Буруутай этгээд хохирлыг нөхөн төлнө. НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээллээ.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан:
-Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан.
Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа.
Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна.
“Дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй”
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Түймэрт өртсөн иргэдийн хоёр зочид буудалд байрлуулсан. Засгийн газрын нөөц сангаас түймэрт өртсөн иргэдийн орон сууцыг засварлаж хэвийн болгох хүртэлх хугацаанд түрээсийн зардлыг гаргахаар тогтсон. Ажил амьдралын олон асуудал үүсдэг тул иргэд өөрсдийнхөө амьдралын хэв маягт тохирсон байрыг сонговол түрээсийн мөнгийг нь төлнө. Өнөөдөр зарим айл түрээслэх байраа олсон гэх мэдээллийг авсан. Холбогдох хүмүүст шуурхай ажиллаж байгаа.
Түймэрт өртсөн орон сууц, объектод хуулийн үнэлгээ хийх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. 29 автомашин ашиглах боломжгүйгээр бүрэн шатсан. Нэмээд 35 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр түймэрт өртсөн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг тогтооно” гэв.
Дашваанжил газ дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалт хийхээр ажлын хэсэг оржээ. Дэлбэрэлтээс үүдэлтэй цэвэр усны шугамд гарсан гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан аж.
Түүнчлэн дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд холбогдох хэмжилтүүдийг хийхэд ямар нэгэн химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй. Глобал сургуулийн сурагчдын ар гэрийнхний хүсэлтийн дагуу долоо хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа.