“Оюутолгой” компанийн ТУЗ өнөөдөр ээлжит бусаар хуралдана
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг өнөөдөр 17:00 цагаас зарлажээ. Хурлаар Антре Гоулд (Entrée Gold) компанитай байгуулах хэлцэлд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээт талбай” гэх зүйл бий. Энэхүү гэрээт талбайгаас олборлож худалдсан бүтээгдэхүүнд төлөх нөөц ашигласны төлбөрийг 5% тооцож тогтворжуулсан билээ. Гэрээт талбайд Антре гоулд компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтөй талбайг оруулах эсэхийг өнөөдөр товлосон хурлаар хэлэлцэх юм. Хэрэв өөрчлөлт оруулна гэж тооцвол Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.
“Оюутолгой” ХХК-ийн гол хөрөнгө оруулагч болох Рио Тинто компани “Антре Гоулд” компанийн гаргасан хувьцааны 16.5%-ийг шууд бусаар эзэмшдэг юм.