81 улсын саналаар Гаагийн шүүгч болж, өчигдөр тангараг өргөсөн Д.Эрдэнэбалсүрэн гэж хэн бэ
Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдсон билээ.
Тэрбээр энэхүү олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол шүүгч болж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлж байв.
Гааг дахь олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд Монголоос сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэн өчигдөр /2024.03.08/ тангараг өргөх ёслолоор есөн жилийн бүрэн эрхээ эхлүүллээ.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь 1967 онд төрсөн. Эрхүү хотын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн магистр зэрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 30 гаруй жил ажилласан туршлагатай аж.
Ташрамд, 1998 онд НҮБ-аас баталсан “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Статут”-ын дагуу байгуулагдсан байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага бөгөөд устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ.
Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрдэх бөгөөд бүх шүүгчийг өөрийн чиг үүргээ байнгын үндсэн дээр биелүүлэх шүүхийн гишүүнээр сонгоно. Оролцогч улсууд шүүгчдийг сонгохдоо дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцооны төлөөлөл, газар зүйн шударга төлөөлөл, шүүхийн бүрэлдэхүүний эрэгтэй ба эмэгтэй шүүгчдийн шударга төлөөлөл хангагдсан байх шаардлагыг анхааралдаа авч хэрэгжүүлнэ.
Олон улсын эрүүгийн шүүх Голланд улсын Гааг хотноо байрладаг.