БНХАУ-аас авдаг Оюутолгойн цахилгааны урсгалд төвийн эрчим хүчний системийг холбох саналыг Монголоос тавьжээ
ОХУ-д хүйтний эрч нэмэгдсэн, шинэ жилийн баярын үе эхэлсэн, эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний доголдол зэрэгтэй холбоотойгоор тус улсаас манай улсад нийлүүлдэг эрчим хүчний урсгалаа бууруулна гэдгээ мэдэгдсэн.
Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, орон нутаг болон хотын иргэдийн цахилгаанд хязгаарлалт хийнэ гэдгээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд байв.
Үүний дараа ОХУ-тай яаравчилсан уулзалтууд хийгдэж, эрчим хүчний хязгаарлалт хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьж, шатахуун болоод эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлаар санал байр сууриа нэгтгэсэн байдаг.
Манай улсын хувьд хүйтний эрч чангарч буй цаг агаарын онцгой нөхцөл байдалтай уялдуулан, шатахуун болоод эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх, гарч болох эрсдэлд бэлэн байх шаардлагатай нүүр тулгарч буй юм.
Энэ хүрээнд БНХАУ-аас “Оюутолгой” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангаж буй ЦДАШ-тай Төвийн эрчим хүчний хүчний системтэй холбох ажлыг шуурхайлах, энэ талаар “ОТ” ХХК болон Хятадын талтай хийж буй яриа хэлэлцээг түргэтгэх чиглэлд холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын зүгээс Оюутолгойн Хятадаас авч буй эрчим хүчний урсгалд төвийн системээ холбох хүсэлтээ урд хөршид тавиад байгаа аж. Монголын талын хүсэлтэд одоогоор урд хөршөөс албан ёсоор хариу ирүүлээгүй байгаа юм байна.