Хотын стандарт, хяналтын газрын онцлох 23 ажил
Хотын стандарт, хяналтын газраас 2023 онд гүйцэтгэсэн онцлох 23 ажлыг танилцуулж байна.
- Байгууллагын бүтэц, дүрэм, стратеги зорилтыг шинэчлэв
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/174 дугаартай захирамжаар Хотын стандарт, хяналтын газрын дүрмийг шинэчлэн батлууллаа. Ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд болон НИТХ, Нийслэлийн Засаг даргаас хотын стандартын тогтолцоог хөгжүүлэх, төрийн хяналт шалгалтын талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгав.
- Хотын 14 стандартыг батлууллаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан билээ. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 14 стандартыг НИТХ-аар батлуулав.
- 945 барилга байгууламжийг ашиглалтад оруулав
Үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд баригдсан барилга, байгууламж болон засвар тохижилтыг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгууллаа. 2023 онд нийт 1424 хүсэлтийг цахимаар хүлээн авч, 945 объектыг ашиглалтад оруулав.
- Барилга, дэд бүтцийн 4550 обьектыг шалгаж, зөрчил арилгалаа
Төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын тав, дэд бүтцийн зургаан чиглэлээр нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн төрлийн шалгалт хийсэн. Үүний үр дүнд 788 зөрчил илрүүлж, 700-г нь арилгуулав.
- Стандарт, нормыг мөрдүүлэх 126 ажил хэрэгжүүлэв
Холбогдох баримт бичиг, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 захирамж гарсан. Хууль, дүрэм, журам, норм ба дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах энэхүү ажлын төлөвлөгөөнд тусгагдсан дөрвөн бүлгийн 126арга хэмжээнээс бүрэн хэрэгжиж дууссан100, биелэлт 40 – 70% /хувь/-тай 14, хүлээгдэж буй 12 арга хэмжээ байна. Нийт 698 аж ахуйн нэгж, байгууллагын объектод хяналт, шалгалт хийн 132 байршилд зөвлөн туслах, зөвлөгөө өгөх чиглэлээр 126 ажил хэрэгжүүлэв.
- Ашиглалтад орсон барилгын мэдээллийг шилэн болголоо
Барилга байгууламжийн баталгаажсан 885 мэдээллийг цаасан болон цахим архиваас нөхөн бүрдүүлж, нэгтгэн, хавсралтаар хүргүүлсэн. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийн хуудсаар 358 объектын нэр шинээр өгч, нэгтгэнwww.shilen.gov.mn-д байршууллаа.
- Албан тушаалын 46 тодорхойлолт батлуулав
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбогдуулан байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны дагуу 46 албан тушаалын тодорхойлолтыг батлууллаа. Сул орон тоог нөхөн бүрдүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж, удирдах, гүйцэтгэх албан тушаалын11орон тоог нөхөн бүрдүүлэв.
- 20 байршилд шатахууны савыг шинэчлэн, стандарт мөрдүүллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудын сав тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд “Тэс петролиум” ХХК, “Ойн бирж” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Содмонгол групп” ХХК, “Монсуль” ХХК-иудын 10 шатахуун түгээх станцын насжилт өндөртэй 37 ган савны акт, баримт бичиг, техник ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийв. 2000 оноос өмнөх, арваас дээш жил ашиглаж байгаа шатахуун хадгалах саванд техникийн магадлал хийлгэн, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах үүрэг даалгаврыг тус газруудад өгч, хуучирсан 20 савыг солиулсан. Дээрх хуучин савнуудыг шинэчлэн, стандарт мөрдүүлснээр шатахууны чанарын талаарх гомдол 47 хувиар буурсан.
- Барилгын салбарын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудын хүрээнд Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.
- Байгууллагын ажлын үр дүнгээр оны эхний хагаст II байранд шалгарлаа
НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээг өгдөг. Ингэхдээ жил бүр албан хаагчдын ур чадварыг дээшлүүлсэн ажлын үр дүнг тооцдог юм. Үүний дагуу ажлын үр дүнгээр 2022 онд III байр, 2023 оны эхний хагаст II байранд шалгарсан.
- Хотын стандартын сургалтад 1821 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулав
Нийслэлийн байгууллагуудтай хамтран “Хог хаягдлын менежмент”, “Худалдаа үйлчилгээний гадна орчин” сэдвийн хүрээнд есөн дүүрэгт нийт 18 удаагийн сургалтыг зохион байгуулж, 1821 иргэн, аж ахуйн нэгж хамруулав.
- Хяналт шалгалтын үр дүнд 1245 айлын тогны зардлыг буурууллаа
Айл өрхийн орон сууцны гадна цахилгааны дэд өртөөг мэргэжлийн байгууллагад шилжүүлээгүй шалтгааны улмаас цахилгааны төлбөрөө аж ахуйн нэгжийн тарифаар төлж байсан зөрчлийг арилгуулж, зургаан дэд өртөөг УБЦТС ТӨХК-нд шилжүүлэн, хуулийн хэрэгжилтийг хангуулав. Хяналт шалгалтын үр дүнд 1245 айл өрхийн тогны зардлыг 14.6 сая төгрөгөөр буурууллаа.
- Иргэд, аж ахуйн нэгжид нэг цэгээр шуурхай үйлчилж эхлэв
Иргэд, олон нийтийг ил тод, түргэн шуурхай нээлттэй мэдээллээр хангах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор “Нэг цэг” угтах үйлчилгээг 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс нийслэлийн нутгийн захиргааны төв байранд эхлүүлсэн.
- Хотын стандартыг сурталчлах найман төрлийн контент бүтээлээ
Хотын стандартыг сурталчлан таниулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд “Хотын стандартын тогтолцоо”, “Ногоон байгууламж”, “Иж бүрэн гудамж”, “Хүүхдийн тоглоомын талбай” сэдвээр гурван яриа, гурван ярилцлагыг MGL88.3 радио долгионоор дамжуулан түгээж, гурван багцын найман төрлийн контентыг бүтээв.
- Барилга байгууламжийг үерээс хамгааллаа
Улаанбаатар хотод усархаг бороо дараалан орж, үерийн нөхцөл байдал үүсэн, хүндэрсэн байршлуудад хариу арга хэмжээг зохион байгуулах, сэргээн босгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Туул, Сэлбэ, Дунд голын ай савд судалгаа хийсэн. Үерийн нөхцөл байдалд 27 албан хаагч үүрэг гүйцэтгэн, үерээс хамгаалах барилга байгууламжийн хамгаалалтын зурваст шалгалт хийн, нөхцөл байдал хүндэрсэн 98 байгууламжийн мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэтгэлцээний тэмцээнд тэргүүн байранд эзлэв
НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд мэтгэлцээний тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан. Тэмцээнд НЗДТГ, УБЗАА, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 20 баг, дүүргүүдийн ЗДТГ-ын гурван баг оролцсон юм. Нээлттэй зарласан 13 шийдлийн хүрээнд өрсөлдөж, Хотын стандарт, хяналтын газрын баг тэргүүн байр эзлэв.
- Торгуулийн орлогоор 489 сая төгрөг төвлөрүүллээ
Тус газрын чиг үүрэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, 11 хяналтын чиглэлээр 3132 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын объектод шалгалт хийв. Холбогдох хууль дүрэм, журам, норм ба дүрмийг зөрчсөн найман чиглэлийн 178 зөрчилд арга хэмжээ авч, 170-ынх нь торгуулийг бүрэн төлүүлж, 489 сая төгрөгийг төрийн санд төвлөрүүллээ.
- Физик механик үзүүлэлтээ хангаагүй 1060 тонн арматурыг эргүүлэн татав
Барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, тухайн материалаас дээж аван, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ. Үүний дүнд стандартад нийцээгүй, физик механикийн үзүүлэлтээ хангаагүй материал болох нь тогтоогдсон тул 1060 тн арматурыг худалдааны цэгээс үйлдвэрлэлд дахин боловсруулалт хийлгэхээр эргүүлэн татуулж, барилгын чанарт учирч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв.
- Лондон хотод “хүртээмжтэй дэд бүтэц” олон улсын семинарт оролцлоо
ИБУИНВУ-ын Лондон хотод болсон “Хүртээмжтэй дэд бүтэц” сэдэвт уулзалтад оролцож, Улаанбаатар хотын хүртээмжтэй дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэв. “Global Inclusive design” эцсийн тайланд хөгжиж буй орнуудад зориулсан нэгдсэн зөвлөмж боловсруулж, цаашид авах арга хэмжээнд тусгууллаа.
- “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгөөр 3200 хүнд стандартыг сурталчлав
Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Иргэдэд ээлтэй стандарт” нэгдсэн уриатай өдөрлөгт “Стандарттай хот – Байгальд ээлтэй хүртээмжтэй дэд бүтэц – Ая тухтай орчин” сэдвийн дор оролцсон. Энэ хүрээнд есөн дүүрэг, 21 аймгаас хүрэлцэн ирсэн 3200 гаруй харилцагчид батлагдсан стандартыг танилцуулав.
- Албан хаагчдын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан албан хаагчдын дунд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, албан хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадварыг сайжруулах, санал санаачилгыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
- “Хогоо ангилдаг-Хотын иргэн” өдөрлөг зохион байгуулав
Баянзүрх дүүргийн ЗДТГ болон ерөнхий боловсролын “Уудам Монгол” сургуультай хамтран UCS1701А:2022 Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент хотын стандартыг нэвтрүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа.
- Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд 2024 онд батлуулах 24 стандартыг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XX хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдөр болж, хотын III ээлжийн есөн бүлгийн 24 стандартын төслийг танилцуулав.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР