Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимуудыг шинээр байгуулжээ
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр “Хүүхдийн хөгжлийг дэмжих 6 танхим”-ыг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Үүнд:
1. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын санхүүжилтээр хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл хийх хүрээнд орчин үеийн технологийн шийдэл дэвшил бүхий VR төхөөрөмжөөр дамжуулан Монгол түүх, өв соёлын боловсрол олгох, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах видео контентуудыг нэвтрүүлж, амрагч хүүхдүүд зориулалтын тоног төхөөрөмж, нүдний шилээр дамжуулан үзэх боломжийг бүрдүүлсэн.
2. Дэзэрэт олон улсын байгууллагын санхүүжилтээр сургалт, уулзалтын өрөө, тайвшруулах өрөөг тохижуулан, үүгээр дамжуулан сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа, тоглоом зэрэг цогц үйлчилгээг амрагч хүүхдүүдэд үзүүлэх юм.
3. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр эмчийн үзлэгийн өрөө, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх УВЧ аппарат болон бусад орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өрөөг бий болгож, амрагч хүүхдүүдэд ая тухтай орчинд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна тус байгууллагын дэмжлэгээр багшийн хөгжлийн танхимыг шинээр байгуулж, бүлгийн удирдагч багш нарт өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл авах, ажиллах ая тухтай орчин бүрдүүллээ.
4. “Самъяа” хийдийн санхүүжилтээр Монгол бичгийн анхан шатны мэдлэг, ур чадварыг олгох, түүнчлэн монгол ёс уламжлал, өв соёлоо хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх “Монгол бийрэн бичгийн танхим”-ыг байгууллаа.
Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2024 онд Байгалийн танхим, Амьдрах ухааны танхим, хөгжмийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлээд байна.
Монгол улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 06 сарын 01-ний өдөр цогцолборын үйл ажиллагаатай танилцан, Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас барилга байгууламж, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар бүрэн шинэчлэн сайжруулах шийдвэр гарч, Төв байрны засвар, шинэчлэл /4,5 тэрбум төгрөг/, Дулааны цехийн иж бүрэн шинэчлэл, сайжруулалт /3,8 тэрбум төгрөг/-ийн ажил хийгдээд байна.
Цаашид дээрх шийдвэрийн 2 дахь шатны шинэчлэл, сайжруулалтын ажилд Хөгжил мэдээллийн ордон, Хараацай театрын дээвэр болон фасад иж бүрэн засварын ажил, Сансар хотхон, Сэтгэмж хотхон, Зуны гуанз, Уран бүтээлчдийн ордны дээвэр засвар, Амралтын төв байрны 200 хүүхдийн иж бүрэн тавилгыг Засгийн газрын нөөц сангаас, 2024 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцаас нийт 2,1 тэрбум төгрөгийг Хүүхэд тээврийн автобусны парк шинэчлэл хийхээр тус тус шийдвэрлээд байна.