Улаанбаатарт метро барих төслийг эхлүүлнэ

0

Засгийн газраас оны өмнө Улаанбаатар хотод метро барьж байгуулах тухай тогтоолын төслийг баталж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт олон улсын тендер зарлах замаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, санхүүжилтийг нийслэл өөрөө бие даах шийдвэр чиглэлийг өгсөн.

Энэ хүрээнд Нийслэл метроны төслийг энэ хавар эхлүүлэхээр бэлтгэж ажлыг хангаж байгаа аж. Улаанбаатарт метро барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, гадаад дотоодын мэргэжилтнүүд олон талын хамтарсан судалгаа хийж дууссан бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг удахгүй зарлах аж.

Түүнчлэн, метро барьж байгуулахад шаардлагатай газар чөлөөлөлт болон бусад техникийн нөхцөл байдлыг шийдвэрлэх санхүүжилтийг Нийслэлийн төсөвт тусгахаар тодотголын төслийг өргөн бариад байна. Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлнэ. Үндсэндээ, метроны төслийн нэмэлт санхүүжилт, сургууль цэцэрлэгийн хүрээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг батлах юм байна.

Улаанбаатар хотод барихаар төлөвлөж байгаа метроны төслийн нийт урт 17.7 км байна. Үүнээс газар доор хийгдэх хэсэг нь 6.6 км. Зүүн дөрвөн замаас зүүн тийшээ 4.9, Хорин тавдугаар эмийн сангийн уулзвараас баруун тийшээ 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байгаа аж.

Нийт өртөг 1.3 тэрбум ам.доллар байх бөгөөд гурван жилийн хугацаанд барьж, байгуулан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Олон улсын тендерт оролцогчтой түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээлсэн тохиолдолд тухайн гүйцэтгэгч компани өөрийн зураг төслийн дагуу метроны бүтээн байгуулалтын бүх үе шатыг хэрэгжүүлнэ гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцолж байсан. Энэ тохиолдолд төслийн явцад ТЭЗҮ-д өөрчлөлт орж, зардал нэмэгдэх зэрэг эрсдэл гарах магадлал бага буюу эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байх боломжтой аж.

Одоогоор БНХАУ, ОХУ болон Европын компаниуд Улаанбаатар хотын метроны төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *