СУРВАЛЖИЛГА: Туул голын хамгаалалтын бүсэд Сүхбаатарын талбайг найм нийлүүлсэнтэй тэнцэх газарт хог хуримтлагджээ
Төв цэвэрлэх байгууламжаас урагш, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонгинын булан орчмын 32 га газар. Энд хур хог хаягдалд дарагдаад арван жил болжээ. Уг нь энэ газар Туул голын хамгаалалтын бүс, “Дулааны цахилгаан станц 3”-ын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд хамаардаг.
Гэтэл яагаад, хэн онцгой бүсэд хог хаяв? 1970-1990 онд Туулын хөндийгөөс элс, хайрга олборлож байжээ. Үүний улмаас нийт 210 орчим га газрын хөрс хөндөгдөж, нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн аж. Нэгэнт эвдэрч сүйдсэн, дээр нь хариуцаж тордох хүнгүйн улмаас 2013 оноос хойш 32 орчим га газарт барилгын хог хаягдал олон зуун тонноор нь зөөж асгах болжээ. 32 га газар гэхээр танд ямар хэмжээтэй гэдэг нь төсөөлөгдөхгүй байх вий. Энэ бол Сүхбаатарын талбайг найм нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний, маш том талбай.
Нийслэл, дүүргээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад энэхүү бүсэд тодорхой зориулалтаар газар эзэмшүүлжээ. Гэвч газар ашиглах эрх авсан аж ахуйн нэгжүүд тухайн газрыг тэгшлэх зорилгоор зориуд хог асгуулж, “Хог асгуулна” гэсэн зар тавьсан зөрчил ч илэрчээ. Жолооч нар ачсан хогоо хотоос 20–30 км явж хүрэх Морингийн даваа, Улаан чулуут, Цагаан давааны хогийн цэгт хүргэлгүй зарын дагуу хамгаалалтын бүсэд асган, шатахууны зардлаа хэмнэсэн аж. Зүй нь барилгын компаниуд харьяа дүүрэгтэйгээ гэрээ байгуулж, хогийн цэгт буулгасан баримтаа баталгаажуулж, төлбөр хураамжаа төлөх ёстой ч хууль журамгүй, хариуцлагагүй байдал Туул голын ай савд “газар авчээ”.
ХАМГААЛАХЫН ТУЛД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВСАН УУ?
Туул голын сав газрын захиргаанаас 2014 онд таван га орчим талбайг цэвэрлэн, анхааруулах самбар байршуулжээ.
Гэвч дүүрэг, хорооноос хяналт тавиагүй тул дахин хогонд дарагдсан байна.
Хамгаалалтын бүсийн дэглэмийг сахиулж, хог хаях зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид арга хэмжээ авах талаар Нийслэлийн Засаг дарга зэрэг зохих байгууллагад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ. Мөн хамгаалалтын бүсийн нэг цэгт камер суурилуулж, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хяналт тавьсан ч төсөв хөрөнгийн асуудлын улмаас зогссон гэж Туул голын сав газрын Мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга Б.Оюунболд хэлэв.
НБОГ-ын хяналтын хэлтсийн дарга Б.Ганболд дараах хариуг өглөө. “Тухайн бүс нийтийн эзэмшлийн талбай байвал манай байгууллагаас Хог хаягдлын тухай хуулиар хороо, дүүрэг, нийслэлийн засаг даргад эрх үүргийнх нь хүрээнд чиглэл өгч ажиллана. Энэ 32 га газар нь нийтийн эзэмшлийн талбай биш.
ААН-ийн хувийн хэвшлийн газар. Манай байгууллагаас тухайн газрыг яагаад хувийн хэвшилд өгсөн бэ гэх асуултыг Газрын албанд хүргүүлсэн. Заасан хугацаанд багтаж хариу ирмэгц хуримтлагдсан хогийг цэвэрлэх шаардлага хүргүүлнэ. Хогоо цэвэрлээгүй байж газар олгосноор Газрын алба хуулиа зөрчсөн. Ер нь Худгийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд орсон газрыг хувийн хэвшилд өгсөн нь асуудал мөн. Ямартай ч газар эзэмшсэн долоон байгууллагад бид үүрэг өгнө. Заасан хугацаанд цэвэрлээгүй бол Газрын албанаас зөвшөөрөл цуцлах шаардлагыг өгнө. Цуцлаагүй тохиолдолд Газрын албыг АТГ, хуулийн байгууллагад өгч шалгуулна. Газрын алба газар олголтоо цуцалж, нийтийн эзэмшилд буцааж өгвөл бид дүүрэгт нь хугацаат үүрэг даалгавар өгнө гэв.
ГАЗАР ЭЗЭМШИЖ БУЙ ДОЛООН ААН
- 2017 оны тавдугаар сарын 24-ААН-ын мэдээлэл байхгүй
- 2018 оны тавдугаар сарын 30- “Мөнх-Анта” ХХК
- 2021 оны гуравдугаар сарын 23- ААН-ын мэдээлэл байхгүй
- 2023 оны нэгдүгээр сарын 4- “Би Өү Жи Жи” ХХК
- 2024 нэгдүгээр сарын 3- “Ойман” ХХК
- 2024 оны нэгдүгээр сарын 3- “Өсөх синержи прайм” ХХК
- Мэдээлэл байхгүй ААН-29976 га. Эх сурвалж: gazar.gov.mn
Төр цэвэрлэж чадахгүй бол аж ахуйн нэгжийн хариуцлагаар цэвэрлүүлэх үү?
Хориглолт, хязгаарлалтын бүсэд хамаардаг нийтийн эзэмшлийн газрыг ямар үндэслэлээр хувийн хэвшилд олгосон талаар Нийслэлийн газрын албанаас тодрууллаа.
Нийслэлийн Газрын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Энэ газар хувийн өмчид бүрэн шилжээгүй. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн газрыг өмчлөөгүй, гэрээгээр эзэмшиж байгаа гэсэн үг. Таны хэлсэн энэ байршил Туул голын усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг дамнан байршдаг. Онцгой хамгаалалтын бүсэд газар олгох нь мэдээж хориотой. Харин энгийн хамгаалалтын бүсэд дэглэмийн шаардлага хангуулан газар олгох боломжтой.
Энэ газрыг 2015 онд НИТХ-ын 50 дугаар тогтоолд өргөтгөн нэмж, онцгой бүсэд оруулсан. 2023 оны Барилга хот байгуулалтын сайдын А67 дугаар тогтоолоор бүх төрлийн хориглолт хамгаалалтын бүсэд газар, эзэмших ашиглах эрх олгосон газруудыг цуцлах асуудлыг хэлэлцэж, оны эхнээс цуцалж эхэлсэн. Бид тухайн ААН-д хяналт шалгалт хийнэ. Газар эзэмшиж буй ААН хог хаягдлыг хогийн цэгт асгая гэтэл хогийг ангилаагүй хэмээн авдаггүй гэх гомдол бий. Хяналт тавьж, хариуцлага тооцох чиг үүрэг Байгаль орчны газарт л бий. Газрыг 2017 оноос олгож эхэлсэн. Хог 2013 оноос хуримтлагдсан. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаанд дорвитой хяналт тавьж ажиллаагүй нь хяналтын байгууллагын буруу
ШИЙДЭЛ ЮУВЭ?
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга н.Нэмэхбаяр хувийн аж ахуйн нэгжид олгосон газарт тодорхой тайлбар өгөх боломжгүй гэв.
Асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалт Хог хаягдлын тухай хууль, бусад дүрэм журамд хангалттай бий. Гэтэл эрх бүхий байгууллагууд нь хууль, журмаа мөрдүүлэхгүй, хяналт тавих үүргээ умартаж, хариуцлагагүй иргэд, аж ахуйн нэгжүүдийн ухамсаргүй үйлдэл, ашиг хонжоо харсан үзлээс болж байгаль орчин бохирдсоор.
Бурууг биес рүү гээ чихсээр буух эзэн, буцах хаяггүй болж, онцгой бүс дэх 32 га газрыг цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Бид энэ асуудлаар дахин сурвалжлах болно.
Эх сурвалж:gogo.mn