Н.Мишигдорж: Хоёр жолоочийг 48 цагийн хугацаатай баривчилсан
Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн танилцуулгын үеэр хоёр хоногийн өмнө болсон гэнэтийн осол, хэргийн мөрдөн байцаалтын талаарх мэдээллийг өглөө.
Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Н.Мишигдорж:
– Хэргийн газарт 89 мөрдөн байцаагч, 51 шинжээч үзлэг хийсэн. Хуульд зааснаар хурдан хугацаанд үзлэгийг хийж тухайн өдрийн 22 цагт дуусган авто замын хөдөлгөөнийг нээсэн.
Цагдан хорих арга хэмжээг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсаны дараа авдаг арга хэмжээ. Харин хоёр жолоочийг 48 цагийн хугацаатай баривчилсан. Бусдад их хэмжээний хохирол учруулсан, гурван хүний амь нас хохирсон тул сэтгэл санааны байдлаас үүсэх эрсдэлийг тооцоолж баривчилсан. Тухайн автомашин нь Батлан хамгаалах яамны албаны машин байсан.
“Дашваанжил” компани буруутай эсэх, хоёр жолоочийн аль нь буруутай гэдгийг мөрдөн байцаалтын үйл ажиллагаагаар тогтоохоор ажиллаж байна. Ямар зүйл ангид таарах гэмт хэргийн шинжтэйг тодорхойлсны дараа “Дашваанжил” компани буруутай эсэхийг тогтоох боломжтой.