Хайгуул хийж буй “Эрдэнэс Баянбогд” төслөөр метрог санхүүжүүлэхээ больжээ

0

Дорноговь аймагт байрлах Эрдэнэс Баянбогд нүүрсний ордыг Нийслэл эзэмшиж, эргэлтэд оруулах асуудал Д.Сумъяабазарын үед яригдсан. Тухайн үед, LRT зэрэг нийтийн тээврийн шинэ төслүүдийг тус ордоор санхүүжүүлнэ гэж хэвлэлд бичиж байв.

Өдгөө “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг метроны төсөлд ашиглах уу, БНХАУ-ын гүйцэтгэгч компанитай оффтейк байдлаар гэрээлэх үү зэрэг асуудал тавигдаж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулахад,

“Эрдэнэс Баянбогд дээр зөвхөн хайгуул хийгдэж байгаа. Нөөц илэрвэл эдийн засгийн эргэлтэд оруулна. Харин метроны санхүүжилтийг өөр замаар шийднэ” гэж хариулсан юм.

Үүгээр бол “Эрдэнэс Баянбогд” төслийг одоогоор метро санхүүжүүлэхэд ашиглах талаар яригдаагүй болж таарч байна.

“Эм Жи Эл Ди” ХХК төсөлд хайгуул хийж байна

“Эрдэнэс Баянбогд” компанийг “Эрдэнэс Монгол” болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” тус тус эзэмшдэг. 2022 оны долдугаар сард анх үүсгэн байгуулагдсан. Харин 2024 оны нэгдүгээр сард буюу саяхан Гүйцэтгэх захирал нь солигдож, Цэрэндоржийн Орхонтамирын нэр бүртгэгджээ.

Тус компани дээр 2022-2023 онд нийт долоон тендер зарлагдсан байгаа юм.

Үүний гурав нь хайгуулын ажил гүйцэтгэх компани шалгаруулах агуулгатай, 2022 онд.

Хоёр удаа зарлаад гүйцэтгэгч шалгаруулаагүй. Харин гурав дахид нь “Эм Жи Эл Ди” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан бөгөөд тендерийн үр дүнг 2022 оны зургадугаар сард нийтэлжээ.

“Эрдэнэс Баянбогд” нь XV-022117 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай. Тус талбайд хайгуул хийх ажлыг үүгээр “Эм Жи Эл Ди” ХХК өдгөө гүйцэтгэж байна.

Тэгвэл 2023 онд,

  • Компьютер, принтер, плоттер
  • Тавилга, эд хогшил
  • Land Cruiser-76 эсвэл түүнтэй дүйцэх автомашин худалдаж авах (энэ тендер хоёр удаа) нийт дөрвөн тендер зарласан байна.
XV-022117 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбай

Метроны II, III шугам ба тойрог замыг ЭББ-оор санхүүжүүлнэ гэж Х.Нямбаатар мэдэгджээ

Тэгэхээр “Эрдэнэс Баянбогд” төслийн тухайд хайгуулын шатандаа яваа юм байна. П.Сайнзоригийнхоор одоохондоо төсөл санхүүжүүлэх хэмжээнд асуудлыг ярих болоогүй.

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэгдүгээр сард НИТХ-ын хуралдааны үеэр “Эрдэнэс Баянбогд” төслийн талаар дурдсан удаатай. Тэрбээр ордыг метронд бус тойрог хурдны зам барихад ашиглана гэж мэдэгдсэн.

Бүр тодруулбал “Гуравдугаар сард эхлүүлэх томоохон хөрөнгө оруулалтын ажил бол Улаанбаатар хотын тойрог хурдны зам. Энэ сарын 15-нд хэлэлцээр эхэлнэ. БНХАУ-ын “Чайна констракшн коммуникейшн” ХХК-ийн охин компанитай хэлэлцээр хийж байна.

Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байгаа Эрдэнэс Баянбогд нүүрсний төсөл бий. Одоогоор 3,000 гаруй тууш метрийн өрөмдлөг хийж байна.

БНХАУ-ын талтай “Энэ ордыг та нар ашигла. Гэхдээ хугацаатай. Гаргаж байгаа бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар ногдол авна. Тэр ногдолд тохируулж ирээдүйд олох ашгаасаа урьдчилж Улаанбаатар хотын тойрог хурдны зам, II, III метроны шугам болон бусад төслүүдийг санхүүжүүл” гэдэг хэлэлцээр хийж байна” гэж ярьжээ.

Энэ үгэнд нь “II, III метроны шугам болон бусад төслүүд…” хэмээн дурдагдаж байна.

Өөрөөр хэлбэл Х.Нямбаатарын мэдэгдэлд “Чайна констракшн” компанитай хэлэлцээр хийж, “Эрдэнэс Баянбогд” төслийг ашиглуулах замаар хурдны зам, метро зэрэг хэд хэдэн төслийг санхүүжүүлэх хэлэлцээр хийж эхэлсэн гэж ойлгогдож байна.

Гэвч нэгдүгээр орлогч П.Сайнзориг шинэчлэгдсэн мэдээллээр дээрхийг үгүйсгэсэн.

ЭББ-ын нүүрсийг заавал баяжуулах шаардлагатай

“Эрдэнэс Баянбогд” төслийг Нийслэлд авах, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Д.Сумъяабазар даргын үед ярьж эхэлсэн талаар дээр дурдсан.

Тэрбээр ЭББ төслийн хувьд “Нүүрсний чийгшилт 18 хувьтай. Хүхрийн агууламж нь 2.7 хувьтай байна. Гэтэл БНХАУ хүхрийн агууламж 1.5-аас дээш нүүрсийг хилээрээ оруулдаггүй. Тэгэхээр нүүрсээ баяжуулахаас өөр аргагүй. Хоёрт, чийгшилт өндөр байна гэдэг калорийн хэмжээ бууна гэсэн үг. Иймд Эрдэнэс Баянбогдын хүрэн нүүрсийг технологийн дэвшил дээр суурилж, эдийн засгийн эргэлтэд оруулаад Улаанбаатар хотод тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдэх боломжтой” гэж дурдаж байсан.

Өөрөөр хэлбэл Эрдэнэс Баянбогдын нүүрсийг заавал баяжуулж байж ашиглана гэдэг байр суурийг тэр үед илэрхийлээд байжээ.


Метроны ТЭЗҮ-ийг өдгөө хийж байна. ТЭЗҮ-ийн дараа гүйцэтгэгч компанийн асуудал яригдана.

Гэхдээ санхүүжилтийг Улаанбаатар хот 100 хувь өөрөө хариуцна гэж Х.Нямбаатар мэдэгдсэн удаатай.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Нийслэл хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор орон нутгийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” заалтыг нэмсэн байдаг.

Энэ заалтаар “Эрдэнэс Баянбогд” төслийг Нийслэлийн төлөө ашиглах хууль эрх зүй бүрдсэн. Үүнийг Д.Сумъяабазарын үед хийж, Түгжрэлийн сайдаар томилогдсон Б.Дэлгэрсайхан нутгийн (Дорноговийн) иргэдтэй уулзалт хийж явсан удаатай.

Нэгэнт “Эрдэнэс Баянбогд” төслийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” эзэмшдэгийн хувьд эргэлтэд оруулсан өгөөжийг Нийслэл хүртэнэ. Үүгээр, санхүүжилтийг шийдэх боломжтой. Түүнээс том хэмжээний уг төслийг Нийслэлийн төсвөөр шийдэх бол бололцоогүй билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *