Ж.Ганбат: БНХАУ-ын 200 сая юанийн буцалтгүй тусламжийг тэрбум мод тарихад зарцуулна

0

Төрийн ордонд ойн салбарын үндэсний чуулган үргэлжилж байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Ойн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр:

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 2022-2024 онд 59.4 тэрбум төгрөг зарцуулаад байна. Энэ онд ойн хөнөөлт шавж, өвчний голомтод талбайтай тэмцэх үйл ажиллагаа гэх мэт хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажилд төсөв зарцуулна. Тухайлбал:

  • Ойн газарт 1.5 тэрбум
  • Сум дундын ойн ангид 5.1 тэрбум
  • Аймгийн БОАЖГ-т 24.3 тэрбум
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардалд 40.5 тэрбум, нийтдээ 116 тэрбум төгрөгийг ойн салбарт зарцуулахаар төсөв баталсан.

Төсвөөс гадна гадаадын зээл, тусламжаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд БНХАУ-аас 200 сая юанийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр байгаа.  Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагаас 730 сая ам.доллароор 17 аймаг, 52 суманд хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэв.

Мөн тэрбээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн ашиглалт анхаарал татаж буйг дурдаад, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2020 онд 64 тэрбум төвлөрдөг байсан бол 2023 онд 109 тэрбум төгрөг төвлөрчээ. Үүнээс:

  • Газрын төлбөр 15 хувь.
  • Ус, рашааны нөөц ашигласны төлбөр 35 хувь
  • Ан амьтны нөөц ашигласны төлбөр 50 хувь
  • Ойн нөөц ашигласны төлбөр 85 хувь
  • Ургамлын нөөц ашигласны төлбөр 15 хувь.

Энэ төвлөрсөн орлогыг бид байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах хуультай. 2021 онд 31 тэрбумыг буцаан зарцуулж байсан бол 2024 онд 40.5 тэрбум төгрөгийг эргэн зарцуулахаар байна. Энэ дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх орлогыг багаар батлах, зориулалтын бусаар зарцуулах, орлого зарлагын хэмжээг сумдад харилцан адилгүй баталж буйг цаашид залруулах хэрэгтэй байна гэдгийг онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *