“Сахал” Д.Эрдэнэбилэгээс болж “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг ШҮҮХ дээр очиж ГАЦЖЭЭ
Яллагдагч “Сахал” Д.Эрдэнэбилэг нарыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Ингэхдээ прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ШҮҮХЭД өнгөрсөн онд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл өчигдөр энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн 7 жилийн туршид “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан этгээдүүдэд хэрэг үүсгэсэн. Нийт 31 хүний оролцоотой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гол хариуцагч “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн гадагшаагаа гараад явчихсан. Үүнээс болж шүүх дээр хэрэг зогссон, гацсан гэдэг тайлбарыг бидэнд өгч байгаа.” гэх тайлбарыг өгсөн байна.