Д.ОТГОНЖАРГАЛ: Дашваанжил газын автомашин цагийн хязгаарлалтын дагуу зорчих зөвшөөрөл аваагүй байсан
БЗД-ийн 26 дугаар хороонд гарсан галын нөхцөл байдалтай холбоотой Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр “Цагийн хязгаарлалттай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах журам гэж байдаг. Аюултай гэлтгүй хүнсний бараа тээвэрлэж байгаа автомашиныг ч цагийн хязгаарлалтад оруулдаг. Уржигдрын болсон осолд дурдагдаж байгаа тээврийн хэрэгслийн хувьд манайхаас цагийн хязгаарлалтын дагуу зорчих зөвшөөрөл аваагүй байсан. Бүсчлэлийн хязгаар гэж байдаг. Аюултай аюулгүйгээс үл хамаарч замын хөдөлгөөний эрчим буурсан үед тээвэрлэлт хийх журамтай. Манай улсад мөрдөгдөж буй стандартыг мөн харгалзана. Нэг тэнхлэгт хамаарах жин тонн мөн эсэх, ямар аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн эсэхийг харгалзан манайхаас цахимаар зөвшөөрөл олгодог” гэлээ.