ГССҮТ: Дэлбэрэлтэд өртсөн 3 хүний биеийн байдал маш хүнд буюу амь насны заалттайгаар эмчилгээ хийлгэж байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ ачсан автомашин, патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч амиа алдсан.
Мөн 60 айлын орон сууц галд өртөж, 14 түлэгдэн эмнэлгийн тусламж авч буй юм.
Бид ГССҮТ-өөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал ямар байгааг тодруулахад, “Дэлбэрэлтэд өртсөн нийт 14 хүн ГССҮТ-д ирсэн. 4 хүнд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж гэрт нь буцаасан бол 10 хүн нь хэвтэн эмчлүүлж байна. 10 хүний 6 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаагийн 3-ийнх нь биеийн байдал маш хүнд буюу амь насны заалттайгаар эмчилгээ хийлгэж байгаа бол 3-ийнх биеийн байдал хүнд байна. Үлдсэн 4 хүн нь түлэгдлийн төвийн тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь дунд буюу тогтвортой байгаа” гэлээ.