Ниншягийн хөдөө аж ахуйн парк болон цөлжилтөөс сэргийлж, аялал жуулчлал хөгжүүлж байгаа туршлагатай танилцав

0

Ниншя, 2023 оны аравдугаар сарын 20

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны “Кайсэн” хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

155 сая орчим юанийн хөрөнгө оруулалт бүхий энэ паркийн 5,000 м.кв талбайтай ухаалаг хүлэмжид “Мао тай лан” жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг. Жилд 4,000 тонныг үйлдвэрлэн 100 гаруй сая юанийн орлого олдог юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Жүнвэй хотын “Шапотоү” байгалийн хамгаалалтын бүсэд зочлон, цөлжилтөөс сэргийлэх, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаатай танилцлаа.

Тус хот 60 гаруй жилийн хугацаанд ой байгуулж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, 100,00 га талбай бүхий элсэн цөлийг ойжуулжээ. Улаан буудайн сүрлийг өвсөн тор хэлбэрээр тавьж, элс бэхлэх, түймрээс сэргийлэх болон ойжуулалтын бүс байгуулан усжуулалт зэргийг цогцоор нь шийдсэн “Өвсний тор” арга нь Үндэсний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн тусгай шагнал хүртсэн. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр “Дэлхийн байгаль орчныг хамгаалах шилдэг 500” цол олгожээ. “Шапотоү” байгалийн хамгаалалтын бүс жилд 15 сая орчим жуулчин хүлээн авч, 10 тэрбум юанийн орлого олдог юм байна.


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *