Зөвхөн нэг өдөрт 478 халтирч гэмтжээ
2024 оны нэгдүгээр сарын 05-наас 09-ний хооронд буюу сүүлийн 5 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2012 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна.
Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан аж.
Зөвхөн нэг өдрийн байдлаар буюу 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр халтирч унасан 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 6 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:
- 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3749,
- 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 5156 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.
Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.
ЗӨВЛӨМЖ (ЦАНА ЧАРГА)
Иргэдийн хувьд:
- Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох
- Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх
- Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх
- Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх
- Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх
- Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх
- Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.