МОНЦАМЭ агентлагийн нийт сэтгүүлч, уран бүтээлчдэд СЕХ-ноос сургалт явуулав

0


 2024 оны нэгдүгээр сарын 7. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн жилийн хүрээнд энэ сарын 5-нд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нийт сэтгүүлч, уран бүтээлчдэд Сонгуулийн Ерөнхий хорооноос сургалт явуулав.

“УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, нийт 126 гишүүнийг сонгоно. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох юм. УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байх өөрчлөлтийг тусгасан. Ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулна. Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн саналыг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авахаар товлосон.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг үндэслэн УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн ярьдгаар хар машинаар саналын хуудсыг тоолох ба хяналтын тооллогыг гар аргаар бүх хэсэгт явуулна. 

Нам, эвсэлүүд дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуульд оролцохоо илэрхийлэх бол нэр дэвшүүлэх үйл явц тавдугаар сарын 14-20-ныг дуусталх өдрүүдэд үргэлжилнэ. Сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 10-26-ныг дуустал буюу нийт 17 хоногт зохион байгуулна. Сонгогч өөрийн болон өөрийн хаяг дээр оршин сууж буй бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй. Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэний бүртгэл буюу сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс улсын бүртгэлийн  www.burtgel.gov.mn сайтад нийтэлнэ. 

Үүний зэрэгцээ сонгуулийн зардлыг бууруулах хүрээнд дэвшилтэт зохицуулалтууд туссан. Тухайлбал, 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хүртэл хувь байх ба квотыг 40 хувиар тогтоосон заалт 2028 оноос эхлэн хэрэгжинэ. Өмнө нь нэр дэвшигчид самбарт чамгүй мөнгө зардаг байсан бол одоо нэгдсэн самбарт зурагт хуудас хэлбэрээр сурталчилгаагаа байршуулна. Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвсэлд санал авах өдрөөс 20 ба 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр хүргүүлдэг болж байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөн дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд зогсох зэрэг зохицуулалт үйлчилнэ гэж тус хорооны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ ярилаа.

Сонгуулийн Ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мөн үеэр хэлэхдээ тус хороо сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хүрээнд “Сонгогчдын боловсрол” сэтгүүлийг тогтмол гаргах, төв талбайд зохион байгуулдаг “Номын баяр”-т оролцож үйл ажиллагаагаа сурталчлах, сэтгүүлчдийн “Сонгуулийн боловсрол клуб”-ийг ажиллуулах, олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж байгаагаа онцлов. 

Сургалтын хүрээнд ирэх сонгуулийн үеэр редакц болон сэтгүүлчдэд хамаарах зохицуулалтаар тайлбар хийв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *