ТЭРБУМ МОД САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ОЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХЭД БЕЛАРУСИЙН ТАЛ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

0

facebook sharing button

twitter sharing button

  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд ноён Дмитрий Николаевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Беларусь Улсаас Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцлон, амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв.

   Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Сан, Беларусийн Суурь Судалгааны Сан хооронд байгуулсан 2002 оны санамж бичгийн дагуу жил бүр 2-3 төсөл шалгаруулан санхүүжүүлж байна. Энэ хамтын ажиллагааг улам өргөжүүлж жил бүр 3-4 төсөлд санхүүжилт олгох талаар ярилцлаа.

  “Тэрбум мод” санаачилгын хүрээнд Беларусь Улсын Ойн аж ахуйн яамтай хамтран ажиллаж, ойн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, туршлага хуваалцах, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирох мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах зэргээр хамтарч ажиллахаар тохиров.

   Мөн их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр тусмаа ХААИС болон Беларусь Улсын хөдөө аж ахуйн академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохирсон.

  Беларусь Улсын Засгийн газраас олгож буй тэтгэлэг, Беларусь Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Тэтгэлгийн тухай” зарлигийн дагуу Монгол Улсын иргэнд олгох тэтгэлгийн квотыг нэмэгдүүлэхийг Беларусийн тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.

  Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсон хүчин бэлтгэхэд Беларусийн тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

  Энэ оны 1 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Минск хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 7 дугаар хуралдаанд хэрхэн оролцох асуудлаар талууд санал солилцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *