Эрүүл мэндийн салбарт реформ хийсэн ОН ЖИЛҮҮД!

0

Одоогоос дөрвөн жилийн өмнө 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ДЭМБ-аас Covid-ийн халдвар дэлхий даяар тархсаныг зарлаж, цар тахал хэмээн албан ёсоор тэмдэглэсэн байдаг. Тэр цаг үеэс хойш дэлхийн хэмжээнд нийт 6.9 сая хүн Covid-19-ийн халдварын улмаас нас барж, нүдэнд үл үзэгдэх дайсантай тэмцсэн. Амны хаалтаас өөр “зэвсэг”-гүй Монгол Улсын хувьд олон жил орхигдсон эрүүл мэндийн салбартаа анхаарч, томоохон хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм.

Цар тахлыг богино хугацаанд амжилттай давсан эрүүл мэндийн салбар улсын томоохон эмнэлгүүдийн материаллаг баазыг сайжруулж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болж чадсан гэдгийг салбарынхан онцолдог.

Улсын хэмжээнд 2021 онд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I, II, III төв эмнэлэгт ачааллыг жигд хуваарилан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг эрс буруулах боломж бүрдсэн. Мөн орон нутгийн бүсийн оношилгооны таван төвийг дээрх гурван эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулсанаар орон нутгийн иргэд зардал чирэгдэл учруулахгүйгээр шийдэж байв.

Сум, аймгийн төвийн иргэд аймгаас, бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс эмнэлгийн тусламжийг авч, хотод ирэх шаардлагагүй болж байна гэсэн үг юм.

Ингэж төвлөрлийг сааруулахын зэрэгцээ тухайн үед улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем болон Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж технологийг нутагшуулсан. Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ –г  ашиглан оношилгоонд нэвтрүүлсэн гээд ахиц дэвшил гарсан.

Үүнээс гадна орон нутаг дахь бүсийн эмчилгээ оношлогооны төвүүд, лабораториуд, нэг, хоёрдугаар зэрэглэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн нь “Эрт илрүүлэг” хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг нь болов.

Шадар сайд С.Амарсайхан 2023 онд цар тахлынтөсвийн зарцуулалтыг танилцуулахдаа “Цар тахлын төсөвт ямар нэгэн нууцлал байгаагүй, шилэн дансанд байршуулсан. Коронавирусын урьдчилан сэргийлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр хадгалах, ААН-үүдийг дэмжих, нийгэм эдийн засаж үзүүлэх сөрөг нөлөөллийн  бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 5.1 их наяд төгрөг, 2022 онд 1.6 их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт 11.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37 хувийг эдийн засгийн идэвхжүүлэхэд, 12.5 хувийг ажлын байр хамгаалахад, 13.2 хувийг иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад , 36.4 хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус бүр зарцуулжээ. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгон олгоход  2.1 их наяд төгрөг зарцуулсан” гэж мэдээлж байв.

Улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахаас гадна гадаадын зээл тусламж, хандивууд ч тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан юм. Үүний нэг нь Дэлхийн банкнаас бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд болон Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд 16 сая гаруй ам.долларын өртөг бүхий 6100 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлж байв. Эдгээр нь халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад туслаад зогсоогүй оношилгоо, лаборатори болон эмчилгээний чадавхийг нэмэгдүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *