Б.ЧИНЗОРИГ: АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД СТАНДАРТЫН ДАГУУ ЦЭВЭРШҮҮЛЭЭГҮЙ БОХИР УСЫГ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД НИЙЛҮҮЛБЭЛ 2 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ
Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чинзоригоос тодрууллаа. Дүүргийн прокурорын газраас энэ төрлийн зөрчлийн гаралтыг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Танай дүүргийн нутаг дэвсгэрийн онцлогтой холбоотойгоор Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа вэ?
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр Туул гол урсан өнгөрдөгтэй холбоотойгоор Усны тухай хууль тогтоомж зөрчих зөрчлийн хэрэг цөөнгүй гардаг. Учир нь тус дүүргийн нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан Төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгддэг. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт 60 гаруй арьс ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа, Туул голын ойр орчимд барилга, орон сууц их хэмжээгээр баригдаж байгаа зэрэг хүчин зүйлүүд нь усны бохирдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна гэж үздэг.
Иймд Усны тухай хууль тогтоомж зөрчих зөрчлийг илрүүлэхэд мэргэжлийн байгууллагуудын хяналт, шалгалт маш чухал үүрэгтэй. Манай байгууллагын зүгээс сүүлийн 3 жилийн хугацаанд энэ төрлийн зөрчлийг илрүүлэхэд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалт хийх, илэрсэн зөрчлийг тухай бүрд нь арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.
Усны тухай хууль тогтоомж зөрчих зөрчлийг илрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад прокурорын байгууллагаас шалгалтын ажлыг сүүлийн 3 жилд хийж байгаа гэлээ. Энэ шалгалтаар ихэвчлэн ямар зөрчлүүд илэрдэг вэ?
Тус дүүргийн прокурорын газраас шалгалтыг дангаараа болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийдэг. 2021 онд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулсан шалгалтаар “Барилгын сууриас гарсан хөрсний уcыг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр Туул гол руу цутгасан” нэг зөрчил, 2022 онд хийсэн шалгалтаар дээрх төрлийн 2 зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, буруутай аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар зохих шийтгэлийг оногдуулсан. Мөн 2023 онд Ус, сувгийн удирдах газартай хамтран арьс, шир, ноос ноолуурын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бохирдол ихтэй, химийн найрлагатай хаягдал, бохир усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж буй 6 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгасан.
Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж буй бохир усны агууламжаас нь дээж авч Ус, сувгийн удирдах газрын харьяа усны төв лабораториор шинжлүүлэхэд, 3 аж ахуй нэгжийн бохир ус нь МNS ISO 10523:2001, МNS ISO 11923:2001, МNS 5597:2006 стандартад зааснаас хэд дахин их байгаа болох нь тогтоогдсон.
Шалгалтын хүрээнд дээрх аж, ахуй нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хоёр сая төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. Мөн зөрчлийг арилгаж, дахин гаргахгүй байхад чиглэсэн ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг нь тооцсон.
Стандартаас давсан бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлсэн тохиолдолд зуун хувь цэвэрлэх боломжгүй, ихдээ 80-90 хувийг цэвэршүүлдэг учраас байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай байдаг.
Энэ төрлийн зөрчлийн хэрэгт оногдуулах хуулийн хариуцлага ямар байдаг вэ?
Аж ахуйн нэгж байгууллагууд гаргасан бохир усаа стандартын дагуу цэвэршүүлээгүй, эсхүл дутуу цэвэршүүлж Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шалгаж, шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг 200.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2 сая төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.
Усны тухай хууль тогтоомж зөрчих зөрчил гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл юу байна вэ?
Аж ахуй нэгж байгууллагууд тус тусдаа жижиг цэвэршүүлэх байгууламжтай боловч технологийн горимоо баримталж ажилладаггүй. Үүнээс шалтгаалж стандартад заасан хэмжээнд хүртэл цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж, усны хууль тогтоомжийг зөрчиж байна. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалтын ажлыг тогтмол хийх, зуны улиралд зөрчлийг илрүүлэхэд иргэдийн оролцоог идэвхжүүлэх зэрэг үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлсэнээр энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Дүүргийн прокурорын газраас ч энэ хүрээнд тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.
Туул голыг дагасан өөр ямар төрлийн зөрчлийн хэргүүд гардаг вэ?
Дулааны улиралд Туул голын эрэг орчмоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга олборлож, барилгын үйл ажиллагаанд ашиглах, голын усанд тээврийн хэрэгсэл угаах зэрэг зөрчил цөөнгүй гардаг.
Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга зэргийн хайгуул хийсэн, олборлосон, борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 200.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2 сая төгрөгөөр торгоно” гэж, мөн хуулийн 7.15 дугаар зүйлийн 8-д “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан. Тиймээс иргэн байгаль орчноо хайрлан хамгаалж, түүнд сөрөг нөлөө үзүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл бүрийг төрийн эрх бүхий байгууллага, тэр дундаа цагдаа, прокурорын байгууллагад мэдээлж таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулж байхыг уриалмаар байна.