Арьс ширний салбарт түүхий эдийн чанар муу, хүний нөөц дутагдалтай байна
МАШҮХ: Таван сая гаруй арьсыг хагас боловсруулж, БНХАУ, Итали, Испани, Турк, БНСУ-д экспортолж байна
Дотоодын арьс ширэн бүтээгдэхүүн импортын бараатай өрсөлдөх чадвар сул байгааг Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо мэдээллээ. Түүхий эдийн чанар муу, хүний нөөц дутагдалтай байгаа нь үүнд голлон нөлөөлж байгаа аж. Тиймээс сайн технологи нэвтрүүлэх шаардлагатайг онцолж байна. Хэдий тийм боловч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлэхийг хүлээж, шинэ технологи авахгүй байгаагаа Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо тодотголоо.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд арьс, шир, ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жилд 10-15 сая ширхэг арьс бэлтгэж, үүнээс хоёр сая орчмыг нь гүн боловсруулж, гутал, хувцас хийж байгаа аж.
Харин таван сая гаруй арьсыг хагас боловсруулж, БНХАУ, Итали, Испани, Турк, БНСУ-д экспортолж байна. Өөрөөр хэлбэл 7-8 сая ширхэг арьсыг л ашиглаж байгааг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо онцоллоо.