ТОМИЛОЛТ: Хүн, малд хоргүй аргаар уран олборлохоо туршилтын үйлдвэрээр баталжээ
Монгол Улс Оюу толгойн хөрөнгө оруулалтын дараа орох гадаадын хөрөнгө оруулалттай төслийг эхлүүлэхээр хэлэлцээрийн шатандаа явж буй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Францын Засгийн газартай хэлэлцээр хийж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны төсөл хэрэгжүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж байгаа билээ. Тус төслийг хоёр улсын хамтарсан компани болох “Бадрах Энержи” компани хэрэгжүүлнэ. Талууд энэ ондоо багтаан хөрөнгө оруулалтын гэрээгээ үзэглэхээр төлөвлөсөн бөгөөд Засгийн газар энэ сард гэрээний төслийг Их хуралд өргөн барина. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахаар хоёр тал тодорхой тохиролцоонуудыг хийгээд байгаа билээ.
Дундговь аймгийн Улаанбадрах сумаас илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 10 жилд илрүүлсэн дэлхийн 20 том ордын нэг юм. Ордын бүртгэгдсэн нөөц 100.345 тонн бөгөөд үүнээс ашиглаж болох нөөц 87.660 тонн.
Манай сурвалжлах баг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо уурхайд ажиллалаа. Тус орд 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл ураныг газар доор уусган олборлох технолиогоор туршилтын олборлолт хийсэн бөгөөд энэ хугацаанд 10 тонн уран олборлоод буй аж.
Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж байна. Уран нүүрс шиг агаарын бохирдол үүсгэхгүйгээр цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтэд ураны хэрэгцээ ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа.
Жилд 2500 тонн уран олборлож үйлдвэрлэнэ
Хоёр улсын Засгийн газар энэ ондоо багтааж хөрөнгө оруулалтын гэрээг хийж чадвал уурхайн боловсруулах шинэ үйлдвэр, ажилчдын байр барьж ашиглалтад оруулна. Харин одоо байгаа туршилтын үйлдвэрийг сургалтын байдлаар ашиглах юм. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2024 оноос бүтээн байгуулалт эхэлнэ.
Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийж чадвал хөрөнгө оруулагч тал төсөл хэрэгжүүлэх хугацаандаа нийт 1.6 тэрбум хөрөнгө оруулалт хийх эхний тооцоог танилцуулсан.Тодруулбал, анхны хөрөнгө оруулалт 370 сая ам.доллар бөгөөд яваандаа олборлолтын талбайг 1.2 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 2028 оноос эхлэн олборлолт эхлүүлэх бөгөөд жилд 2500 тонн уран олборлож, үйлдвэрлэнэ. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн бус хар нунтаг бүхий ураны исэл үйлдвэрлэх юм.
Байгалийн ураныг уусан олборлоно
Ураныг ил, далд, газар доор уусган олборлох гэсэн гурван аргаар олборлодог байна. Тэгвэл Зөөвч-Овоо ордыг газар доор уусган олборлох аргаар олборлоно. “Бадрах Энержи” ХХК уг аргыг ашиглан туршилтын олборлолт хийж, 10 гаруй тонн ураны амжилттай олборлосон гэдгийг дээр дурдсан. Ийнхүү туршилт амжилттай болсноор газар доор уусган олборлох арга нь Зөөвч-Овоо ордод хамгийн тохиромжтой, байгаль орчинд бага нөлөөтэйг баталсан байна.
Газар доор уусган олборлох арга нь зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор дэлхийн олон оронд ашиглаж байгаа олборлолтын арга юм. Дэлхий дээр олборлож байгаа ураны 50 хувийг ийм аргаар олборлож байна. Энэ арга нь байгальд ээлтэйгээс гадна уурхайлан малтдаггүй, тоос шороо үүсгэдэггүй гэдгээрээ давуу талтай. Газар доор уусган олборлох аргаар хурдас чулуулагт агуулагдаж байгаа ураныг уусгахын тулд шахагч цооногоор уусгагч шингэн орд руу шахдаг. Ураныг өөртөө уусгасан уусмалыг сорох цооногоор газрын гадарга руу соруулан авч, боловсруулах үйлдвэр рүү дамжуулдаг байна. Казахстан улс тус аргаар уран олборлож дэлхийн ураны хэрэглээний 40 хувийг хангаж буй.
Тус арга нь хүн, малын ундны усыг хэрэглэхгүй бөгөөд газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашиглдаг гэдгээрээ ч мөн давуу талтай.
Монголд анхных ч Орано группийн 70 жилийн туршилга
Уран бол монголчуудын шинэ тутам хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл. Байгаль, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй цацраг идэвхт бодис ялгардаг гэсэн мэдээлэл, ойлголт бидний дунд бий болсон. Тиймээс компаниас ганц Улаанбадрах бус Дундговь аймгийн 3-4 суманд малын эрүүл мэндийн судалгааг 2014 оноос хойш хийж байгаа аж. Энэ хугацаанд хийсэн бүх судалгаагаар дээрх сумдын мал хэвийн байгаа нь тогтоогдож байгаа юм.
Гэхдээ манай улс ураны төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч цөмийн энергийн эцсийн бүтээгдэхүүн бус хар нунтаг бүхий ураны исэл үйлдвэрлэх юм. Энэ нь маш бага цацраг идэвхт бодис ялгардаг хамгийн анхан шатны бүтээгдэхүүн.
Түүнчлэн манай улстай хамтран ажиллах Францын “Орано” групп 70 жилийн түүхтэй бөгөөд уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг болжээ. Тус компани өнөөдрийн байдлаар дэлхийн дөрвөн улсад олборлолт явуулж байна. “Орано” групп уран олборлохоос эхлээд уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг билээ.
Нэг грамм ураны цөмийн түлш хоёр тонн нүүрс шатаасантай тэнцүү эрчим хүч гаргана
Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж байна. Уран нүүрс шиг агаарын бохирдол үүсгэхгүйгээр цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтэд ураны хэрэгцээ ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Цэвэр бэлдчихсэн нэг грамм ураны цөмийн түлш хоёр тонн нүүрс шатаасантай тэнцүү эрчим хүч гаргана.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2500 тонн уран үйлдвэрлэнэ
“Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард: Энэ ондоо хөрөнгө оруулалтын гэрээгээ баталж чадвал 2024 онд барилга угсралтын ажлаа эхэлж, 2028 оноос үндсэн уурхайн ашиглалт эхэлнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2500 тонн уран үйлдвэрлэнэ.
Бид 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл туршилтын олборлолт явуулсан. Энэ хугацаанд малын эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлээгүй. Мөн манай ажилчдын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлээгүй байна. Манай ажилчид цацрагийн тунгийн хяналтад байнга хамрагддаг. Өөрөөр хэлбэл, хэчнээн хэмжээний цацраг авч байгааг хэмждэг багаж зүүдэг. Ингэхэд Улаанбаатар Парис хоёрын хооронд хоёр удаа зорчсон хэмжээний буюу маш бага цацраг илэрсэн.
Манай төсөл дээр ажиллах боловсон хүчнээ одооноос бэлтгээд явж байна. Тухайлбал, МУИС, ШУТИС, Сайншанд дахь Полтекникийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүнээс гадна энэ технологиор олон улсад ажилладаг мэргэжилтнүүд хичээл, сургалт орно. Мөн туршилтын үйлдвэрээр ашигласан боловсруулах үйлдвэрийг энэ чигээр нь үлдээгээд дараа дараагийн боловсон хүчнээ бэлтгэх сургалтын төвөөр ашиглана.
Монгол Улс Казахстанаас сайн нөхцөлтэй гэрээ хийнэ
“Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт: Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Францын Геологийн албатай сансрын болоод хайгуул судлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ураны хайгуул онцлогтой. Тиймээс сансрын хиймэл дагуулаас үздэг болсон юм байна. Санамж бичгийн хүрээнд цаашдаа хиймэл дагуулаас хайгуул хийнэ.
Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай хийвэл Монгол Улс ураны салбарын том тоглогч болчих боломжтой. Казахстан улс дэлхийн хамгийн том тоглогч болчихсон байна. Эхний байдлаар тохирсон зүйлүүдэд бид ямар ч байсан Казахстанаас хамаагүй сайн нөхцөл тохироод байна.
Оюутолгой дээр бид 34 хувийг эзэмшсэн. Ингэхэд хөрөнгө оруулалт нөхөгдөөд ногдол ашиг авна. Гэтэл Оюутолгойн далд уурхайн төслийн хөрөнгө оруулалтын зардал тасралтгүй нэмэгдэж байна. Энэ нь ногдол ашиг авах хугацааг хойшлуулж байна. Мөн АМНАТ-аа таван хувиар тогтворжуулсан нь үр ашиг багатай байна. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд хэлэлцээ хийж байна. АМНАТ-аа 10-19 хувь хүртэл авах, мөн давуу эрхийн хувьцааг эзэмшихээр тохироод байгаа. Ингэснээр төсөл ашигтай ч бай, ашиггүй ч бай төсөл эхэлсэн л бол бид ногдол ашиг авна.
Эх сурвалж: itoim.mn