8000 орчим сурагч, эцэг, эхчүүдийн хүний эрхийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлсэн сургагч багш нарт ХЭҮК ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

0

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүргийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэн сурагчдад хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын гишүүд, хуульч, өмгөөлөгч зэрэг 40 оролцогчийг “Үндсэн хууль-Манай сургуульд” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хамруулж, сургагч багшийн сертификат олгосон юм.

Комиссоос бэлтгэгдсэн дээрх сургагч багш нар нийт 8 баг болж 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний хооронд “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, “Хууль дээдлэх ёс”, “Шударгаар шүүлгэх эрх”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”, “Тэгш эрхийн зарчим, ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдвээр Улаанбаатар хот, 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8000 орчим сурагчдад сургалт орж, хүүхэд залуусын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Хүний эрхийн боловсрол сургалтыг сайн дурын үндсэн дээр хүүхэд, залууст хүртээмжтэй, тэгш хамруулж, бусдыг манлайлж, зохион байгуулж, үр дүнтэй ажилласан сургагч багш Б.Ардак, Г.Бат-Отгон, Б.Эрдэнэчимэг, Р.Хатансайхан, Д.Амараа нарыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ, референт Э.Сансар нар өнөөдөр /2024.01.24/ хүлээн авч талархал илэрхийлэн, цаашид хамтран ажиллах чиглэлд санал солилцлоо. 

Хүндэтгэлийн уулзалтын үеэр Комиссын дарга Д.Сүнжид хүний эрхийн боловсрол, мэдлэг, ойлголт нь ажил, амьдрал, суралцах зэрэг нийгмийн бүхий л харилцаанд оролцоход чухал байр суурь эзэлдэг гэдгийг тодотгоод хүний эрхийн боловсролыг хүүхэд, залууст бага наснаас нь олгох Комиссын ажилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа сургагч багш нарт талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр сургагч баш нар дараах санал гаргалаа.

СУРГАГЧ БАГШ Б.АРДАК: Хүний эрхийн хичээлийн цаг дуусаж, хонх дуугарчхаад байхад сурагчид асуулт асуумаар байна гэж байсан. Нэг сургуулийн сурагчид асуултуудаа дугтуйд хийгээд надад дамжуулж өгөхийг жижүүрээс гуйсан байна лээ. Эндээс үзвэл, хүүхэд, залуус эрхээ мэддэг, хамгаалж чаддаг, үүргээ биелүүлдэг, хариуцлагаа ухамсарладаг байхыг хүсэмжилж байгаа нь илт харагдсан. Сургуулийн орчинд хүүхэд хүүхдээ дээрэлхэхээс илүүтэй багш, эцэг, эхчүүдээс хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дарамт их байна Тиймээс сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийг хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох сургалтад үе шаттай хамруулах нь зүйтэй. 

СУРГАГЧ БАГШ Д.АМАРАА: Хүний эрхийн боловсрол түгээх замаар нийгмийн соён гэгээрүүлж буй Комиссын албан хаагчдад талархал илэрхийлье. Тиймээс хүний эрхийн боловсрол олгох хичээлийн хөтөлбөрт сэтгэцэд нөлөөт бодис, эм, бэлдмэлийн хор хөнөөлийг таниулсан агуулга тусгах саналтай байна.

Түүнчлэн Батлан хамгаалах яамтай хамтарч цэргийн ангиудад хүний эрхийн чиглэлийн хичээл заахаар төлөвлөсөн. Ирэх гуравдугаар сараас ажил хэрэг болно.

СУРГАГЧ БАГШ Р.ХАТАНСАЙХАН: Би ерөнхий боловсролын зургаан сургуульд сургалт орсон. Тэр дундаа тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт орох үед хүлээлтээс давсан үр дүн гарсанд маш их урамшсан. Эндээс идэвх санаачилгатай сурагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн тэднээр дамжуулан үе тэнгийнхэнд нь хүүхдийн эрх, хүний эрхийн боловсрол түгээх нь оновчтой байх болов уу гэдэг саналтай байна.

СУРГАГЧ БАГШ Б.ЭРДЭНЭЧИМЭГ: Би Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан сургалт түлхүү орсон. Хүний эрхийн төрлийг сурагчдад тайлбарлаж, ойлгуулахдаа бодит амьдралтай тулгуурлах нь оновчтой санагдсан. Учир нь “Та нар сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаж байна уу” гэж асуухад “Бид сонгуульд санал өгөх насанд хүрээгүй” гэж сурагчид хариулсан. Тэгэхээр нь ангийн даргаа сонгох, нэр дэвшихээс эхлээд сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр гэдгийг тайлбарлахаар ойлгох жишээтэй. “Хорих ангид хоригдсон хүнд эрх байгаа юу” гэж асуухад хариулж чадах сурагч тун ховор байсан. Энэ бүхнээс үзэхэд, хүний эрхийн боловсролыг бүх нийтэд олгох хэрэгцээ, шаардлага тулгамдаж байна. Тиймээс нас насанд нь тохирсон сургалтын заах арга зүй боловсруулж, багш нарын ур чадвараас харилцан туршлага солилцох саналтай байна.

СУРГАГЧ БАГШ Г.БАТ-ОТГОН: Зарим хувийн хэвшлийн сургуулиудад хүний эрхийн чиглэлийн сургалт орох хүсэлт гаргахаар хүлээж авахгүй байна. 2022-2023 онд нийт 9000 хүүхдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт орсон. Хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэнээс хойш “Халдашгүй дархан байх эрх” сэдвээр дагнаж хичээл заасан. Сурагчид идэвх санаачилгатай оролцсон. Миний зүгээс сургагч багш нар маань бусад сургагч багш нартай туршлагаасаа хуваалцаасай гэдэг хүсэлтэй байна. Түүнчлэн хорооны иргэний танхимын зохион байгуулагч нарыг сургагч багшийн сургалтад хамруулах нь зүйтэй.

Сургагч багш нарын гаргасан дээрх саналыг нэгтгэж, ажил хэрэг болгохоо Комисс илэрхийлээд 2024 онд “Үндсэн хууль-Манай сургуульд” сургалтын хөтөлбөрөөр сургагч багш бэлтгэх сургалтыг дахин зохион байгуулж, хүүхдүүдэд зориулсан хүний эрхийн сургалтыг тасралтгүй зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг танилцууллаа.

Б.Ардак-Нийт 3600

  • Ерөнхий боловсролын 1, 4 дүгээр сургуулийн ахлах ангийн 9-12 ангийн сурагчдад
  • Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн 7-8 дугаар ангийн сурагчдад
  • Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдад
  • Хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын зургаан сургуулийн сурагчдад
  • Ерөнхий боловсролын 450 багш, 120 эцэг, эхийн төлөөлөл зэрэгт 

Г.Бат-Отгон:  Нийт 1660

  • Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн 6 бүлэг
  • Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 3 бүлэг
  • Ерөнхий боловсролын 104 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 4 бүлэг
  • Ерөнхий боловсролын 124 дугаар сургуулийн 9-12 ангийн 7 бүлэг
  • Ерөнхий боловсролын 9, 67, 76,105, 151 дүгээр сургуулийн 8-аас 12 дугаар ангийн 25 бүлэг
  • Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад
  • Ерөнхий боловсролын “Төгс дэлгэрэх” сургуулийн 7дугаар ангийн 30 сурагчад
  • МУИС-ийн 200 гаруй оюутан
  •  МУИС-ын харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад 

Б.Эрдэнэчимэг: Нийт 1850

  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн сурагчдад
  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 10Б ангийн сурагчдад
  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7в, 9д, 10а, 10б ангийн сурагчдад
  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн бага, ахлах ангийн сурагчдад
  • Хэрлэн сумын Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн сурагчдад
  • Шинэ хөгжил цогцолбор сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад
  • Дорнод аймгийн Ерөнхий боловсролын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн ахлах, дунд ангийн ангийн сурагчдад
  • Хан-Уул цогцолбор сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын зөвлөлийн сурагчдад
  • Политехник коллежийн сурагчдад
  • Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сурагчдад

Р.Хатансайхан:

  • Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад
  • Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад
  • Ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад 

Д.Амараа-Нийт 318

  • Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Нүүдлийн боловсрол зусланд 3 удаагийн ээлжийн сурагчдад
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Үзэсгэлэнт-Амитава” ТББ-ын хүсэлтээр 120 орчим оролцогчдод
  • Орхон аймгийн цэргийн 186 дугаар ангийн 100 гаруй цэрэг, алба хаагчдад Шударгаар шүүлгэх эрх сэдвээр сургалт зохион байгуулсан. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *