Х.Нямбаатар: Амиа алдсан арван иргэний ар гэрийнхэн хэргийн шалтгааныг архидалт гэж байгаа
2024 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үүрээр 03:17 цагт СХД-ийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт найз нөхдийн холбоотой 29-55 насны арван иргэн угаартаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд СХД-ийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар:
-Угаартаж нас барсан арван иргэний ар гэрийнхэнтэй уулзсан. СХД-ийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс ар гэрт нь буцалтгүй тусламж үзүүлсэн. Ар гэрийн зүгээс хэргийн цаад шалтгаан архидалттай холбоотой гэдгийг хэлж байна. Тиймээс архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, архи зардаг газруудын асуудлыг нэг талд нь шийдэж өгөх хүсэлтүүдийг тавьсан. Агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллага хамгийн сүүлд хэрэг гарсан айлд 11 дүгээр сарын 24-нд очиж, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулж өгөх ажлууд хийгдсэн байна.
Өнөөдөр шүүх шинжилгээний байгууллага задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тодорхой болгоно. Одоогийн байдлаар ил харагдах шарх сорви байхгүй. Угаарын хийнээс шалтгаалж нас барсан байх магадлалтай гэх урьдчилсан дүгнэлт гарсан гэлээ.