Н.Энхбаяр: Манай улс “МАНАН”-д төөрчихсөн явна

0

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Нийслэл бонд босгож, орон  сууц барих эрхийг УИХ-аас авлаа. Төр зээл авч байшин барих нь зөв үү. Та эдийн засагч хүнийхээ хувьд үүнд ямар суурьтай байна вэ?

-Нэгд, макро эдийн засгийн төсөөлөл зөв байх ёстой Тодруулбал, ирээдүйд эдийн засаг тэлэх гэж байна уу, эсвэл хямралаас болж саарах гэж байна уу гэдгийг тооцох хэрэгтэй. Жишээлбэл, ковидын өмнө өр тавьчихвал маш том алдаа болох нь. Тиймээс эдийн засгийн цаашдын хандлагаа маш зөв тодорхойлох хэрэгтэй.

Бондоо танилцуулахдаа олон улсын зах зээл дээр бондын танилцуулга гэж хийдэг. 2012 онд Чингис бонд гаргахад тэр үеийн танилцуулга дээр Монгол Улс бараг Азийн бар болно гэж бичиж байсан. Энэ бол маш өөдрөг төсөөлөл, завсрын бусад эрсдэлийг нь тоогоогүй. Тийм өндөр төсөөлөл дээр бонд босгохоор өр үүсгэж байна гэдгийг эндээс харж болно.

Хоёрт, тэр барилга юм уу, авто замыг барих мөнгө бидэнд байгаа юу гэдгийг эхлээд бодох ёстой. Богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр зам барих уу гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Улаанбаатар хотод зээлээр барьсан маш олон авто зам байна. Нисэх, Налайхын зам, Замын цагдаагийн гүүр гээд бүгдийг Хятадын Засгийн газрын зээлээр барьсан. Гэхдээ тухайн үед зээл авч байхад энэ хэмжээний мөнгө манай төсөвт байсан. Эдгээр замыг улсын төсвийн мөнгөөр барих шийдвэрийг Их хурал гаргаж болох байсан. Гэтэл тухайн үеийн Зам тээврийн яам, Сангийн яам хувилбартай тооцоолол хийгээгүй учраас өөрт байсан төсвөө 365 сумандаа соёлын төв бариад үр ашиггүй төсөл рүү хийчихсэн. Тэгээд хөрөнгө оруулалтын мөнгө дутангуут гадаадын зээл авсан. Тэгэхээр макро эдийн засгийн алдаа эндээс эхэлж байгаа юм. Тиймээс төсөв ялангуяа хөрөнгө оруулалтын зардлыг маш оновчтой зөв зүйл рүүгээ зарцуулдаг байх хэрэгтэй байна.

Уг нь хууль нь бий. Хөрөнгө оруулалтын төслийг сонгоход эрэмбэлэх журамтай. Мэргэжлийн комисс сууж байгаад эдийн засгийн үр ашиг, эргэн төлөгдөх нөхцөл, хүү, нийгмийн үр ашиг гэж байгаад шаардлага хангасан төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Гэтэл үүнийг зөрчөөд байна. Зөрчих зөрчихдөө Засгийн газрын түвшинд зөрчиж байна. Нөгөө тойргийн гишүүддээ мөнгөө хуваарилаад дутаж байгаа мөнгөө гадаадаас өндөр хүүтэй зээлж байна. Нэг үгээр анхны сонголтоосоо л алдаа хийж байгаа юм. Энэ алдаагаа засахгүй бол дараа дараагийн шийдвэр ч алдаатай болно. Улсын төсөв ч бай орон нутгийн төсөв ч бай анхнаасаа шийдвэр гаргаж байгаа тогтолцоо нь буруу учраас буруу л яваад байна. Хөрөнгө оруулалтын төслийг эрэмбэлнэ гэж хуульд заасан байхад эрэмбэлэхгүй л оруулаад ирж байна. Бараг 70 хувийн оноо авчихсан худаг гэдэг төслийг нийгэм эдийн засгийн ач холбогдол 20 хувь гэж нэмээд л 90 хувьтай учраас энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл мөн гэж үнэлээд оруулж байна. Энэ нь батлагдсан хууль бүх юмаа зөрчөөд байна. Энэ бүхэн бидэнд өр үүсгэж байна шүү дээ.

-Төсөвт мөнгө байгаа ч тойргуудын үр ашиггүй бүтээн байгуулалтыг санхүүжүүлээд мөнгө дутахаар гаднын өндөр хүүтэй зээл авч байна гэлээ. Түүнээс манай төсөвт том төслүүдийг санхүүжүүлэх боломж байгаа юм уу?

-Эдийн засаг дээр гадаад худалдааг өсгөхөд хамгийн их саад болж байгаа зүйл бол манай цахилгаан дэд бүтэц хоёр байна. Энэ хоёрыгоо хийж чаддаггүй. Хийх гэхээр заавал гаднаас маш өндөр хүүтэй зээл авах болчихоод байдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд манай улс хоёр төслийг л амжилттай, сайн хэрэгжүүлсэн. Мянганы зам, хөдөө орон нутгийн цахилгаанжуулалт. Үнэтэй, үр ашиг багатай ч энэ бол суурь.

Цаашдаа хийх шаардлагатай Алтанбулаг Замын-Үүдийн транзит зам, боомтууд, төмөр зам, цахилгаанжуулалтаа бараг бодож байгаа хүн алга. Энэ төмөр зам бараг Монголын төмөр зам мөн үү. Энэ тухай бодож байгаа юм алга байна. Жилийн эцэст Улаанбаатар төмөр зам ачаа эргэлтээ тэдэн сая тонноор давуулчихлаа гэж пи-ар хийдэг. Гэтэл тэр тээсэн ачааны 30-40 хувь нь Эрээний экспортын ачаа. Монголын ачаа биш. Тэгэхээр манай төмөр зам эдийн засгийг эрчимжүүлэх, бага өртгөөр тээвэрлэх ёстой үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Түүнийг нь бид олж харж чадахгүй байна. Уг нь төмөр зам Тяньжин, Замын-Үүд дээр ямар ч ачаа хуримтлагдахгүйгээр хурдан хугацаанд тээвэрлэх ёстой. Дэлхийн банкнаас гаргадаг Өрсөлдөх чадварын судалгаан дээр Монгол Улсыг хамгийн доош нь татдаг үзүүлэлт бол Эрээн экспортын ачаа тээвэрлэлтийн өртөг, хугацаа. Төв Азийн бүх улсаас хамгийн удаан, хамгийн өндөр үнэтэй. Нэг контайнер 6000-7000 ам.доллар. Ийм байхад Монгол Улсын ямар ч экспортын бараа гадаад зэх зээл дээр өрсөлдөж чадахгүй, дампуураад унана.

Урд хөршид 300-350 км цагийн хурдтай галт тэрэг явж байхад бид ядаж 150 км цагийн хурдтай ачаагаа тээвэрлэж байж экспорт, импорт гэдэг утга учиртай болно. Тэгж байж манайд баригдаж байгаа барилга, дэд бүтцийн өртөг буурна. Буурдаггүй юмаа гэхэд ядаж өсөлт нь саарна.

-Тэгвэл Их хурлын бүсчилсэн тойрогтой болсноор ядаж төсвийн хөрөнгөөр үр ашигтай төсөл санхүүжүүлэх боломжтой болох  уу?

-Энэ бол зөвхөн нэг арга зам нь. Үүний цаана институт гэдэг юм нь ажиллахгүй байна. Зөв төслийг сонгох ёстой институт буюу манайхаар Эдийн засаг хөгжлийн яам өдөр тутмын тойргийн сонирхолтой байгаа улсын төсвийн хуваарилалтаас илүү улс орны алс хэтийг бодсон зорилготой байх ёстой. Үүний тулд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гэж баталсан. Үүн дотор урт, дунд, богино хугацаа гээд хуваачихсан. Алсын хараа гэдэг юмаа баталчихсан. Дараа нь дунд хугацааны бодлого нь байх ёстой. Гэтэл харамсалтай нь дунд хугацааны бодлогоо бараг мартчихсан. Төсөв гэдгээс өмнө дунд хугацааны бодлого байх ёстой. Салбарын бодлого нь бараг тодорхойгүй болсон. 2020 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Алсын хараа хоёрыг батлаад дунд хугацааны баахан хөтөлбөрийг хүчингүй болгочихсон. Одоо үүгээр явахгүй, цомхон, цөөхөн төслөөр явна гэчихээд тэр төслүүдээ баталдаггүй. Тухайлбал, эрчим хүчний салбар ойлгомжгүй байгаа. Усан цахилгаан станц барих юм уу, дотоодын эрчим хүчнээсээ хэдэн хувь хангах юм гээд. Гэтэл тэр бүх бодлого Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод байсан. Үүнийг хүчингүй болгочихсон. 2030 гэхэд эрчим хүчний салбар хаана хүрэх гэдэг нь ойлгомжгүй байна шүү дээ.

-Төлөвлөгөө байхгүй л яваад байгаа юм байна?

-Манантай, төөрчихсөн. Төөрчихсөн учраас ойрхон харагдаж байгаа гоё гялалзсан юм руу яваад байна. Тэнд нэг гоё худаг, гоё соёлын төв гээд. Тэр нь иргэдэд гоё санагдана. Яах вэ 5000 хүнд соёлын төв гоё санагдана. Гэтэл улс орны хэмжээнд тэр соёлын төвөөс ямар ч үр ашиг бий болохгүй.

-Төр ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлдэг болсон байна гэж байна. Гэтэл төр зээл авч байшин барих нь зөв үү, буруу юу?

-Үүнийг эхлээд улстөрчид нь шийдэх ёстой. Засгийн эрх барих гээд байгаа нам мөрийн хөтөлбөр дээрээ тодорхой тусгах ёстой. Дэлхийн бүх улс орнууд ийм зарчмаар л явна. Бид засгийн эрх баривал төрийн оролцоог энэ хэмжээнд бууруулна гэж бодлогоо гаргаж ирэх ёстой. Тэгж байж бодлого нь зөв болно. Тэгэхгүй бол нэгэнт батлагдсан мөрийн хөтөлбөрийн дараа бид энэ нь зөв, буруу гэж сонгоод оновчтой үр дүн гарахгүй.

-Тэгвэл намуудын мөрийн хөтөлбөрөөс эхлээд зөв, буруугийн талаар ярих нь. Эрх барьж байгаа намуудын мөрийн хөтөлбөр алдаатай явж ирсэн нь өнөөдрийн үр дүн үү?

-Тийм ээ, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр алдаатай, мэргэжлийн бус. Манай улс төрийн намууд сонгуулийн жилийн хавар бужигнаад л алга болдог. Мөрийн хөтөлбөр дээр нь мэргэжлийн хүн ажилласан гэж хэлэхэд ч эргэлзээтэй. Бараг л атомын цахилгаан станц барина гээд биччихсэн байдаг.

Метро барина гэж ойрхон зорилго бичихэд метрогоо хэрхэн барих талаар мэдлэг, ойлголт судалгаа байхгүй. Тиймээс улс төрийн намууд маш хариуцлагатай, тооцоотой байж амлалтаа өгөх, мөрийн хөтөлбөрөө боловсруулах ёстой. УИХ ч гэсэн Засгийн газрын хөтөлбөрийг батлахдаа бодит хөрсөн дээрээ буусан хөтөлбөр баталж байж түүнийг дагаж гарах төсөв, мөнгөний бодлого зөв чиглэл рүүгээ явна.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *