрсдөө шилж сонгоод, сурган хүмүүжүүлээд, цэргийн сэтгүүлч болгож төлөвшүүлээд авчхаж байгаа юм. Боловсон хүчнээ гадаадад их, дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр нь суралцуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх талаар нэлээд хөөцөлдөж, бүтээж байсан. Тухайлбал, Украйны Львов хотын Цэрэг-улс төрийн дээд сургуульд цэргийн сэтгүүлчийн анги байдгийг судлан мэдээд шат дараалан хөөцөлдсөний дүнд жилд хоёр хүн сургаж байхаар болж, улмаар Д.Жаргалсайхан, Б.Цэдэн, С.Баярмөнх, Ц.Элбэгдорж, П.Батнайрамдал нарын манай 14 цэргийн сэтгүүлч боловсон хүчин энэ сургуулийг төгссөн байдаг.

-“Улаан Од”-ынхон гадаадад сургууль соёлд хамгийн их явдаг, орон байраар их хангагдаж байна, цол тэмдэг нь хурдан өсөж байна гэхчлэн хэл яриа ч гардаг байсан гэдэг?

-Манайд давуу талууд байсан л даа. БХЯ-ны боловсон хүчний газрын дарга хурандаа Н.Бээжин манай сонины нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Биднийг ажил яриад ороход их сайхан дэмжиж, хамтарч ажилладаг байсан. Мөн С.Батаа, Ж.Авхиа, Ж.Ёндон, Л.Моломжамц нарын генералууд, батлан хамгаалах, Ардын Армийн удирдлагууд “Улаан Од” сониныхоо ажлыг маш сайн дэмждэг байсан. Удирдлагуудтайгаа ойлголцоод ирэхээр ажлын бүтэмж аятайхан болдог юм. Алба хаагчдынхаа мэдлэг боловсрол, нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажилласан. Орон сууцны хангамжид анхаарч, хүч тавьж хөөцөлдсөний үр дүнд нэлээд айл шинэ тохилог орон сууцанд орсон. Ажил хөдөлмөр, мэргэжил боловсролдоо сэтгэл хангалуун офицерууд, алба хаагчид маань нэгэн үзүүрт сэтгэлээр цэргийн сониныхоо төлөө зүтгэж байсан юм шүү.

Цэргийн сонин маань зуун жилийн түүхэн замналыг туулахдаа тухайн цаг үедээ гүйцэтгэсэн үүрэг, нөлөөллөөрөө эрхгүй ялгардаг.  Ардын хувьсгал, дайны жилүүд, энхийн бүтээн байгуулалтын үед ч манай сонины үүрэг хариуцлага өндөр байсан. Нэгэн үеийн удирдлага таны санал бодлыг сонсмоор санагдлаа.

-Ард иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэх нь манай “Улаан Од” сонины бүх л цаг үед баримталж ирсэн зарчим, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм шүү дээ. Манай цэргийн сонин 1920-иод онд ард иргэдээ Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэхэд уриалан дуудаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын тухай ухуулж байсан бол 1930-аад онд ялангуяа Халхын голын байлдааны өмнө “Зүрхний галзуу хүчтэй Японы түрэмгийлэгчид” гэх ч юм уу, “Арлын годгор япон Азийн ноён болох гэж ёдрын ганц модондоо ёрог даавуу уяад… гээд л бичиж байлаа. Японы милитаризм энэ тэр гэж бичсэнээс ингэж шууд бичсэн нь тэр үеийн хүний сэтгэл зүрхэнд хүрч байлаа. Нийгмийн ухамсрын түвшиндээ тааруулж байгаа юм. Японыг үзэн ядуулж зорилгодоо хүрч чадаж байсан. Гэтэл 1940, 50-иад онд харьцангуй гэгээрсэн хүмүүстэй харьцах их өөр. Цэрэгт салааны ухуулагч байсан хүн халагдаж, нутагтаа очоод намын хорооны лектор болж байх жишээтэй.

Цэргийн сонины уриалан дуудах, гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үүргийг хэрэгжүүлэхийн тулд редакц бүхэлдээ чадварлаг, хүчтэй, боловсролтой байх ёстой. Улс төр, байлдааны бэлтгэлийг хийлгүй л яах вэ. Ерөнхий лоозон бол армийг гэгээрүүлэх, нийгмийн ухамсрыг шинэчлэн бүрдүүлэх явдал юм. “Улаан Од” сонинд эрхлэгчээр томилогдоод 1980, 90-ээд онд миний баримталж байсан зарчим бол “Офицер хүн бүр сэхээтэн байх ёстой” гэсэн үзэл баримтлал байв. Тэр үеийн Батлан хамгаалахын сайд Ж.Авхиа концепцыг маань маш хүчтэй өлгөж авсан. Сайд болоод бүтэн жилийн хойно хорооноос дээших бүх шатны байгууллагын дарга нарыг цуглуулж, Офицеруудын ордонд маш том зөвлөгөөн хийж, өөрөө гол илтгэлийг тавихдаа шүүх, прокурор, “Улаан Од” сониноос бусад бүх байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн. Манай сонин Ж.Авхиа гуайд тоогдсон хэрэг шүү дээ. Яамны сайд доктор хүн байх өөр шүү. Дарга хүнтэй ойлголцохгүй байж болно, доктор хүнтэй бол ойлголцоно шүү. Шинжлэх ухааны үндэслэлтэй юм ярихаар түүнээс нэг их зөрдөг хүн олон байсангүй дээ.

-Яг таны удирдлагаар ажиллаж байх үеийн онцлог гэвэл та юуг зоригтойгоор хэлж чадах вэ?

-Шинэчлэл, нийгмийн сэтгэлгээний шинэчлэл. 1980-аад оноос эхэлсэн өөрчлөн байгуулалтын сэтгэлгээний нөлөө, эрх чөлөө… Сэтгүүлчид, тэр дундаа цэргийн сэтгүүлчид аливааг түрүүлж харж мэдэрч байсныг “ардчиллын гал тогоо” болж байсан сонины редакц, чөлөөт хэвлэлийн үндсийг тавилцсан бүхэл бүтэн үеийн чөлөөт сэтгүүлчдээр жишээлэхэд ойлгомжтой болов уу.

-“Улаан Од” сонин зууныг туулж оршин тогтнож ирсний нууц нь ердөө л нийгмийн оюуны хэрэгцээг хангасаар ирсэн байхгүй юу. “Ардын цэрэг”, “Улаан цэргийн соёлын зам”, “Улаан Одон”, “Улаан Од”, “Тусгаар тогтнол”, “Соёмбо” гээд зуун жил болоход зургаан нэр сольсон байна шүү дээ. Тамхи ороохоос өөр хэрэггүй байсан бол цаасан сонин аль хэдийнээ алга болно шүү дээ. Энэ зуур хэчнээн ч сонин бий болж, устаж алга болов доо.

Таамаг байж болно, биелэхгүй ч байж болно, гагцхүү цэргийн сэтгүүлч асуудлыг соргог хардаг, үр дүнг нь тооцдог, түүнийгээ илэрхийлж чаддаг байх ёстой. Манай сэтгүүлчид тухайн цаг үеэ мэдэрч, түрүүлж харж бичнэ. Мөн бид том том сэхээтнүүдээр нийтлэл захиалан бичүүлдэг ч байсан. Намын дээд сургуулийн Ч.Өлзийсайхан зэрэг багш нараар шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр бичүүлж, доктор Ш.Лувсанвандантай хамтран “Цэргийн албаны гоо зүй”, “Офицерын гэргий” сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Би гадагшаа явах тоолондоо гадаадын цэргийн номын дэлгүүрээр орж шинэ, сонин содон ном олж ирдэг байсан. Түүнээсээ Д.Баярхүүд өгч, орчуулангаа баяжуулаад сониндоо цувралаар нийтлүүл гэсэн үүрэг өгч, хэрэгжүүлж байсан нь тухайн үедээ шинэлэг алхмууд болж байлаа.

Бид 1991 онд Төв Азид төрт ёс тогтсоны 2000 жилийн ойгоор хүннү судлаач Д.Сүхбаатар гуайгаар зургаа, долоон цуврал нийтлэл захиалан бичүүлж байлаа. Тэгэхэд тэр явдлаас 20 жилийн дараа Монголын төр Хүннү гүрэн байгуулагдсаны… хэмээн дуугарч байх жишээтэй.

1990 онд манай Ц.Баяраа НҮБ-ын энхийг сахиулах хүчинд Монголын цэргийн алба хаагчид оролцох тухай асуудлыг сөхөөд “Цэнхэр дуулга Монгол цэрэгт зохих уу” гээд бичсэн. Харамсалтай нь тэр үеийн удирдлагууд ч, ард түмэн ч ойшоож үзээгүй. Тэгэхэд 2002 онд тэр асуудал сөхөгдөж, анхны хоёр ажиглагч офицер алба хааж, одоо “Монгол цэрэг дэлхийн цэрэг” болсныг та бид харж байна шүү дээ. Манай сонины олж харсан, дэвшүүлэн тавьсан асуудлыг төр нийгэм хорин жилийн дараа л хүлээн авч, хүлээн зөвшөөрдөг. Бид сортоотой, мэдрэмжтэй ажиллаж байсан юм шүү.

-Хэдийгээр цэргийн байгууллага, мөрдэстэй алба хаагчдын нэг хэв загвар ноёрхож байсан ч сонины редакцад нэг тийм сэтгэлгээний эрх чөлөө байгаад байсан нь харагддаг.

-Ээ дээ, залуус та нар зөв анзаарчээ. Энэ чинь Ж.Ядмаа гуайн бий болгосон уур амьсгал, эрх чөлөө байхгүй юу. Ж.Ядмаа хурандаа Улс төрийн газрын даргатай үй зайгүй найз байсан. Хүн хувийн харилцаа, хандлагаараа их ч зүйлийг амжуулна, олон ч асуудлыг шийдвэрлэж чадна. Хувийн нэр хүнд, боловсролын түвшин, нэр нөлөө, зангаргыг бий болгож гэмээ нь захын хүнд дээрэлхүүлээд байхгүй болно шүү дээ. Түүнээс хойш миний үед, дараа дараагийн үед ч сониныхон гэдэг нэг тийм дархлагдсан байр суурьтай байсан. Цэргийн сэтгүүлчээ хүндэтгэдэг, эмээдэг үеийг бий болгож чадсан юм шүү. Зуун дамжсан сэтгэлгээний эрх чөлөөний дуулал болсон цэргийн сонин минь ингэж л оршин тогтносоор байгаа юм шүү дээ.

Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: “Соёмбо” сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *