Хүйтэн асфальтбетон хучилтыг жилийн дөрвөн улиралд хийх боломжтой
Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын салбарт чанартай зам-чансаатай засвар арчлалт зорилт дэвшүүлэн, замын засвар арчлалт, чанарт онцгой анхаарал хандуулж байгаа. Өнөөдөр /2024.03.26/ Эрдэнэсант АЗЗА ТӨХК нь Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор засварлалаа.
Хүйтэн асфальтбетон хучилтын давуу тал нь жилийн дөрвөн улиралд буюу цас, бороо, чийг өндөртэй ямар ч нөхцөлд дэвсэх боломжтой. Манай орны эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд илүү тэсвэртэй технологи юм.
Халуун асфальттай харьцуулахад индүүний явалтын тоо цөөн, нягтруулсны дараа буюу богино хугацаанд засварыг хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой байдаг тул цаг хугацаа хэмнэсэн шийдэл юм. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, нүхэн эвдрэлийг даамжрахаас өмнө илэрсэн даруйд засварлах боломжтой.
Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг засварлах явцад халуун асфальтбетон хольцыг хол зайд тээвэрлэх нь хүндрэлтэй байдаг.
Мөн асфальтбетон заводыг халаах, материал бэлтгэх, үйл ажиллагааг жигдрүүлэхэд хугацаа шаардагддаг бол хүйтэн асфалтбетон хольц ашиглан замын засвар арчлалтын ажлыг богино хугацаа алдалгүй чанартай гүйцэтгэх боломжтой юм.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ