ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзан, хоёр орны хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцож, харилцан яриа өрнүүллээ.
Монгол, Герман хоёр орон хууль, эрх зүйн салбарт олон жилийн турш найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг Б.Энхбаяр сайд дурдаад манай орны хувьд иргэний болон бизнесийн эрх зүйн чиглэлээр, эрүү ба захиргааны эрх зүйг сайжруулах хууль тогтоомжийг боловсруулахад Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Ханнс-Зайдел”-ийн сан үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэн талархал илэрхийллээ.
Мөн энэ үеэр хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагааны цахимжилтад Герман Улсын холбогдох байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг дурдав.
Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, авлигыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийн талаар Германы Бундестагийн гишүүдэд танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийн төлөөлөл найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Засгийн газрын авлигын эсрэг хэрэгжүүлж буй ажлууд, УИХ-д боловсруулж буй зарим онцлох хуулийн төсөл, шүүхийн шинэчлэл хэрхэн явагдаж буй талаар, байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг бууруулах чиглэлд Засгийн газраас хэр анхаарч байгаа талаар тодруулсан юм.
Энэхүү уулзалтад Монголын талаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дээд шүүх, УЕПГ, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөл оролцсон бол Германы талаас Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайд Хэльмүт Кулитц, ХБНГУ-ын Волфганг Штефингэр тэргүүтэй Бундестагийн гишүүд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) , “Ханнс Зайдел”-ийн сангийн төлөөлөгчид оролцож, халуун дотно яриа өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.