Н.Номтойбаяр эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байв
Монголын улс төрд нэр хүнд, олны итгэлийг хүлээх байдлаараа зарим улс төрийн намаас ч хүчтэй хувь улстөрчид бий. Ийм улстөрч тийм ч олон биш. Тэдний нэг нь УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр. Тэрээр 2020 оноос хойш улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй ч иргэд, сонгогчид түүнийг мартаагүй.
Хэзээ нэгэнт цагт улс төрдөө буцаж ирэхийг мэддэг, ирээсэй гэж хүсдэг. Учир нь, түүнд хэнээс ч айхгүй, хэний ч нөлөөнд автахгүй үзэл бодлоо илэрхийлэх, шударга бусын эсрэг дуугарах харизм бий. Ийм байсныхаа төлөө 2020 онд намынхаа удирдлагуудтай зөрчилдөж, МАН-ын гишүүнчлэлээс гарсан.
Мөн түүнийг улс төрөөс хэзээ ч хулгай хийх хүн биш, тийм шаардлага ч байхгүй гэдгийг бүгд мэднэ. Олон нийт түүнд ийнхүү итгэдгийн нэг илэрхийлэл нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэрийг нь тухайн тойргийнх нь 31041 иргэн дэмжиж гарын үсэг зурсан явдал. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэснийх нь дараа түүнийг барьж хорьсон. Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байсан ч Дээд шүүх түүнийг нь хэрэгсэхгүй болгож, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгаж нэг жил хорих ял оноосон юм. Сонгуулиар түүний нэр дэвшсэн тойргоос Г.Амартүвшин 37476, Д.Сарангэрэл 37457, Т.Доржханд 24449 хүний саналаар сонгогдов. Анзаарсан бол УИХ-ын гишүүн Т.Доржханд Н.Номтойбаярыг нэр дэвшихийг дэмжиж гарын үсэг зурсан хүмүүсээс ч бага хүний саналаар УИХ-д сонгогдсон. Хэрэв Н.Номтойбаярыг барьж хориогүй бол өнөөдөр УИХ-д ХҮН нам суудалгүй байх байлаа. Сонгогчдын итгэл, сэтгэлд үргэлж байдаг тэрээр өчигдөр улс төрд эргэн ирж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар болсноо албан ёсоор зарлав. Түүнийг улс төрд эргэн ирэхийг олон нийт мэдэж байсан болохоор гайхаж хүлээн авсангүй. Товчхондоо, Н.Номтойбаярын эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байв.
Монголчууд “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэж ярьдаг. Н.Номтойбаяр 2012 онд анх УИХ-д сонгогдохдоо 34 насантай байсан бол 45-тайдаа “Үндэсний эвсэл”-ийг удирдаж их улс төрд эргэн ирлээ. Тус эвсэлд одоогийн байдлаар хоёр нам нэгдээд байгаа бол сонгуулиас өмнө эвсэх намын тоо нэмэгдэх бололтой. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр улс төрийн илтгэлдээ “Би Монгол хэмээх нэрийг “эвсэх хүч” гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг. Монголчууд бид “эвсэх хүч”-тэй байхдаа гарал үүсэл, газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээс ангид их гүрэн байгуулж, нэг хуульцаазын дор, амар амгалан нэгэн айл болгон төвшитгөх агуу их манлайллыг бүтээж байсан түүхтэй. Би хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсаныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улстөрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн,зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна” гэжээ.
АНУ-ын Индиана мужийн Валпарайсо их сургуулийг Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр бакалавр, Германы Berlin их сургуулийн Бизнесийн удирдлага, инженерингийн магистр хамгаалсан тэрээр сүүлийн хоёр жилийг ч мэдлэг болосролоо дээшлүүлж, өөрийгөө цэнэглэхэд зарцуулжээ. 2022 онд Кембрижийн их сургууль, 2023 онд Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт хамрагдсан байна. Ийнхүү өөрийгөө цэнэглээд их улс төрд эргэн ирж буй түүнийг олон нийт “Одоо юу хийх бол, хэрхэн ажиллах бол” хэмээн анхаарч байгаа. Мөн шударга нийгмийг цогцлооохын төлөө дуугараасай хэмээн хүсэж байгаа нь лавтай.
Н.Номтойбаяр хорихоос суллагдсаныхаа дараа “Улс төрийн хөл хорионд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэж байлаа. Одоо энэхүү үзэл санаагаа ажил хэрэг болгож улс орондоо шударга нийгмийг цогцлоохын төлөө ажиллахыг нь түүний дэмжигчид хүлээж байгаа.
Тэрээр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр сонгогдох үеэрээ өнөөгийн нийгэм, эдийн засаг сайнгүй байгаагийн шалтгааныг улстөрчдийн шунал, улс орны эрх ашгаас илүү амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа байдалтай холбон тайлбарласан байна. Ингэхдээ “Би элэг нэгт монголчуудынхаа адил улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна” гэжээ.