Г.МӨНХБАЯР ХОТЫН ДАРГА БАЙХДАА ХУВЬДАА АВСАН 14.5 ГА ГАЗАР ДЭЭРЭЭ 1800 АЙЛЫН ХОРООЛОЛ БАРЬЖ, ХАГАС ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХААР ЗЭХЭЖ БАЙНА
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС 1999 ОНООС ХОЙШИХ УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ӨӨРСДИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДЭД БОЛОН БУСДАД ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА.
Улаанбаатар хотыг хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ болгож хувиргасан гол буруутнуудын нэг нь Хотын дарга асан Г.Мөнхбаяр. Үүнийг намтар нь ч хэлээд өгнө. Тэр 2000 оноос хойш Ардын намаас албан тушаалын “аагтай” болгоныг авч, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, Хотын ерөнхий менежер, НИТХ-ын дарга, Хотын дарга, Барилга, хот байгуулалтын сайд гэх мэтээр даргын суудал дамжиж заларсан. Угтаа Улаанбаатар хотод 2000 оноос хойш баригдсан барилга байшин бүр Г.Мөнхбаярын гараар дамжсан гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Өдгөө тэр Туркэд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын сэнтийд тухалж буй.
Хүнээр бол эрийн цээнд хүрч, эхнэртэй болох хугацаа буюу бүтэн 20 жил хотыг удирдалцсан Г.Мөнхбаяр АТГ-т өөрийн хөрөнгө орлогоо тун “ядруухан”-аар мэдүүлдэг. Өнгөрсөн 2022 онд л гэхэд 1.3 тэрбум төгрөгийн гурван орон сууцнаас өөр овойж оцойх хөрөнгөгүй, дансандаа 700-хан мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ нь хотоос хулгайлсан, хумсалсан хөрөнгө түй ч байхгүй гэж харагдах гэсэн түүний “бяцхан” заль юмсанж.
Үнэн хэрэгтээ Г.Мөнхбаярын хотоос “хулгайлсан” газар, хууль бус хөрөнгийг түүний төрсөн дүү Г.Мөнхбал нь захиран зарцуулж, зохицуулдаг ажээ.
Тодруулбал, Г.Мөнхбаярын төрсөн дүү Г.Мөнхбал нь “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тулгат-Өргөө” ХХК-тай хамтран эзэмшдэг. Судлаад үзвэл, “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг 2011 оны гуравдугаар сарын 31-нд байгуулжээ. Ингээд ердөө 21-хэн хоногийн дараа буюу 2011 дөрөвдүгээр сарын 21-нд Хотын дарга Г.Мөнхбаяр 348 дугаартай захирамжаар төрсөн дүү Г.Мөнхбалынхаа “Ти энд Эс Эн Эйч” ХХК-д Хан-Уул дүүргийн XVI хороо, Сонсголонгийн гүүрнээс Нисэхийн тойрог явах зам дагуух 145,000м2 буюу 14.5 га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар олгосон байгаа юм. Тэгээд болоогүй, энэхүү 14.5 га газрыг Туул голын эрэгт тавхан алхмын зайд шахаж, онцгой хамгаалалтын бүс дотор хууль зөрчиж олгосон. Өөрөөр бол, албан тушаалаа урвуулан ашиглаж, Усны тухай хууль ноцтой зөрчин байж энэ газрыг төрсөн дүүдээ олгосон гэсэн үг л дээ.
Ингээд Г.Мөнхбаярын төрсөн дүү Г.Мөнхбалын “Ти энд Эс Эн Эйч” ХХК нь 14.5 га газар дээрээ 1800 айлын “Элеганс” нэртэй цогцолбор хороолол барьж эхэлсэн. “Элеганс” цогцолбор хороолол нь дотроо дөрвөн давхар спорт цогцолбортой, 150 хүүхдийн цэцэрлэгтэй, 145 айлын амины хаустай, тус бүр 16 давхар 17 блок орон сууцнаас бүрдэх нүсэр хороолол ажээ. Г.Мөнхбал энэхүү хорооллоо хятадуудаар бариулж байгаа бөгөөд “Хас дөл” ХХК-ийн нэр дээр 120 ажилчин, “Чансаа холдинг” ХХК-ийн нэр дээр 100 ажилчин Хятадаас оруулж ирсэн байна.
Тайлбар: Г.Мөнхбаяр, Г.Мөнхбал нарын Сонсголын гүүрний хажууд барьж буй 17 блок “Элеганс” хороолол ба эзэмшил газар
Дээр дурдсанчлан Г.Мөнхбал нь “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг “Тулгат-Өргөө” ХХК-тай хамтран эзэмшдэг. Харин “Тулгат-Өргөө” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Су Ямин, Гуо Жиашин гэх хоёр иргэн эзэмшдэг. Судлаад үзвэл, БНХАУ-ын иргэн Су Ямин, Гуо Жиашин хоёр нь “Элеганс” хорооллыг барих санхүүжилтийг гаргаж байгаа Г.Мөнхбалын хөрөнгө оруулагчид нь ажээ. Өөрөөр хэлбэл, Г.Мөнхбал 14.5 га газраа гаргана, харин Су Ямин, Гуо Жиашин хоёр хороолол барих мөнгөө гарна. Ингээд “Элеганс” хорооллыг хамтран барьж, худалдсаны дараа ашгаа тэнцүү хувааж авах гэрээтэй ажээ. Өөрөөр бол, 14.5 га газрын эзэн Г.Мөнхбаяр “Элеганс” хороолол баригдаж, зарагдаж дуусмагц нийт ашгийн талыг халааслахаа тэвчээртэй хүлээгээд сууж байхад л хангалттай аж.
Тайлбар: 1800 айлын, 319 тэрбум төгрөгийн “Элеганс” хороолол
Тэгвэл Г.Мөнхбал болон Су Ямин, Гуо Жиашин гурвын “Элеганс” хорооллоос хүртэх ашгийг тооцоолж үзлээ. Тооны машинд ч “багтахааргүй” том тоо гарч ирж байгааг онцлох нь зүйтэй. Тодруулбал, өдгөө “Элеганс” хороолол ид баригдаж буй бөгөөд ээлжийн орон сууцнууд нь өнгөрөгч 2022 онд ашиглалтад орж, борлуулагдаж эхэлсэн. Нэг айлын орон сууц нь дунджаар 71.3м2 талбайтай, нэг м2 нь 2.5 сая төгрөгөөр буюу 177.5 сая төгрөгөөр зарагдаж буй. Нэг айлын орон сууц нь 177.5 сая төгрөгөөр зарагдах нийт 1800 айлын хороолол гэж тооцохоор нийт 319 тэрбум төгрөгөөр зарагдана гэсэн үг. Нэмээд дөрвөн давхар спорт цогцолбор, үйлчилгээний төв, 145 айлын амины хаус, 150 хүүхдийн цэцэрлэг зэрэг нь зарагдана, түрээслэгдэнэ гэж тооцож үзвэл нийт 500 тэрбум буюу хагас их наяд төгрөгөөр борлуулагдах хороолол гэсэн үг юм. Бүх зардлаа хасаад, үлдэх цэвэр ашгаа хөрөнгө оруулагч хятадуудтайгаа тэнцүү хуваана гэж үзвэл Г.Мөнхбалын халаасанд хамгийн багадаа 100 тэрбум төгрөг орж ирэх нь л дээ. Мэдээж, энэ мөнгө Г.Мөнхбалын халааснаас Г.Мөнхбаярын халаас руу дамжих нь ойлгомжтой.
Ингээд харвал, Г.Мөнхбаярын Хотын дарга байхдаа хувьдаа авсан 14.5 га газар нь одоо багадаа л 100 тэрбум төгрөг болж түүний халаасанд орох нь. “Газар олгов” гэсэн ганцхан гарыг үсэг нь 10 гаруйхан жилийн дараа 100 тэрбум төгрөг болно гэсэн үг шүү дээ. Газрын наймаа ямар ашигтайн ганцхан жишээ бол энэ. Товчхондоо, Туркэд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын сэнтийд тухалж байгаа Г.Мөнхбаяр хотын даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийнхөө гарын үсгээр өөртөө 14.5 га газар олгосон, Хятадуудтай хамтарч хагас их наядын хороолол босгосон, хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуун дарагдуулсан гэх мэтээр АТГ-т дуудагдах, цаашлаад торны цаана суух “болзол”-оо хэдийнэ хангачихсан ажээ.
Уг нь Г.Мөнхбаярыг, түүний хамаатан садныг ч төр хангалттай эрхлүүлсэн. Эхэнд дурдсанчлан Г.Мөнхбаяр 33 жил төрд ажиллаж, үүнээс 23 жилд нь дандаа дарга, сайд сэтэр зүүж яваа. Тэгээд болоогүй, Г.Мөнхбаяр Хотын дарга байхдаа төрсөн эгч Г.Сонинцэцэгийгээ нийслэлийн өмчит III байр буюу “Урт цагаан” худалдааны төвийн эзэн болчихсон. Өдгөө “Урт цагаан” худалдааны төвийг алтны мөнгөний дархан, үсчин, гуталчин, Хятад, Солонгос хоолны ресторануудад дамлан түрээслээд сар бүр хэдэн арван сая төгрөгийн сул ашиг халааслаад сууж байдаг. Төрсөн дүү Г.Сонинболор нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр дархлагдчихсан. Бас нэг дүү Г.Чоглоонамжил нь МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр ажилладаг, гэх мөртөө 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж бэл бэнчингээ гайхуулсан. Цаашилбал, хүргэн Ж.Уламбаяр нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын дарга, хүргэн Б.Баярсайхан нь Ховд аймгийн ИТХ-ын дарга асан, төлөөлөгч, үеэл Ц.Ганданповорн нь Ховд хотын захирагч гэх мэтээр Г.Мөнхбаярын төр дэх ургийн мод саглайна.
Эх сурвалж: Ergelt.mn