Москвад болсон террорист халдлагын улмаас 137 хүн амиа алдаад байна
Террорист халдлагатай холбоотойгоор ОХУ-д орон даяар гашуудал зарлалаа
Баасан гарагт Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд 137 хүний аминд хүрсэн террорист халдлага болж, ням гарагт ОХУ-д орон даяар гашуудал зарлалаа. Мөн 180 хүн шархтаад байгааг “Риа Новости” агентлаг мэдээлэв. Халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдээд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин халдлагад Украин улсыг шууд буруутгаагүй ч террористуудад хил давах боломж олгосон байх боломжтой гэж мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг Украин улс няцааж, ОХУ Украиныг зориуд гүтгэж байна хэмээн мэдэгдээд байна.
Харин “Исламын улс” бүлэглэлийн зүгээс халдлага үйлдсэн гэдгээ “Telegram” хуудсаар дамжуулан мэдэгдэж, халдлага үйлдсэн дөрвөн этгээдийн зургийг нийтэлжээ. Одоогоор Москвад баривчлагдсан хоёр сэжигтний нэг нь хэргээ хүлээгээд байгаа бөгөөд Тажикстан улсын иргэн болох нь тодорхой болсон байна.
Халдлага Москвад сүүлийн 20 жилд болоогүй томоохон халдлагад тооцогдож байгаа юм. Энэ үйл явдлыг мөн “ОХУ-ын есдүгээр сарын 11” гэж Москва дахь Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн төлөөлөгч нэрлэж байна.
Үүнээс гадна ням гарагт ОХУ Украин руу хийх довтолгоогоо эрчимжүүлж эхэлжээ. Ингэхдээ цахилгаан болон байгалийн хийн байгууламжийг онилж их хэмжээний хохирол учруулсан байна. Тухайлбал: ОХУ Украины баруун хэсэгт пуужин болон дроноор довтолж, газар доорх байгалийн хийн агуулах руу нь цохилт өгчээ. Гэхдээ агуулах газар доор байсан учраас бага сүйдэж, ил байсан төхөөрөмж гэмтсэнийг Украины талаас мэдэгдсэн байна. Баасан гарагт террористууд Москвад халдлага үйлдсэнээс хойш ОХУ Украины цахилгааны сүлжээ рүү довтолж, олоогоор 100 сая гаруй ам.долларын хохирол учруулаад байна. ОХУ-ын энэ удаагийн довтолгоо сүүлийн гурав хоногийн хугацааны хоёр дахь томоохон цохилт боллоо.