“Оюу толгой” ХХК өнгөрсөн онд 192 мянган мод тарьснаас 80 хувь нь ургаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга дор зохион байгуулсан Ойн салбарын үндэсний II чуулган өчигдөр Төрийн ордонд болж өнгөрсөн. Энэ үеэр “Оюу толгой” ХХК-ийн Тогтвортой хөгжлийн төслийн удирдагч Б.Ууганбаяраас тус компани “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлж буй ажлын явцыг тодрууллаа.
-“Оюу толгой” ХХК тус хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалт авсан. Энэ хүрээнд ямар ажлыг хийж хэрэгжүүлээд байна вэ?
–Манай компани 2030 он гэхэд 100 сая мод тарих амлалт авсан. Тэдгээрийн 60 саяыг нь тарьж ургуулахаар, 40 саяыг нь тарьж ургуулсантай тэмцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарт оруулахаар болсон. 2022 онд “Оюу толгой” ХХК 100 сая модоо хэрхэн тарьж ургуулах вэ гэдэг дээр ерөнхий төлөвлөгөө гаргаад, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан. Өнгөрсөн онд бид ойн салбарын хэмжээнд хөрөнгө оруулах, ялангуяа мод үржүүлгийн газруудыг байгуулах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг ажлыг хийлээ. Энэ хүрээнд 2023 онд шинээр мод үржүүлгийн газар хоёрыг байгуулсан. Нэгийг нь Өмнөговь аймгийн Цогц-Овоо суманд, нөгөөг нь Ханбогд суманд байгуулсан. Эхний мод үржүүлгийн газар жилд 500 мянган тарьц суулгац ургуулах, нөгөө нь 250 мянган тарьц суулгац ургуулах хүчин чадалтай.
Цогц-Овоо сумын мод үржүүлгийн газрыг Сум дундын ойн үржүүлгийн ангид хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ханбогдын мод үржүүлгийн газрыг тус сумын ЗДТГ-ынхантай ярилцаад, цаашид үйл ажиллагааг нь авч явах байгууллагыг сонгон шалгаруулах гэж байна. Мөн орхигдсон уул уурхайн нөхөн сэргээлтийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайд хийлээ. Үүний зэрэгцээ Богд уулын түймэрт өртсөн 70 га талбайг ойжуулахаар төлөвлөсөн. Тэдгээр талбайг хашаажуулж, 38 га талбайд 95 мянган ширхэг мод тарьсан. Түүнчлэн “Оюу толгой” ХХК өөрийн эзэмшлийн хашаа, зусландаа мод тарьж ургуулах сонирхолтой ажилчдадаа тарьц суулгацыг үнэгүйгээр олгож байна.
-Тарьц суулгацын нөөц хэрхэн бүрдүүлж байна вэ. Мод үржүүлгийн хэдэн газар байгуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарлаж байх үед жилд тарьж буй тарьц суулгацын хэмжээ хангалтгүй, үрийн нөөцийн бага зэрэг хүндрэлтэй байсан. Тиймээс манай компани гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх үечлэлийг гаргасан. Эхний ээлжинд тарьц суулгацыг хэмжээг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, илүү сайн механикжуулах, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлснээр бодит үр дүн гарна гэж үзсэн. Нийтдээ эхний шатны төлөвлөгөөгөөр, 10 мод үржүүлгийн газар байгуулна. Үүний зэрэгцээ мод үржүүлгийн тоног төхөөрөмжийг Ойн газарт нийлүүлэхээр ажиллаж байна. Тус газар шаардлагатай аж ахуй нэгжүүдэд тэдгээр тоног төхөөрөмжийг олгох юм.
Энэ онд 6 мод үржүүлгийн газрыг байгуулна. Өмнөговь аймгийн Сэврээ суманд 500 мянган тарьц суулгац ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг байгуулахаар тендер зарлах ажил явж байна. Манлай, Баян-Овоо суманд жилд тус бүр 250 мянган ширхэг тарьц суулгац ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг байгуулахаар ажиллаж байна. Хангайн бүсэд гурван мод үржүүлгийн газар байгуулна. Одоогийн нөхцөлд техник, эдийн засгийн үнэлгээ хийх ажил хийгдэж байна.
Танай компани аль аймгуудад мод тарих чигтэй байгаа вэ?
-Сэрүүн бүс нутагт буюу Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай зэрэг аймагт 42 сая мод тарина. Дорноговь, Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймагт цөлжилт болон газрын доройтлыг бууруулах зорилгоор 6.5 сая мод тарихаар төлөвлөж байна. Дээрээс нь голын татмыг ойжуулахаар төлөвлөсөн. Үүнд Завхан, Ховд аймаг болон Туул, Сэлбэ голын орчмыг ойжуулна. Мөн агро ойжуулалт, жимсний ойжуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
-Өнгөрсөн жил хэчнээн мод тарьсан бэ?
-Өнгөрсөн онд 192 мянган мод тарьсан байна. Мөн дүйцүүлэх байдлаар 10.6 сая мод тарьсан. Үүнд мод үржүүлгийн газар байгуулах, хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр хөндөгдөж, орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх гэх мэт дээр дурдсан ойн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг хамруулж ойлгох хэрэгтэй.
-Ургалтын хувьд хэдэн хувьтай байна вэ?
-Одоогийн байдлаар, тарьсан модод маань 80 хувийн ургалттай байна. Мод тарих ажлыг гэрээт байгууллагууд гүйцэтгэж буй. Гэрээнийхээ хүрээнд 80 болон түүнээс дээш хувь ургасан байх ёстой гэсэн шаардлагыг бид тавьж буй. Түүнчлэн урт хугацаандаа ойн нөхөрлөлүүд, жижиг аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэдийг энэхүү ажилд хэрхэн татан оролцуулах вэ гэдэг дээр худалдан авалтын бодлого боловсруулж байна.