Мөрийтэй тоглоомд донтсон 20-35 насны залуус СЭМҮТ-ийг зорьж байна

0

Мөрийтэй тоглоомд 20-35 насны залуус донтож, их хэмжээний өрөнд орж байна.  Цар тахлаас хойш амьдралаа дэнчин тавьж өрөнд орсон залуусын тоо эрс нэмэгджээ. Энэ талаар NTV телевизийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлтгэсэн мэдээллээр, мөрийтэй тоглоом тоглож буй залуусын ихэнх нь боловсролын түвшин өндөр аж. Мөн математикийн мэргэжилтэй байх нь нийтлэг гэнэ. Улмаар тоглоомоос болж өрөнд орсон залуус үүнийгээ аль болох нууцалж сэтгэлзүйчтэй ганцаарчлан уулзахыг хүсдэг байна. Энэ тухай СЭМҮТ-ийн донтолтын зөвлөх, нийгмийн ажилтан Ж.Гинжир “Залуус амьдрах утгагүй боллоо гэж сэтгэлээр их гутардаг. Ийм хүмүүстэй ганцаарчлан ярилцах нь хамгийн чухал. Бид нэн түрүүнд хүнээ аврахын тулд  сэтгэлзүйн эмчилгээ хийж, улмаар  мөрийтэй тоглоомын хор хөнөөлийн сургалт явуулдаг. Ганцаарчлан сургалт явуулахгүй бол бүлгээр хүндрэлтэй байдаг. Энэ бол архины донтолтоос өөр” гэж телевизид ярьжээ.

Мөрийтэй тоглоомд донтсон залуусын хувьд ихэнх нь  хамгийн багадаа таван сая төгрөгөөс 300 сая хүртэл төгрөгийн дэнч тавиад алдсан байдаг аж. Гэхдээ хувь хүний онцлог, хөрөнгийн хэмжээнээс хамаарч сэтгэлзүйн хямрал харилцан адилгүй илэрдэг байна. Жишээ нь, мөрийтэй тоглоомд таван сая төгрөгөө алдаад амиа хорлох оролдлого хийх нэгэн байхад 300 сая төгрөг алдсан ч өрнөөсөө гарах тухай бодож сэтгэлзүйн зөвлөгөө авах, эмчилгээ хийлгэхээр СЭМҮТ-д хандах нь ч бий. Тус төвийн Их эмч  Ж.Гантулга “Гэр бүлтэй болсон, амьдрал нь тогтож боломжийн орлоготой болсон хүмүүсийн хувьд хохирол нь өндөр гарч байна. Оюутан залуусын тухайд орлого харьцангуй багатай байгаа хүмүүс  тав, арван мянган төгрөгөөс эхлэн тоглож байна. Гэхдээ хүмүүс мөрийтэй тоглоом тоглохоороо алдахдаа дасч эхэлдэг юм байна. Энэ бол аюултай” гэсэн юм.

Мөрийтэй тоглоом тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон залуусын хувьд СЭМҮТ-ийг зорих нь сүүлийн жилүүдэд ийн нэмэгдсэн болохыг эмч мэргэжилтнүүд ярьж байлаа.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *