ГАР ХООСОН АВРАГЧ, ХУУЧИН БАГАЖНААС ӨӨР ТЕХНИКГҮЙ ОНЦГОЙГИЙНХОНД ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ

0

Хоёрхон хоногийн өмнө 30 ч хүрээгүй гурван залуу аврагч эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амьд эрсэдлээ. Хуучин хүрзнээс өөр “техникгүй” улаан гараараа гал унтраах гэж ороод хайртай хүмүүстээ эргэж очсонгүй. Ердөө сар гаруйхны хугацаанд Монгол Улс дөрвөн залуу аврагчаа, дөрвөн гэр бүл, хайртай хүү, хань, аавыгаа алдлаа. Бид хэзээ аврагчдаа улаан гараар нь гал руу “хөөж” оруулахаа болих вэ. Бид хэзээ алдсаныхаа дараа халаглаж, харамсаж суухаа больж, аврагчдаа “аварч” чадах вэ…

                              Өнгөрсөн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 24-нд Дүнжингаравын уулзварт болсон ослын үеэр галт унтраах дуудлагаар очсон гурван залуу аврагч амиа алдсан. Мөн өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт галыг унтраахаар ажиллаж байсан 20 гаруйхан настай залуу аврагч алдсан харамсалтай хэрэг гарсан. Монголчууд сарын дотор ид хийж бүтээх, ажиллах насан дээрээ үүргээ биелүүлж байсан дөрвөн залуу аврагчаа алдлаа.

Бид үргэлж алдсаныхаа дараа халаглаж, харамсаж суудаг. Уг нь алдаагүй байхдаа ч харж, хянах, шаардах боломж байсан ч тэгдэггүй. Үүнээс ч  болоод хуучин багажнаас өөр техникгүй аврагчдын, аврах албаны нөхцөл байдал сайжирдаггүй. Онцгой байдлын албаныхны хангалт, техник, төхөөрөмж муу байдаг асуудал жил бүр яригддаг. Жил бүр олон аврагч хуучирсан хүрзнээс өөр багаж, техникгүйгээр улаан гараараа гал руу орж, их, бага хэмжээгээр бэртэж, гэмтэж байдаг. Тэр болгонд аврагчдын хангалт муу, хувцас нь стандартын дагуу мөн эсэх асуудал яригддаг ч тэгээд л нам болдог. Гэтэл аврагчид гомдоллох ч аргагүй өөрт ногдсон, Онцгой байдлын газарт нь байгаа хуучин хэдэн багажаа болохоос нь болохгүй хүртэл ашиглаж, өөр өөрсдийн туршлага, чадвараар тултал нь гаргаж ажиллаж ирсэндээ Онцгой байдлын албаны нэр хүндийг унагалгүй өдийг хүргэж. Харин одоо ОБЕГ шаардлагатай техник, хэрэгсэлгүй, аврагчид аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн асуудалтай байдаг нь тод томруун харагдаж байна.

Дүнжингаравын уулзварт болсон ослын үеэр зэргэлдээн 12 давхар 60 айлын орон сууц галд өртөж, дээд давхрууд нь шатсан. Онцгой байдлын албаныхан иргэдийн амь нас, эд хөрөнгийг нь хамгаалахыг хэчнээн хичээж ажиллаад ч аргагүй гар мухардсан. Барилгын 12 давхар бүхэлдээ шатаж байхад аврагчид гал шат сунаж, дээд давхрыг галыг унтраах гэсэн ч шат нь хүрээгүй. Тухайлбал, ОБЕГ-т байгаа хамгийн урт галын шат нь 28 метр буюу есөн давхар хүртэл сунадаг учир арга үгүй 12 давхрын галыг унтраахад шат богинодож, арга мухардсан аврагчид улаан гараараа гал унтраах гээд орж байгаа харагдсан. Уг нь 12 болон түүнээс дээш давхарт сунадаг шат байсан бол аврагчид цаг алдалгүй галыг унтраах боломжтой байлаа. Гэсэн ч манай Онцгой байдалд хангалттай техник, төхөөрөмж байсангүй. Гэтэл гаднын орнууд 12 давхрын галыг унтраах гэж цаг алдах нь битгий хэл 20 болон түүнээс ч дээш давхар руу сунадаг галын шаттай, зарим оронд робот аврагчийг галын голомт руу оруулж, гал унтраадаг болж. Цаашлаад, өндөр барилга, байгууламжид гарсан галыг тусгай дрон, нисдэг тэргээр өндрөөс унтраах бөгөөд зарим орон өндөр орон сууцнууддаа осол, галын аюулын үед ашиглах зориулалттай тусгай шат айл болгонд гаргаж өгсөн байх аж. Хамгийн наад зах нь гэхэд, барилгын бүх давхар, айл болгоныг гал унтраах технологи, галын дохиоллоор бүрэн хангаж, хуучирсныг нь шинэчлэн сольж, суурилуулж өгдөг болж. Гэхдээ энэ зохицуулалт, технологи манайд үгүй.

Саяхан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцгой байдлын аврагч нарын хангалт муу, галын хувцсаа дундаа хувааж хэрэглэдэг тухай дурдсан. Түүнчлэн онцгой байдалд төсөв хүрдэггүй талаар онцолсон. Улсын аюулгүй байдал, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын төлөө тангараг өргөж, үнэнчээр ажиллаж байгаа онцгой байдлынханд хөрөнгө оруулах шаардлагатай байна. Гал унтраадаг робот нь биш юмаа гэхэд, улсдаа байгаа хамгийн өндөр барилгынхаа дээд давхарт хүртэл сунадаг галын шат, хуучин багажнаас өөр техникгүй байгаа аврагчдадаа хангалттай хувцас, хэрэглэл болгох. Хэрэв үүнийг эрт анзаараад, ядахнаа шинэ багаж, хэрэгсэлтэй болгочихсон байсан бол хэдэн гэр бүл хайртай хүүгээсээ хагацахгүй, хэдэн өрх орох оронтой, эд хөрөнгөө алдаагүй байх байсан бол… Бид хэзээ хуучин багажнаас өөр техникгүй аврагчдаа улаан гараар нь гал руу “хөөж” оруулдгаа болих вэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *