Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС-гийн зээлдэгчид хоёр чих ав гэдэг
УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.09/ хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 07 дугаар тогтоолын хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны талаарх тайланг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олгож байгаа зээлийн эргэн төлөлт ямар байгаа талаар тодруулсан юм.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 8400 зээлдэгч зээл авснаас 7200 нь зээлээ бүрэн төлсөн. Одоогоор 1200 гаруй зээлдэгч байгаагаас 300 гаруй нь муу зээлийн ангилалд багтсан. Эзэн холбогдогч нь нас барсан есөн зээлдэгч, гадаад руу оргон зайлсан зургаан зээлдэгч, прокурортой хамтран ажиллаж байгаа дөрвөн зээлдэгч байна. Муу зээлийн ангилалд багтсан зээлдэгч нараас 200 гаруйг нь хуулийн байгууллагад өгөөд маргаад явж байна. Энэ асуудал дээр бэрхшээлүүд их гардаг. Зээл авснаа хүлээн зөвшөөрсөн ч төлөхгүй гэдэг.
2020 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдахдаа зөрчилтэй хэсэг дээр ажиллах нэгж байгуулсан нь үр дүн өгч байна. 2020 оноос өмнө жилдээ зөрчилтэй хэсгээс хоёр тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2023 онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Зээлээ төлдөггүй зээлдэгч нарын асуудлыг хуулийн байгууллагад өгөхөөр шүүх дээр нэлээн уддаг, 3-4 жил болдог. Цаашлаад шүүхийн шийдвэр гүйцэтгэл гээд явдаг. Үнэлгээн дээр маргадаг, сүүлдээ хоёр чих ав гэдэг.