Арван иргэн архидан согтуурч байх үедээ яндангийнхаа хаалтыг хааснаас амиа алджээ
Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт “айлын гэрт олон хүн угаартаж, нас барсан” гэх харамсалтай хэрэг явдал өнгөрсөн Бямба гарагийн шөнө дунд болжээ. Иргэний дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчдыг очиход 29-55 насны арван иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан байж.
Цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн хэргийн газарт ажиллаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар “галлаж байх үедээ яндангийн хаалтаа бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон” байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Найз нөхдийн холбоотой 29-55 насны арван иргэн хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, галлаж байх үедээ яндангийн хаалтаа хааж унтсан байсан. Одоогийн байдлаар хэргийг шалгаж байна” гэлээ.
Харин СХД-ийн Зургаадугаар хорооны Засаг дарга С.Очир:
-Гэрийн эзэн 50 гаруй насных. Манай хороонд 2007 оноос хойш ганц биеэрээ оршин сууж буй хүн байсан. Угаартаж амиа алдсан арван хүний хоёр нь манай зургаадугаар хорооны иргэн. Бусад нь БЗД, ЧД, СХД-ийн бусад хорооны иргэд байсан. 2019 оны 11 дүгээр сард Онцгой байдал, хорооны албан хаагчид тус айлд угаар мэдрэгч өгсөн. Талийгаач өөрөө гарын үсэг зураад хүлээж авч байсан архивын баримтыг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Тухайн үед угаар мэдрэгчийг айл өрхөд хүлээлгэж өгөх, суурилуулах ажлыг дүүрэг, хороогоос хариуцаж байсан. Түүнээс хойш хяналтын ажилтнууд хариуцдаг болсон гэв.
СХД-ийн Зургаадугаар хорооны хэсгийн ажилтан н.Мөнхтунгалаг
-Иргэний бүртгэл дээр ажил хийдэг гэсэн мэдээлэл байдаггүй. Архины хамааралтай хүн байсан. Миний хувьд ажлаа аваад удаагүй байгаа. Хороо хэсгийн иргэдийн мэдээлэлтэйгээ танилцаад, тухайн айлд очих бүрд өдрийн цагаар эзгүй байдаг байсан гэлээ.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Угаартаж нас барсан арван иргэний ар гэрийнхэнтэй уулзсан. СХД-ийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс ар гэрт нь буцалтгүй тусламж үзүүлсэн. Ар гэрийн зүгээс хэргийн цаад шалтгаан архидалттай холбоотой гэдгийг хэлж байна. Тиймээс архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, архи зардаг газруудын асуудлыг нэг талд нь шийдэж өгөх хүсэлтүүдийг тавьсан. Агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллага хамгийн сүүлд хэрэг гарсан айлд 11 дүгээр сарын 24-нд очиж, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулж өгөх ажлууд хийгдсэн байна.
Өнөөдөр шүүх шинжилгээний байгууллага задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тодорхой болгоно. Одоогийн байдлаар ил харагдах шарх сорви байхгүй. Угаарын хийнээс шалтгаалж нас барсан байх магадлалтай гэх урьдчилсан дүгнэлт гарсан гэлээ.
Дээрх харамсалтай хэргийн учир шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Галлагааны үед яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг сайтар шалгах, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах зэргийг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.