СОНГУУЛЬ УГТАЖ 1072 ХУВЬЦААГ “АМИЛУУЛАХ” НЬ АРГАА БАРЖ БУЙН ДОХИО ЮУ
Нүүрсний хулгайн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан цагаас нь эхлээд л үе үеийн эрх баригчдын сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэрээ болгож ирсэн гэдэг нь ил болсон.
Сонгуулийн амлалт болгож тараадаг бэлэн мөнгөний эх үүсвэрийг ч, төрийн эрх баригчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлдэг гэдгийг үе үеийн удирдлагууд нь хэлж байлаа. Чалькогийн өрөөс эхлээд Хүний хөгжлийн сангийн хуримтлалын мөнгө, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэр, цар тахлын үеийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хөнгөлөлтийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашгаас төлж ирсэн. Угтаа бол эрх баригч намынхны сонгуулийн санхүүжилтээ гаргадаг урдаа барьдаг ганц хөрөнгийн эх үүсвэр нь энэ болсон гэж хэлэхэд буруудахааргүй байна.
Ирэх сонгуулиар ч эрх баригчдын намын санхүүжилт нь “Эрдэнэс Тавантолгой” ХК болох нь. Өөрөөр хэлбэл, өчнөөн жил тус компаниас иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг шаардаж байсан ч өдийг хүртэл нүдэн балай чихэн дүлий явсан төр саяхнаас гэнэт сэрж, монголчуудыг тус компанид хувьцаа эзэмшдэг гэдгийг санав. Ингэхдээ Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлж, 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх зүйл заалтыг тусгахаар болсон гэх. Цаашлаад сонгуулиас өмнө Сар шинийг угтаж, иргэдэд ногдол ашиг тараах нэрийдлээр бэлэн мөнгө тараахаар цэхэж эхэлсэн гэх яриа ч олны дунд гарч эхэллээ. Тэр байтугай нэгж хувьцаанд ноогдох ногдол ашгийн үнийн дүнг өсгөж бодож, 1072 хувьцаанд буюу нэг иргэнд ойролцоогоор 400-500 мянган төгрөг бэлэн тараахаар бэлтгэл ажлаа базааж эхэлсэн гэх.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ““Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр болж, тогтоолын төслийг өргөн барихаар боллоо.
Засгийн газраас гаргасан 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 хүртэл хувийг иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх, эхний ээлжинд 20 хувийг иргэдэд, 10 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэхээр заасан. Мөн 2012 онд Засгийн газраас хувьцаа эзэмшигчтэй холбоотой тогтоол гарсан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн. УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 8-нд батлагдсан тогтоолд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх ёстой” гэсэн чиглэл өгсөн. Засгийн газраас УИХ-д өргөн барих тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт иргэд бүрэн эзэмшиж байх. Нэг ёсондоо өнөөдөр 2.5 сая иргэн 18.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шинээр мэндэлсэн хүүхдүүд, Монгол Улсын харьяат болсон иргэндээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг жигд хүртээх тогтоол өргөн барих боллоо” хэмээн мэдэгдсэн.
Мөн уг тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа ногдол ашиг хэчнээн төгрөг ногдохын тооцоолох боломжтой гэж байлаа. Өчигдөр мөн УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг яаралтай горимоор, намрын чуулган хаахаас өмнө хэлэлцүүлнэ гэдгээ ч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Ийн эрх баригч намынхан ногдол ашиг тараах ажлаа шуурхайлахаар болсон нь илт байна. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг тус компанийн онцгой дэглэмийг цуцалсны дараа өгөх эсэхийг шийдэх боломжтой хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдаанаар тус компанид өнгөрсөн арваннэгдүгээр сард дахин онцгой дэлгэм зургаан сараар тогтоох шийдвэр гаргаж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах хуулийн төсөл санаачлан УИХ-ыд өргөн мэдүүлсэн ч дэмжээгүй. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй хамтатган уг төслийг дахин хэлэлцүүлэхээр болсон гэх яриа ч Саарал ордноор гарч эхэлжээ. Угтаа бол эрх баригч нам хийгээд сөрөг хүчнийхэн аль аль нь сонгуулийн өмнө 1072 хувьцаа ноогдол ашиг гэж бэлэн мөнгө тараах ажилд гар нийлж оролцох нь тодорхой болж байх шиг байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцүүлэн баталчихвал 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эрх хэрэгжиж эхлэх нь тодорхой. Сонгуулийн жилүүдэд бэлэн мөнгө тараах ажил шуудардаг бичигдээгүй хууль үйлчилж эхэлсэн нь ийн биелэлээр олох нь.
Ерөөс сонгууль болгоны өмнө бэлэн мөнгө тарааж, иргэдийн саналыг эргүүлэх оролдлого энэ сонгуулиар ч хэрэгжих нь тодорхой болж байна. Эндээс эрэх баригч намын ирэх сонгуулиар дахин сонгогдохын тулд эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхээс ч шийхэгүй нь бололтой. Эцэст нь сонгууль угтаж 1072 хувьцааг “амилуулах” нь аргаа барж буйн дохио болж байна.