100 мянган хүний санал мартагдахгүй: Татварын бодлогоо эргэн харж, үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж, импортын татварын асуудлыг ХӨНДӨНӨ

0

Санаандгүй тохиолдлоор олон нийтийн эзэмшил газарт нэг байшингийн цонх хагарчээ. Эзэн тодорхойгүй учир хэн ч хариуцлага хүлээхгүй. Хэн ч түүнийг шиллэхгүй. Хэсэг хугацааны дараа хоёр дах, гурав дах байшингийн цонх хагарч болно. Эзэн нь тодорхойгүй учир мөн л хэн ч хариуцахгүй бас шиллэхгүй. Ганц байшингийн цонх хагарахад хэний ч толгойд ямар ч бодол төрөхгүй. Харин хэд хэдэн байшингийн цонх хагарсан тохиолдолд хүмүүсийн уураг тархинд энэ газар хуулийн хэрэгжилт сул юм байна гэж анзаарснаар үүнийг нь ашиглан гэмт хэрэг үйлдэх, хүсэл сонирхлоо хангах сэдэл бий болдог…

Хаа нэгтээ “хагархай” цонхны онолыг сонсож байсан уу. Жеймс Уилсон, Жоржем Келлинг нарын 1982 онд нийгэмд бий болсон дэг журамгүй, хэм хэмжээнээс давсан үйлдлийг таслан зогсоохгүй бол түүнийг нь ашиглан нийгмийг эмх замбараагүй, шударга бус байдал нөмөрнө гэх санааг дэвшүүлж байж. Үүнтэй ямар асуудлыг холбож ярих гэж байна вэ гэдгийг та бараг л гадарлаж буй байх. Нэг талдаа хар толгойгоороо ААН-ээ, татвараа, ажилчдаа хариуцаж яваа шударга татвар төлөгчид. Харин нөгөө талд татварын орчны “цоорхой”-г ашиглан татвараас зайлсхийж буй хэсэг. Ийм ялгаа зааг байх болов өнгөц талдаа бүгд л татвар төлөгч мэт аашлах нь бий. Гэвч далд эдийн засаг байна гэдэг татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулахыг завдаж буй бүлэг байна л гэсэн үг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд татвараа энэ тэнцүү төлье, татварын орчинг цогцоор нь шинэчилье гэж нийгмээрээ шахуу орилсон ч төр засаг ч нэг л эв, хаваа олж өгөхгүй явж ирлээ. Хэлсэн ч, дуугарсан ч газар авдаггүй тийм л сэдвүүдийн нэг ч гэж хэлж болох юм. Үүнийг нь батлах мэт сар гаруйн өмнө 100 мянган иргэдээс санал авсан “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох” УИХ-ын даргын санаачилга төсөв батлагдахад үг, үсгээрээ тусгагдаж чадаагүй. Үүнтэй холбогдуулан

олон нийт татварын орчингоо сайжруулах, татварын реформ хийхийг эрх баригчид дэмжихгүй байна, бидний санал үнэ цэнгүй байлаа хэмээн гонсгор үлдсэн. Гэвч тухайн үед иргэдээс гарсан саналуудыг судалж үзэх Ажлын хэсэг байгуулагдаж байсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар татварын орчиндоо цогцоор нь дүн шинжилгээ хийж, татварын реформ хийхээр УИХ, ЗГ-ын түвшинд тохиролцсон гэдгийг мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, 100 мянган иргэний санал мартагдаагүй. Харин гаргасан санаачилга, дэмжлэгийн хүчээр хувь иргэд гэлтгүй ААН-үүд ч татварын асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжоо “атгаж” чадсан байна. Хагархай цонхны онолд гардагтай адилаар татварын салбарт цаашид ч үргэлжлэх эрсдэлтэй асуудлыг таслан зогсоохын тулд татварын реформыг эхлүүлэхээр шийджээ.

-Татварын орчиндоо цогцоор нь дүн шинжилгээ хийж, эргэн харах ёстой агуулгууд байна-

Харин яаж. Хаанаас нь эхлэх вэ. Бизнес эрхлэгч, ААН-үүдийн зүгээс яг ямар татварын дэмжлэг хүсч байна вэ гээд олон асуулт урган гарч байна. Аль ч төрлийн бизнес эрхлэгчдэд НӨАТ болон гаалийн татвар толгой гашилгасан асуудлуудынх нь нэг байдаг. Энэ утгаараа бүхий л бизнес эрхлэгчдийн зүгээс татвараа жигд төлье гэдэг зарчмыг хөнддөг. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтын таван хувийг хоёр хувь болгохтой холбоотой асуудал хөндөгдөх үеэр ААН-үүд НӨАТ-д төлж буй 10 хувийг 5 болгон бууруулах асуудлыг хөндөж байв. Бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулахад импортын бүтээгдэхүүн “өрсөлдөх” боломжийг нь хааж буй талаар ч ярьж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэрлэж буй төрлийн бараа бүтээгдэхүүний импортоор орж ирэхэд төлдөг татвар хэт бага байгаагаас үүдэж дотоодын үйлдвэрлэгч нарт бизнесээ хамгаалах шаардлага үүсч байна. Иймд адил нэр төрлийн импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг гаргаж ирсэн. Мөн түүнчлэн зарим компаниуд НДШ-ийг бууруулах саналыг ч гаргадаг. Энэ мэтчилэн татварын орчиндоо цогцоор нь дүн шинжилгээ хийж, эргэн харах ёстой агуулгууд байна.

Нэг л жишээ авья. Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй албаныхан Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч Майнд Тэч ХХК-д ажилласан юм. Та бид тус компанийг “Эзэгтэй” ургамлын тос үйлдвэрлэгч гэдгээр нь андахгүй болов уу. 2012 оноос бизнесээ эхлүүлж өдөрт 100 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий Европ технологийн үйлдвэр юм. Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан хар рапс буюу юнгар хэмээх тосны ургамлыг боловсруулжан ургамлын тос болон малын уурагт тэжээл, гоо сайхан, хүнсний зэрэг олон талын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тус ургамлын тос хэдийгээр зах зээлд үндэсний үйлдвэрлэгч, эрүүл, чанартай гэдгээрээ ард иргэдийн хэрэглээнд хүрч чадсан ч импортын ургамлын тоснуудад орон зайгаа, өрсөлдөх боломжоо алдсаар ирсэн. Өнөөдөр ч ямарваа нэгэн татварын шийдэл авахгүй бол энэ байдал хэвээр үргэлжилнэ гэдгийг хэлж байв.

Тоон мэдээллээс харахад, ОХУ-аас импортолсон ургамлын тосны хэмжээ нийт импортын 96.1 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын дэлгүү, худалдааны 20 цэгээс хийсэн тандалтаас үзэхэд 20 нэр төрлийн ургамлын тос худалдаалагдаж байгаагаас 19 нэр төрөл нь импортын ургамлын тос байна. НӨАТУС-ын баримтыг захуудад өгөхгүй байгаа бол жижиг дэлгүүр болон томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд олгож байна. Өөрөөр хэлбэл, импортын татвар бага байгаагаас гадна зах зээлд худалдаалагдахдаа НӨАТ төлөхгүй байна. Ийм байхад дотоодын ургамлын тос зах зээлийн өрсөлдөөнд оролцох энэ тэнцүү өрсөлдөх хүчний тэнцвэр алдагдсан байгааг харуулж байна. Тэгвэл энэ нөхцөлд Майнд Тэч ХХК ямар байр суурь илэрхийлэв.

-ҮЙЛДВЭРЛЭГЧ: Биднийг төр татварын бодлогоор дэмжиж өгөөсэй гэж хүсч байна. Бидэнд ПОТЕНЦИАЛ байна-

Майнд Тэч ХХК-ИЙН Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр “НӨАТ аль эсвэл ижил төрлийн тосны импортын татварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Манайд анх удаа хийгдэх гэж байгаа ажил биш шүү дээ. Сүү, хүнсний ногооны бүтээгдэхүүн дээр 30 хувийн импортын татвар тавиад өгчихсөн. Түүнээс хойш бид хятад ногоо идэхгүй, монгол ногоогоо 100 хувь хэрэглэдэг болчихлоо. Монгол ногоочид маань ногоогоо маш сайн тарьж чаддаг боллоо. Өндөгний гаалийн татвар 15 хувь болж өссөн. Үүнээс хойш өндөгний үйлдвэрлэл маш сайн өсөөд 50 хувийг нь хангаад явж байна. Тэгэхээр энэ төрлийн ургамлын тосны гаалийн татварыг нэмэгдүүлэх тал дээр, тарифын буюу татварын бодлогоор биднийг дэмжиж өгөөч гэдгийг хэлмээр байна.

2022 онд импортоор орж ирдэг ургамлын тос хамгийн хямдхан нь Оросоос оруулж ирдэг Янта гээд тос байсан. Өөр ижил төрлийн тоснуудын үнэ 10 мянгаас дээш болчихсон байхад бид эцсийн хэрэглэгч дээр дэлгүүрт 6600 төгрөгөөр ургамлын тос худалдан авах боломжтойгоор зохицуулж үнээ буулгасан. Энэ бол үндэсний үйлдвэрлэгчтэй байхын, түүнийгээ дэмжсэний давуу тал гэж харж байгаа. Түүний араас бид “Эзэгтэй” тосыг хамгийн хямдаар худалдаалж эхэлснээс хойш Оросын бусад импортын тоснууд ч үнээ буулгасан.

Солонгос руу 2022 онд 800 тонн ургамлын тосыг экспортолсон. Энэ жил Япон руу бага хэмжээгээр эхний экспортууд хийгдэж эхлээд байна. Тэгэхээр бидэнд нэлээн их потенциал байна. Төр засаг маань бидний ярьсан асуудлыг шийдээд өгвөл ард түмний гар дээр хамгийн сайн чанартай ургамлын тос хэрэглэх боломж бүрдэнэ” гэв.

-ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР: Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах хамгийн гол механизм нь импортын татварыг нэмэх явдал-

Харин тэдний зүгээс хэлсэн агуулгыг эдийн засагч, судлаач нарын зүгээс ч дэмжсэн юм. Тухайлбал, эдийн засагч Д.Ангар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр “Аливаа улс орны эдийн засгийн суурь нь дотоодын үйлдвэрлэл байдаг. Харамсалтай нь манай сүүлийн 33 жилийн төрийн бодлогод үндэсний үйлдвэрлэл гэдэг зүйл орхигдсон. Худалдааны, импортын эдийн засагтай явж ирсэн. Бидний хэрэглэж байгаа ихэнх зүйл маань гаднын улс орноос импортоор орж ирдэг байсан. Нэг сайн зүйл нь, сүүлийн үед төрийн бодлого маань өөрчлөгдөж байна. Дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж байна. Өнөөдөр УИХ-ын дарга үндэсний нэгэн үйлдвэрлэгч дээр ирлээ. Үндэсний үйлдвэрлэгч нар дунд түгээмэл байгаа нэг асуудал бол импортын татвар байна. Дотоодын үйлдвэрүүд дөнгөж хөгжиж эхэлж байна. Зарим нь 1-2 жилийн түүхтэй, зарим нь 5-10 жилийн түүхтэй. Гэтэл өрсөлдөж байгаа компаниуд нь 50-70 жилийн түүхтэй гэх мэт компаниуд. Ийм л компаниудтай Монгол компанийг өрсөлдүүлээд байгаа. Энэ өрсөлдөөнд хэн ялах нь тодорхой. Тэгэхээр ААН-үүдийн хүсэж байгаа нэг зүйл бол дотоодын үйлдвэрлэлээ импортоос хамгаалж өгөөч гэж байгаа юм. Энэ арга механизм нь импортын татварыг нэмэх байдаг. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хамгийн гол зүйл нь хамгаалах явдал. Үүний тулд импортын татварыг нэмж өгөөч гэдэг зүйлийг голчлон ярилаа” гэв.

-Г.Занданшатар: НӨАТ-ын өгсөн иргэдийн санал татварын реформоор үргэлжилнэ-

УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх асуудал яригдсаны дүнд татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна хэмээсэн юм. Тэрбээр “Манай татварын бодлого, орчин баялаг бүтээгч нараа дэмждэггүй. Зөвхөн импортыг дэмждэг тогтолцоо болчихсон учраас УИХ, ЗГ хамтран ТАТВАРЫН РЕФОРМ хийхээр тохиролцсон. НӨАТ-ын ард иргэдийн санаачилгын үр дүнд УИХ, ЗГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад татварын орчиндоо цогц дүн шинжилгээ хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн цогц орчин бий болгоё гэж байгаа юм.

Ургамлын тостой холбоотой судалгааг 20 худалдааны цэгт хийлээ. Бүгдэд нь гадаадаас оруулж ирж байгаа 20 нэр төрлийн тосыг НӨАТ-гүй зарж байна. НӨАТ-гүй зарж байна гэдэг нь импортын татвараа төлөөгүй байна гэсэн үг. Тэгэхээр яаж дотоодын зах зээлээ хамгаалж өрсөлдөх юм бэ. Энэ бол ганцхан жишээ нь. Ингэхээр манай хамаг вальют гадагш урсаад эцсийн дүндээ ард түмэн, иргэд хохирогч нь болж байна. Бүх юмаа импортоор аваад байхаар бүх вальют гадагш урсаад, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарна. Сүүлийн 30 жил төлбөрийн тэнцэл алдагдалтай явж ирсэн. Доллар өмнө хэд байлаа, өнөөдөр хэд хүрчихээд байна. Энэхүү шийдлийн эцсийн зорилго нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо үйлдвэрлэдэг, гадагшаа гадагшаа вальютаа зардаг тогтолцоог бий болгох явдал” гэв.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *