Метро барих санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргана
Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар Улаанбаатар хотод метроны төсөл эхлүүлэхээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Метроны төсөл дараах хувилбараар яригдаж байгаа аж. Нэгд, инженеринг, констракшн, санхүүжилтээ гаргах. Хоёрт, 2024 оны төсөв дээрээ 200 тэрбум төгрөг суулгаад метро барих ТЭЗҮ-ийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлах гэсэн хоёр хувилбарыг ярьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, олон улсын компаниар ТЭЗҮ, ажлын зураг, төсвөө гаргуулах юм байна.
Хэрвээ хоёр дахь хувилбараар явбал Азийн дэд бүтэд, хөрөнгө оруулалтын банкнаас манай улсын метроны санхүүжилтэд 34 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа аж.
Одоогоор санхүүжилтийн хэмжээг нарийн тогтоогүй байгаа бөгөөд эхний байдлаар метроны төсөлд 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарчээ. Гэхдээ Засгийн газар метро барьж байгаа компанийн гүйцэтгэлтэй уялдуулан баталгаа гаргах юм байна. Тодруулбал, хувь тэнцүүлж баталгаа гаргах зарчмаар явна гэсэн үг.
Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар маргаашийн Засгийн газрын хуралдаанд дээрх хоёр хувилбарыг танилцуулах бөгөөд хэрвээ хоёр дахь хувилбарыг сонговол Засгийн газар Азийн дэд бүтцийн банкнаас авах зээлд баталгаа гаргах юм байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Бид эхний ээлжид метроны нэг шугамаа хийгээд тойрог хурдны замаа баръя гэж байгаа. Ботаникаас Моносын уулзвар хүртэл нэг шугам, эсвэл Ботаникаас Сонсголонгийн гүүрийг давуулаад нийсэхийн шинэ Спортын ордон хүртэлх метроны нэг шугам барих хувилбар яригдаж байгаа” гэлээ.
Хотын удирдлагууд ирэх жил метроны ажлыг эхлүүлээд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.