Монгол дахин “моодонд” орох уу?
БНСУ-ын “Кум яанг” ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт энэ сарын 16-нд гарын үсэг зурав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан айлчлалын үеэр хоёр улсын хооронд Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсэн. Энэ дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг байгуулав.
“Эрдэнэс Монгол” ХХК, “Кум Яанг” ХХК нь хоёр улсын хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээний нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Талууд чухал ашигт малтмалын хамтарсан судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах, сургалт, семинар зохион байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Стратегийн орд, стратегийн ашигт малтмал гэж дуулснаас чухал ашигт малтмалын талаар бид төдийлөн сайн мэдэхгүй. “Эрдэнэс Монгол” нэгдлээс газрын ховор элемент ашиглах нь эдийн засагт чухал нэмэртэй гэж үзэн зах зээлийн чиг хандлага, нөөц нэмэгдүүлэх боломж, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод тулгуурлан чухал ашигт малтмалуудыг
- Неодиум (Nd),
- Диспрозиум (Dy),
- Лити (Li),
- Никель (Ni),
- Зэс (Cu),
- Жонш (CaF2),
- Вольфрам (W),
- Төмөр (Fe) гэж тодорхойлов.
Чухал ашигт малтмал гэх нэр томьёог хамгийн анх 1939 онд АНУ-д ашиглажээ. Эдийн засагт чухал нөлөөтэй, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэлтэй, дэлхийн эдийн засгийн гэнэтийн цочрол, өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй бол чухал ашигт малтмал гэж үзнэ. Иймд улс бүрийн чухал гэж үзсэн ашигт малтмал харилцан адилгүй байна.
“Австрали эрчим хүчний шилжилтэд шаардлагатай чухал ашигт малтмалынхаа нэр төрлийг нэмлээ. Фтор, молибден, хүнцэл, селени болон теллурыг орчин цагийн технологи, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал гэж үзэн нэмсэн гэж Австралийн Байгалийн баялгийн сайд онцоллоо. Харин гелийг чухал ашигт малтмалын жагсаалтаас хасжээ. Чухал ашигт малтмалын салбарт АНУ, Австрали хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Энэтхэг-Номхон далайн бүсэд БНХАУ-ын нөлөөг бууруулахыг зорьж байна” хэмээн Блүүмбэрг Монгол телевиз өнгөрсөн сард мэдээлсэн байна.
Мөн адил эх сурвалж өнгөрсөн наймдугаар сард дараах мэдээллийг хүргэжээ.
-БНЭУ ногоон эрчим хүчний шилжилтэд шаардагдах түүхий эдийн дотоодын хэрэгцээг найдвартай болгохын тулд ирэх дөрвөн сарын хугацаанд чухал ашигт малтмалын 100 гаруй нөөцийн блокийг дуудлагаар худалдах болжээ.
Блокууд нь никель, лити, кобальт, цагаан алт, газрын ховор элемент зэрэг эрдэс бүтээгдэхүүний зориулалттай болохыг тус улсын Уул уурхайн Төрийн нарийн бичгийн дарга Вивек Бхарадваж мэдээлсэн. Энэтхэг цэнэг хураагуур, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн зангилаа төв болох, нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэхийн тулд чухал ашигт малтмалын аюулгүй байдлыг хангахаар яаравчиллаа. Тус улс одоогоор лити, кобальт, никель зэрэг голлох ашигт малтмалуудыг дотооддоо олборлодоггүй.
Олон улсын болон дотоодын олборлогч компаниудыг татаж, оролцоог нь нэмэхийн тулд тус улсын Засгийн газраас хайгуулын зардлын талыг нөхөн олгоно. Учир нь уурхайг ашиглалтад оруулахад компаниуд багадаа гурван жил зарцуулна.
Улс орнууд ийнхүү чухал гэж үзэж буй ашигт малтмалаа зарлан, хайгуул олборлолтыг нь эрчимжүүлэх, татаас өгөх замаар төрийн бодлогоор дэмжихээ илэрхийлж эхлэв.
Харин бид ???
Монгол дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 19 дүгээрт бичигддэг. Манай улсад нүүрс, зэс, газрын ховор элементийн баялаг нөөц бий. Гэхдээ нөөцтэй гээд цээжээ дэлдэн суувал хол хоцорно. Мөн нөөц бүр баялаг болдоггүй. Тэрхүү нөөцийг судалж шинжилж, олборлож ашигтайгаар борлуулсны дараа л эрдэс баялаг болдгийг анхаарах хэрэгтэй.
Ямартаа ч төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол” чухал ашигт малтмалын чиглэлээр эхний хамтын ажиллагааг БНСУ-тай эхлүүллээ.
Бас нэг санамж бичиг
Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез манай улсад айлчилсан. Эн үеэр Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт Монголын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах чадавхыг хөгжүүлэхэд техникийн чиглэлээр дэмжих талаар тусгажээ.
АНУ манай гуравдагч хөрш орон. Гэсэн ч тус улсаас төрийн өндөр албан тушаалтнууд Монголд айлчлах нь маш ховор. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга буюу Ерөнхийлөгчийнхөө дараа, хоёрдугаарт тооцогдох албан тушаалтны орлогч Улаанбаатарт ирээд буцав. Санамж бичгийн агуулга БНСУ-ын талтай байгуулсан санамж бичигтэй ойролцоо байгааг та анзаарсан байх.
Дараагийн дарга ирэв
Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн /2023.04.25/ дөрөвдүгээр сард манай улсад айлчилсан. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт оролцсон хэвлэлийн хуралд “Уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тиймээс бид онцгой, чухал ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хүсэж байгаа. Энэ талаар ноён Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярьлаа. Бид зэс хайлуулах үйлдвэртэй. Энэ чиглэлд Монголчуудтай хамтран ажиллах байх гэж найдаж байна” гэв.
Энэ бүхнээс өргөн уудам газар нутагтай ч эрэл хайгуулыг бүрэн хийгээгүй манай улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын овоо хараанд өртжээ хэмээн дүгнэж болно. Тэд чухал ашигт малтмалын чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Иймд дээр дурдсан санамж бичгүүдийг гэрээ болгон шат ахиулах, бодит ажил хэрэг болгох шаардлагатай. Монгол “моодонд” орж буй энэ цонх үеийг дээд зэргээр ашиглах хэрэгтэй юм. Учир нь урд хөрш энэ салбарт хэдийнэ байр сууриа эзэлж, олборлогчоос боловсруулагч гүрэн болж хувирав. АНУ, Австрали, Канад гэх мэт барууны орнууд хятадын нөлөөг бууруулахын тулд хүч хавсарч байна.
Жишээ нь, АНУ цахилгаан машин, батерайн үйлдвэрлэлд ашиглах ашигт малтмал, металлыг зөвхөн АНУ-тай чөлөөт худалдааны гэрээтэй улсуудаас олборлоно, худалдан авна гэдгээ зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, тэд дайснаасаа, өрсөлдөгчөөсөө олборлохгүй, худалдан авахгүй, зөвхөн найзаасаа авна гэдэг шинэ стратеги баринa.
ШУТИС-ийн багш, судлаач М.Дагваас чухал ашигт малтмалын чиглэлд манай улс ямар байр суурь эзэлж, хэнтэй хамтарч, хэрхэн олборлох ёстой талаар тодруулав.
-Байгуулагдаад удаагүй байгаа Чухал ашигт малтмалын ассиоциацын талаар мэдээлэл өгөөч. Ямар хэрэгцээ шаардлагад үндэслэж энэ байгууллага бий болов?
-Чухал ашигт малтмал буюу олон улсад критикал минерал, критикал металл хэмээн нэрлэж буй ашигт малтмалын асуудлуудыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд оруулах шаардлагатай гэж үзсэн бидний хэсэг судлаач хамтран Монголын чухал ашигт малтмалын ассиоциац байгуулан, энэ чиглэлд баримтлах бодлогын төсөл боловсруулж, Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн барьсан.
Чухал ашигт малтмалын эргэн тойронд асар хурдтай өрнөж буй үйл явдлуудыг тасралтгүй ажиглаж, Монголд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг тодорхойлох, олдсон боломжийг алдалгүй ашиглах тал дээр илүү төвлөрөхийг хичээж буй хүмүүсийн нэгдэл гэж ойлгомоор юм уу даа.
Түрүүлж хөдөлсөн улсуудад чухал ашигт малтмалтай холбоотой бялуунаас томоохон зүсэм олдож магадгүй.
-Чухал ашигт малтмал уруу яарах ямар шалтгаан байгаа вэ?
-Бусад улс яаравчлаад эхэллээ. Саудын Араб гэхэд чухал ашигт малтмалын эрэл хайгуулд олон сая ам.долларын хөрөнгө оруулахаа зарлав. Лаос, Вьетнам улсууд БНХАУ болон барууны орнуудын аль алинтай нь хамтран ажиллаж эхэллээ. Түрүүлж хөдөлсөн улсуудад чухал ашигт малтмалтай холбоотой бялуунаас томоохон зүсэм олдож магадгүй байна. Иймд бид яахаараа хоцрох ёстой гэж.
-Мана нүүрсний экспортын хэмжээ, орлого өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Чухал ашигт малтмал гэж анхаарлаа сарниулахын оронд нүүрсэнд илүү төвлөрч, амжилтаа улам бататгах талаар бодох ёстой цаг юм биш үү?
-БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд уул уурхайн боловсруулах үйлдвэрийн салбар томоохон нөлөө үзүүлсэн. Хятадад түүхий эд нийлүүлэх зах зээлийн боломжийг эрт харж, олон жил өгөөжийг нь хүртсэн Индонез, Бразил, Австрали зэрэг цөөнгүй улс бий.
Бид сүүлийн арав орчим жил энэ бялууны зах зухаас амсаж үзсэн. Хятад нүүрсний хэрэглээгээ шат дараатай бууруулах тул магадгүй 2030, 2035 оны үед нүүрсээ өнөөдрийнх шиг хэмжээгээр зарсаар байна гэж итгэлтэй хэлж чадахааргүй болж байна. Австраличууд 1990 оноос тус улсад нүүрс нийлүүлж, хятадын тогтвортой өсөлтийн өгөөжийг олон жил хүртэж байна. Харин бид хаяа залган оршдог ч 2013 оноос л нүүрсээ худалдсан. Тус улс цаашид нүүрсэн цахилгаан станц байгуулахгүй, ийм станцыг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдэв. 2025 оноос хятадын нүүрсний импорт буурах төлөвтэй байна. Бид урд хөршид 2035 он хүртэл нүүрс худалдах боломжтой.
-Энэ нөхцөлд бид яах ёстой вэ. Манай экспортын гол түүхий эд нүүрс, ганц худалдан авагч нь БНХАУ.
-Нүүрсний хэрэглээ буурах ч металлын хэрэглээ зөрөөд өсөх төлөвтэй. Монгол улстай чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах сонирхлоо өндөр түвшинд илэрхийлж эхэлж буй улс цөөнгүй байна. Чухал ашигт малтмалын нөөц, боломж өндөр улсуудын хувьд цаашид зөвхөн олборлогч, түүхий эд нийлүүлэгч бус, харин чухал ашигт малтмал ашиглан тодорхой түвшний боловсруулалт хийгдсэн, бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер оруулж ирэх, технологи нийлүүлэх улстай хамтран ажиллах сонирхол илэрхийлж байна.
Бид мөн иймэрхүү санаагаа илэрхийлсэн чухал ашигт малтмалын талаар баримтлах бодлого боловсруулаад зарлачихвал түнш улсууд манайтай харилцах хэлбэрээ тодорхойлоход нэмэртэй юм даа. Өндөр хөгжилтэй орнууд чухал ашигт малтмалд суурилсан гадаад харилцаа явуулж эхэлсэн.
Үүнийг өнгөрсөн онд манай улсад ирсэн, барууны орнуудын өндөр түвшний айлчлалууд батална. Бид гуравдагч хөршийн бодлого боловсруулан, хэрэгжүүлдэг. Энэ баримт бичигт чухал ашигт малтмалын чиглэлээр хэрхэн ажиллахаа яаралтай тодорхойлж, нэмж тусгах хэрэгтэй. Цахилгаан машины эрчимтэй үйлдвэрлэл, чип гэх мэт өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийн орцод чухал ашигт малтмал багагүй хувь эзэлдэг. Иймд үйлдвэрлэгч орнууд эдгээр түүхий эдийн нийлүүлэлтэд онцгой анхаарч байна. Friendshoring гэх шинэ нэр томьёо ч нэвтэрлээ. Энэ нь улс орнууд өөрийн холбоотон улсаасаа чухал ашигт малтмал импортлох тухай юм.
Нүүрсний эрэлт буурч, зэс гэх мэт зарим төрлийн металлын эрэлт өснө хэмээн судлаачид таамаглаж байна. Сүүлийн 200 жилд олборлосонтой ижил хэмжээтэй зэсийг улс орнууд ирэх 20 жилд олборлоно.
-Зэс чухал ашигт малтмал мөн үү. “Оюу толгой”-н гүний уурхайн олборлолт жигдэрснээр манай улс дэлхийн дөрөв дэх том уурхайтай болно. Ингэснээр нүүрсний борлуулалт хумигдах тохиолдолд гарах эрсдэлийг хааж чадах уу?
-Зэсийн эрэлт өндөр, зэсийг их хэмжээгээр олборлогч улсуудад олон талын давуу тал үүсэхээр байна. Канад, Энэтхэг, АНУ зэсийг чухал ашигт малтмалд тооцсон. “Оюу толгой”-н далд уурхай 3-4 жилийн дараа бүрэн чадлаараа ажиллаж эхлэх үед зарах бүтээгдэхүүний хэмжээ өнөөгийнхөөс гурав дахин нэмэгдэнэ.
Гэхдээ Монгол дэлхийн зэс олборлолтын 1.5-2% орчмыг л эзэлж байх болов уу. 5% орчимд хүргэж чадвал зөвхөн зэсийн экспортын орлого 10 тэрбум доллар давж, нүүрсний зах зээл хумигдах тохиолдолд үүсэх эрсдэлийг хаана гэж тооцох хэрэгтэй.
-Яаж тэр түвшинд хүрэх вэ?
-Европын холбоо нийт 18 элементийг чухал ашигт малтмалд тооцов. Одоогоор дэлхий даяар хайгуулд зарцуулж буй хөрөнгө жилд 10-20 тэрбум ам долларын хооронд хэлбэлздэг. Үүний ядаж 1-2%-ийг, чадвал 4-5%-ийг татсанаар ирэх 10 жилд хэд хэдэн ордыг шинээр нээж, эргэлтэд оруулах боломж бүрдэнэ.
Япон улс чухал ашигт малтмалын асуудал хариуцсан агентлагтай. Францад чухал ашигт малтмал хариуцсан засгийн газрын гишүүн шинээр томиллоо. Европын, АНУ-ын, Японы, Хятадын, Энэтхэгийн чухал ашигт малтмалуудын жагсаалтуудад дүн шинжилгээ хийж, зөвхөн зэс төдийгүй бусад чухал ашигт малтмалууд руу анхаарснаар манай улс эдийн засгийн гадаад харилцаагаа хэрхэн тэлэх, эдийн засгаа төрөлжүүлэх ямар боломжуудыг олж авах талаар нэгдсэн байр суурьтай болох юм. Чухал ашигт малтмал Монголын уул уурхайд төдийгүй Монголын эдийн засаг, улс төрд шинэ салхи оруулж ирнэ гэдэгт бид итгэлтэй байгаа.
Хөрөнгө оруулалтаас манай улсад маш бага хувь ногддог. Нийт зардлын нэг хувийг л татаж буй тул эрэл хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хайгуулын зарим төсөл олон жил үргэлжилдэг. “Алсын хараа 2050” баримт бичигт 2050 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 18 мянган ам.долларт хүргэнэ гэсэн. Одоо 5000 ам.доллар байна. Гурав дахин нэмэхийн тулд манай уул уурхайн салбар 30 тэрбум ам.доллар үнэлгээтэй болох хэрэгтэй.
Монгол чухал ашигт малтмалын ямар стратеги баримтлахаа одоооноос тодорхой болгох шаардлагатай. Ингэснээр бид уул уурхайн салбартаа шинэ салхи оруулах боломжтой.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ЗАРЛАСАН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЖАГСААЛТ
Эх сурвалж: Монголын чухал ашигт малтмалын холбоо