Мөрийтэй тоглогч: Ар гэрийнхэн уурлаж, бухимдан хүчээр харьцаж эхлэхээр л улам цаашаа явж, хамаг байдгаа тавьж эхэлдэг юм билээ
Мөрийтэй тоглоомд донтсон иргэд хамаг байдгаа тавьж өр зээлэнд орохоос эхлээд сэтгэл зүйн хямралд өртөж, амиа хорлоход хүрдэг талаар сэтгэлзүйчид анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2023 онд мөрийтэй тоглоомоос болж зургаан хүн амиа хорложээ. Энэ сэдвийн хүрээнд мөрийтэй тоглож, амиа хорлохыг завдаж байсан иргэнтэй ярилцлаа.
-Мөрийтэй тоглоомыг хэзээнээс тоглож эхлэв?
-Хоёр жил гаруй болж байна. Анх бага багаар тоглож байгаад нэг мэдэхэд донтчихсон байсан. Өөрийгөө донтсон гэдгийг мэдэхгүй болчихдог юм билээ. Би уурхайд ажилладаг байсан юм. 14/14 хоногоор ээлжилж ажилладаг.
-Гэр бүлтэй юу?
-Гэр бүлтэй байсан. Охин маань хоёр нас хүрэх гэж байгаа. Эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаад жил болж байна. Энэ асуудлаас болоод саяхан шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан.
-Мөрийтэй тоглоомд өөрийгөө донтсон гэдгийг хэзээ мэдэв?
-Хүн өөрийгөө донтсон гэдгийг мэддэггүй, хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Гэхдээ анхаарах нэг зүйл нь донтсон хүнтэй хүчээр харьцаж болохгүй юм шиг санагдсан. Эхнэр маань энэ тухай сонсоод намайг шууд л нүүр нүдгүй цохиж аваад, авч шидээд дайрчихдаг байсан. Донтсон хүнтэй ийм байдлаар харьцахад улам цаашаа явуулдаг. Хадмууд маань ч бас иймэрхүү байдлаар харьцдаг байсан. Нэгэнт буруу зүйлд донтчихсон хүнтэй аятайхан, учир эвийг нь олоод харьцах ёстой юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд өөр дээрээ харж байгаа. Уг нь тухайн үед байрны урьдчилгаа олчих гээд хичээж явсан үе. Мэдээж буруу зүйлд орчихсон, үүнийг ар гэрийнхэн маань улам их үзэн ядаж, сэтгэл зүйн дарамт өгч байсан учраас цуглуулсан мөнгө төгрөгөө тоглоомдоо зориулаад улам баларсан. Дээр нь машин тэргээ алдаад, эхнэр маань ч салахаар болж, сүүлийн үед л өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө засах гэж хичээж явна.
-Хэр их хохирол амссан бол?
-Банканд 20 сая төгрөг, аппликейшнд долоон сая төгрөгийн зээлтэй байна даа. Ямартаа ч энэ өрүүдээ хагаслаад төлөхөөр хичээж байна.
-Өр зээл, ар гэрийн асуудал, дээр нь тоглох гээд энэ бүхэнд сэтгэл зүйн хувьд ямар байдлыг бий болгож байв?
-Маш хэцүү шүү дээ. Шөнө нойр хүрэхгүй, мөнгө бодогдоод л. Өр зээлүүдээ яаж хаах вэ гэж толгой өвдөнө. Эрх биш өөрийгөө бишидсэнийг, тоглоомд донтсоноо мэдсэн болохоор тайван байхыг хичээж байна. СЭМҮТ-д хандаж үзсэн. Хоёр удаа очсон. Архины хамааралтай хүмүүс хүмүүстэй хамт сургалтад суулгадаг юм билээ. Тэр нь зохимжгүй санагдсан болохоор дахиж очоогүй.
Өөрөө л өөртэйгөө тэмцэж, дахиж тоглохгүй, бүтэн нойртой хонож амрах гэж хичээж байна. Мэдээж гэр бүлээ алдана гэдэг үгээр зүйрлэшгүй. Гэр бүлээсээ салах сонирхол байхгүй. Хүүхдээ өнчрүүлэх ямар ч бодол байхгүй. Гэвч энэ байдлыг эхнэр маань хүлээн зөвшөөрөхгүй салахыг хүссэн. Уг нь би архи тамхи хэрэглэдэггүй, буруу зуршилгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан.
-Тэгээд яагаад мөрийтэй тоглоом тоглодог болчихсон юм бэ?
-Эхнэр маань манайхыг бодвол боломжийн амьдралтай айлын хүүхэд л дээ. Тийм хүнтэй хамт амьдраад эхлэхээр баян, хоосны ялгаа их харагддаг юм билээ. Энэ нь сэтгэл зүйд маш их нөлөөлдөг. Би бол цалингаас цалингийн хооронд л явдаг. Гэтэл эхнэр маань намайг үл хүндэтгээд л, өөр нөхрүүдтэй харьцуулаад, тэрний нөхөр сард найм, есөн саяыг олдог гэнэ гэдэг. Ах дүүс ч тийм байдлаар харьцаад эхлэхээр “Мөнгө олох ёстой юм байна, ахиухан олоод өгвөл гайгүй болчих байх” гэж бодогдох болсон. Ингэж яваад л орчихсон хэрэг.
-Тэгээд мөрийтэй тоглоомоос ашиг олсон уу?
-Эхэн үед олдог л байсан. Сүүлдээ хяналтаа алдаад баларсан. Олохоос алдсан нь их. Угаасаа цаанаасаа, онлайн покер гэдэг луйвар л гэсэн үг.
-Өр зээлд орсон залуус амиа хорлох тохиолдол гардаг. Өөрийн чинь эргэн тойронд ийм хүмүүс байв уу?
-Би нэг хэсэг эвгүй байдалд ороод амиа хорлох гэж оролдож байсан. Тоглоомд орчихсон, өр зээлтэй учраа олохгүй явж байхад аав маань гэнэт нас барж маш хүнд цохилт болсон. Дээр нь эхнэр маань үл хүндэтгэж, боол зарц мэт л харьцдаг байдалд гутраад орой болгон согтууруулах ундаа хэрэглэх болсон. Нэг өдөр бүр байрны цонхоор үсэрч амиа хорлохыг оролдоод больсон. Архи, пиво огт амсдаггүй хүн ийм болтлоо сэтгэл зүйн хямралд орсон доо.
Ийм байдлаа найз нөхөд эргэн тойрны хүмүүстээ хэлж чаддаггүй. Тэд надад итгээд, тоглохгүй байгаа гээд бодчихсон байдаг. Гэтэл донтчихсон хүмүүс дахиад л нууцаар тоглоод байдаг.
-Таны хувьд ар гэрийнхний дэмжлэг чухал гэдгийг олж харжээ?
-Тийм ээ. Мэдээж ийм нөхцөл байдалд хүргэсэн нь миний буруу. Гэхдээ нөхцөл байдал нэгэнт л ийм болчихсон үед ар гэрийнхэн нь эвтэйхан яриулж, засахыг хичээх ёстой гэдгийг ойлгосон. Бүх зүйлийг нь яриулж итгэлийг нь олж авч нээлттэй болгох хэрэгтэй. Хойшид яаж ч тоглож, эргэж буцаж итгэлийг чинь алдаж болох хамгийн муу үр дүнд хүргэхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, хамтдаа даван туулах тийм үйл явц юм билээ. Цаг хугацаа ч их орно. Түүнээс биш тэр дороо хаячихна, уучлаад ганц итгэхэд эрүүл болчихно гэх боломжгүй. Хамтын хүчин чармайлт, ойлголцол үйл явц шаардана гэдгийг л гэр бүлүүд ойлгоосой гэж хүсч байна. Донтоод өрийн дарамтад орчихсон, өөр олон сэтгэлийн дарамтад давхар орсон хүний сэтгэл зүй үнэхээр хүнд байдаг. Гэр бүлийнхэн нь ойлголцож чадахгүй бол сэтгэлзүйчид хандаад гурвалсан байдлаар сэтгэл заслын үйл ажиллагаа явуулах ёстой.
-Сэтгэлзүйчийн зөвлөгөө тусламж ийм үед маш чухал. Ялангуяа амиа хорлох үйлдлийг сэтгэл заслаар л аварч чадна гэдэг юм билээ?
-Тэгэлгүй яах вэ. Нөгөө талаар гэр бүлийн харилцаа гэдэг зүйл маш чухал гэдгийг хэлмээр байна. Эхнэр хүн гэдэг эр нөхрөө сайн ойлгож бусад нөхрүүдтэй харьцуулахгүй, мөнгө санхүү гэж зовоолгүй өөрт байгаадаа сэтгэл хангалуун хамтдаа хичээх ухаантай байх хэрэгтэй санагдсан. Нэг нэгэндээ итгэж, ойлголцохоо больсноос үүсдэг юм уу гэж харсан.
Сэтгэлзүйч Ц.Энхбат: “Тоглохоо больчихвол л боллоо шүү дээ” гэдэг ч донтсон хүнд тоглоом нь амьдралынх нь утга учир болчихсон байдаг
-Залуус мөрийтэй тоглоомд ямар учраас донтдог юм бэ?
-Донтолт гэхээр хэм хэмжээ, хязгаар яригддаг. Донтолтын хэм хэмжээг ярихаас өмнө хувь хүний сэтгэл зүйн асуудал руу орох ёстой. Үүний цаана донтолтын сэтгэл зүйн суурь явагдаж байдаг. Нэг ёсондоо сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй донтолт бий болдог. Жишээ нь, сэтгэлзүйчид хамгийн их хандаж байгаа нь бит / бооцоот тоглоом/ тавих, PC тоглоомд донтох явдал их байна. Бит дээр ярихад энэ төрлийн донтолтын суурь нь сэтгэл зүйн хэрэгцээнүүд хангагдаагүй байдагтай холбоотой. Тухайн гэр бүлийн хүрээнд хүүхдүүд аав ээжээсээ ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй. Тэр хэрэгцээг нөхөхийн тулд ямар нэгэн зүйлд донтох тал руугаа явдаг.
-Хэрэгцээ хангагдаагүй гэдгийг тодруулахгүй юу?
-Жишээ нь, аав ээжүүд хүүхдийг урамшуулах хэрэгцээ гэж бий. Хүүхэд аав ээждээ үнэлэгдэх, өөрийнхөө байр суурийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ байж болно.
Гэтэл тоглоомд донтох гэдэг тухайн хүүхэд ямар нэгэн тоглоом тоглонгуут үе дамжих тусам чи мундаг байна, чи сайжирч байна гэж цол ахих систем байдаг. Энэ нь аав ээжээс авч байгаагүй хайр халамж, урамшууллын хэрэгцээг нөхөж байдаг.
-Мөрийтэй тоглоомд донтсон хүний сэтгэл зүй ямар болдог юм бол?
-Донтсон хүмүүс сэтгэл зүйн хувьд хамгийн түрүүнд өөрсдийгөө хамгаалах механизм үйлчилж, үгүйсгэж эхэлдэг. Би тоглоомд ороогүй, донтогч биш гэж дайрдаг. Гэвч үнэндээ мөрийтэй тоглох, бит тогтмол хугацаанд тавьсаар байгаад тэр амьдралынх нь нэг хэсэг болчихсон байдаг. Тэр тоглоомоо тоглохгүй л бол тархи нь тэр процессыг нэхээд эхэлнэ.
Нэг ёсондоо мөрийтэй тоглох гэдэг тархинд аз жаргалтай, тухтай байх мэдрэмжийг төрүүлдэг болчихож байна шүү дээ. Гэр бүлийн асуудал үүслээ, ямар нэгэн бэрхшээлтэй тулгарлаа гэхэд тоглоомоо тоглож түүнээс зугтаадаг. Өөрийг нь тайвшруулах нэг арга болчихож байна гэсэн үг. Ингээд ирэхээр тухайн хүнд үнэт зүйл үгүй болж эхэлдэг. Мөрийтэй тоглоомд донтох хамгийн ноцтой зүйл нь гэр бүл ч бай, ажил төрөл, найз нөхөд ямар ч үнэ цэнэгүй болчихдог.
-Шийдлүүд нь үр дүн авчрахгүй, амьдрал амар хялбар биш гэдэгтэй нүүр тулахаар л амиа хорлохыг сонгодог-
-Ингэж явсаар амиа хорлох эрсдэлд хүрдэг үү?
-Донтолтыг ярихаас өмнө тухайн хүний сэтгэл зүйн асуудал руу орох хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг бол сэтгэл зүйн дархлааны суурь ойлголт юм шүү дээ. Мөрийтэй тоглоомд донтсон хүн амиа хорлох үйлдэл хийнэ гэдэг маш их урт хугацаа, сэтгэл зүйн олон асуудалтай нүүр тулдаг. Нөгөө талд амиа хорлох сэдлийг өгч байгаа зүйлүүд их байна гэсэн үг. Амиа хорлох гэдгийн цаана санхүү, нийгмийг байдал, гэр бүлийн харилцаа гээд олон хүчин зүйл бий.
Тэдгээр хүмүүс асуудлаа шийдэх гээд хичээгээд л яваад байна. Үр дүн байхгүй болохоор хялбар шийдэх арга эрэлхийлж эхэлнэ. Үүний нэг нь мөрийтэй тоглох, бит тавих. Ингээд мөнгө олох боломжтой юм байна гэж боддог. Гэтэл бодит амьдрал гэдэг тийм ч амар хялбар биш, санаснаар болохгүй шүү дээ. Үүнтэй нүүр тулаад л, нөгөө бодсон зүйлүүд үр дүн авчирч чадахгүй болохоор ерөөсөө үүнийг шийдэх арга нь амиа хорлолт гэж бодож эхэлдэг.
-Амиа хорлох үйлдлээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Гэр бүл, ойр тойрны хүмүүс нь юуг анхаарах ёстой вэ?
-Мөрийтэй тоглосноос болж сэтгэл зүйн маш хүнд нөхцөл байдлыг туулж байгаа хүмүүс олон бий. Тэдгээр хүмүүст хэлэхэд өөрийнхөө хийж чадах хамгийн зүйл, давуу тал, нөөц боломжийг илрүүлэх ёстой. Өөрийнхөө сэтгэл зүйг удирдах ёстой гэсэн үг. Мэдээж сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
Нөгөө талд ингэж өөрийгөө ойлгож ухаарсан ч гэр бүлийн хүрээнд ойлгодоггүй. Өөрийгөө дийлэх гэж, ялах гэж оролдож байх үед эргэн тойрны хүмүүс өөрийн мэдэлгүйгээр сэтгэл зүйн дарамт учруулж байх нь ч бий. Сэтгэлзүйчийн хувьд зөвлөхөд тухайн донтсон хүнтэйгээ ойр байж, илүү ойлгож дэмжих нь хамгийн сайн үр дүн авчирдаг.
Донтолт гэдэг хувь хүний асуудал биш. Найз нөхөд, эргэн тойрны, гэр бүлийн асуудал болоод хувирчихдаг. Наад зах нь сэтгэл засалчтай хамтраад гурвалсан байдлаар ажиллах ёстой. Тэгэхгүйгээр сэтгэл зүйн хувьд хүнд байгаа хүнийг гадна байгаа хүмүүс маш хөнгөнөөр хардаг. “Тоглохоо больчихвол л боллоо шүү дээ” гээд л байдаг. Гэтэл нөгөө хүнд нь мөрийтэй тоглоом гэдэг амьдралынх нь утга учир, өдөр тутмын хэмнэл нь болчихсон байгаа. Байнга уудаг зүйлээсээ гэнэт татгалзахад тархи түүнийг нь нэхээд байдаг. Ийм л зүйл болно. Урт хугацаанд тухайн асуудалтайгаа тэмцдэг. Наад зах нь өдөр бүр тоглох мэдрэмжтэйгээ ажиллана гэсэн үг. Тамхи татах хүсэлтэй тэмцэж байгаатай адил. Товчхондоо, маш урт хугацааны сэтгэл зүйн тулаан байдаг. Үүнийг л ар гэрийнхэн ойлгож, хамтран тэмцэх нь илүү үр дүнтэй.