Б.Энхбаяр: Том нүүрсчдийн сонсголыг таслан зогсоох аливаа санаархалд автахгүй бөгөөд зогсохгүй

0

Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах ажиллагааг хэлэлцэж байна.

Тус компанийн худалдан авах ажиллагааны сонсголд гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр дуудагдсан ч шүүхээс оролцуулах боломжгүй гэж мэдэгдээд буй. Энэ асуудлаар Түр хорооны гишүүд ээлж дараалан байр сууриа илэрхийлж байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Давсгүй хоол амтгүй шиг Б.Ганхуяггүй сонсгол үр дүнгүй” гэдгийг хэлсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтын талаарх асуултад хариулах хүн алга. БЭТ нь алга. Гарын үсэг зурсан чухал хүн Б.Ганхуяг нь оролцох ёстой.

Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэд хэдэн хүн ирж, мэдээлэл өгсөн. Б.Ганхуягийг оролцуулсан бол хариулах хүн олдохгүй гэх байдалд хүрэхгүй байсан. Түүнийг цахимаар оролцуулах боломж байхгүй юу?  Компанийг гүйцэтгэх удирдлага бүрэн төлөөлж, хариулт өгөх ёстой.

Түүний асуултад Түр хорооны дарга Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн өчигдөр Б.Ганхуяг захирлын ар гэрийн төлөөллийг Төрийн ордонд оруулж, над руу хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэ сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй гэж сонсголыг таслан зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Адьшаа гишүүн өнөөдрийн сонсголд яригдаж, хоёр дахь сонсголд дуудагдана.

Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсгол дээр гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Энэ ажлаа одоо зогсоо. Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархалд автахгүй бөгөөд зогсохгүй” гэсэн хатуухан байр суурийг илэрхийлэв.

Энэ асуудлаар Түр хорооны гишүүн Г.Ганболд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би Б.Энхбаяр гишүүнтэй санал нэг байна. О.Цогтгэрэл, Д.Ганбат, Т.Доржханд, С.Ганбаатар нар сонсголд идэвхтэй суумаар байна. Орж ирж Б.Ганхуягийг ярьчихаад гараад явчих юм. Б.Ганхуяг ирээд бүр дордоно, төрийн ажил хийж байсан би мэдэж байна. Үнэлгээний хорооныхон мэднэ, үнэлгээний хороо зөвлөмж гаргадаг, би тэрэн дээр гарын үсэг зурсан гэж хэлнэ. Хууль нь тийм. Гэтэл сонсголын ач холбогдлыг бууруулж, орж ирэхээрээ Б.Ганхуягийг сураглачихаад гараад явчих юм. Асуух юм зөндөө байна, өчнөөн материал байна” гэж шүүмжиллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *