Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Номтойбаяр нар нэг тойрогт өрсөлдөх ёстой!
МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор, Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуулийн өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар зарчмын санал дэвшүүлжээ.
Тодруулбал тэрээр: “Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэтэй нэг тойрогт өрсөлдөх ёстой гэдэг нь Монголын ард түмний хүлээлт төдийгүй, улстөрийн шударга өрсөлдөөний зарчим байх ёстой! Эртний ирүүл тулалдаан зөвхөн нэр төрийн ч бус бас утга учиргүй зүйл ч огт бус!
Энэ хүлээлт, зарчим зөвхөн энэ хоёрт төдийгүй Л.Гантөмөр,Т.Доржханд болон бүгдэд нэг адил үйлчлэх ёстой!
Ерөнхий Сайдад санаатай бол Ерөнхий Сайдтай халз үз! Аваргыг давж аварга болдог бус уу? Үгүй бол бууж өгч, улстөрийн тэргүүн биш, Оюун-Эрдэнийн сүүл гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг! Үзэх иртэйдээ зай бол!
Монгол бөх муучлан амлах нь эртний ирүүл тулалдааны утга учрыг завхруулан бузарлаж гутаасан хэрэг! Тиймээс л Монголын ард түмэн тунасан бөхөд дурлах, төдийгүй амлаад унасныг даапаалах! Улстөрийн өрсөлдөөн, сонгууль улстөрийн тулалдаан! Байр суурь, санаархал ижилтэй нь ижилтэйгээ халз үзэх нь ирүүл тулаан шиг, эсвэл тунасан бөх шиг эн тэнцүүгийн тэмцээн нэр төрийн хэрэг!
Харин улс орны Ерөнхий Сайд болох санаатай бол улс орны төвд, нийслэлд өрсөлд! Хэнтий төв ч, нийслэл ч биш! Төвд, нийслэлд өрсөлдөх нь ядахдаа сонгуульдаа ч, хөтөлбөртөө ч, өөртөө ч итгэж буйн илрэл! Жагсаалтад нуугдаж, намын гишүүдийнхээ саналд дулдуйлах нь “усалсан” тойрогтоо дулдуйлахаас ч хямдхан хэрэг!
Жич: Энэ Н.Номтойбаяр, эсвэл Л_Оюун-Эрдэнэдээ бус! Зарчмын асуудал! Толгой, сүүл хоёр өрсөлддөггүй. Ерөнхий Сайд болох санаатай бол Ерөнхий Сайдтай өрсөлд! Өрсөлдөхдөө зүйгүй, зөвгүйд дулдуйлж бус харин улс орны төвд, гал голомтод үзэл санаа-мөрийн хөтөлбөр, сонгууль-сонгогчид, мэдлэг, чадвартаа итгэж өрсөлд гэсэн л үг!” гэсэн байна.