Британийн Хааны Урлагийн академитай хамтарсан үзэсгэлэн зохион байгуулна
Лондон хотын Хааны урлагийн академийн галерейд 2027 онд Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулж гурван сарын турш үзэсгэлэн дэглэн зохион байгуулахаар тохиролцсоны дагуу Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Хатан хааны урлагийн академийн захирал Аксель Рюгер нар гарын үсэг зурлаа.
Хатан хааны Урлагийн академи нь 1768 онд байгуулагдаж, 250 гаруй жилийн туршид дэлхийн хамгийн том нээлттэй дүрслэх урлагийн үзэсгэлэн болон зуны үзэсгэлэн зохион байгуулж ирсэн бөгөөд урлаг, архитектурын цуглуулгаа Лондон хотын Уэст эндийн Пиккадилли даяар үзүүлэн болгон толилуулдаг. Түүнчлэн Хааны Урлагийн академийг үзэж сонирхохоор жил бүр 1.2 сая жуулчин зорин очдог, Британийн урлагийн ертөнцийг өнгө төрхийг тодорхойлогч байгууллагуудын нэг юм.